Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2014.02.07

Турк улс Улаанбаатар хотод соёлын төв барих хүсэлт гаргалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа.

Энэ жил Монгол Турк хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойг тохиолдуулан Улаанбаатар хотод хийгдэх ажил болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм.

 Уулзалтын эхэнд ноён Мурат Карагөз нийслэлийн Засаг даргад хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд “Турк улс нь Монгол Улстай ялангуяа хүн амын дийлэнх нь амьдардаг Улаанбаатар хоттой соёл, боловсролын салбарт хамтран ажиллаж,  Улаанбаатар хотын Налайх дүүрэгт соёлын төв барих хүсэлтэй байна” гэлээ.

Мөн барилга, тээврийн салбарын бүтээн байгуулалтад томоохон компаниудаа оролцуулах, ялангуяа нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн салбартаа шинэчлэл хийх бодлого баримталж байгаа тул энэ салбарт олон жилийн туршлагатай томоохон компаниудаа оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга “Бүгд найрамдах Турк улс болон тус улсын Анкара хоттой Улаанбаатар хот олон жилийн хамтын ажиллагаатай. Тиймээс Налайх дүүрэгт соёлын төв барих асуудлыг бүрэн дэмжиж байгаа. Цаашид бусад салбарт ч та бүхний туршлагаас судлан хамтран ажиллахад таатай байх болно” гэдгийн онцлон хэллээ.