Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Шинийн гурван буюу хоёрдугаар сарын хоёрны өдөр МАН-ын гишүүд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Д.Сүхбаатар нь 28 настайдаа буюу 1921 онд Ардын хувьсгалыг эхлүүлж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан төдийгүй МАН-ыг үүсгэн байгуулагчдын нэг юм. Тиймээс жил бүрийн энэ өдөр МАН-ын гишүүд болон Д.Сүхбаатарын ар гэр, төрөл төрөгсөд жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөдөг уламжлалтай.
Түүнчлэн энэ өдөр ардын хувьсгалын ач холбогдол, Монгол орны тусгаар тогтнол, Сүхбаатарын амьдрал, үйл хэргийн талаархи түүхэн баримт, материалуудыг олон түмэнд сурталчилах ажил өрнөдөг. Энэ жил Сүхбаатарын мэндэлсний 121 жилийн ойг угтаж Монгол Ардын Нам жанжин Сүхбаатарын нэрэмжит байгууллагуудтай хамтран “Сүхийн аялал” нэртэй аяныг зохион байгуулсан.
Тухайлбал, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар Ерөнхий боловсролын хоёрдугаар дунд сургуулийн сурагчидтай хамт Сүхбаатарын нэрэмжит дотоодын цэргийн 05 дугаар анги дээр очиж, цэргийн анги танхимтай танилцан, хүүхэд залууст ардын хувьсгал, Сүхбаатарын үйл хэргийг сурталчилж нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм.
Түүнчлэн хүүхэд залуусыг Сүхбаатарын нэрэмжит газруудаар аялуулж, тэдний дунд ардын хувьсгал, түүхэн үйл явдлыг харуулсан олон сонирхолтой уралдаан тэмцээн зохион байгуулсан нь ирээдүй хойч үеийнхэн үүх түүхээ мэдэх, эх оронч үзэлд төлөвшихөд чухал нөлөө үзүүлэхүйц ач холбогдолтой арга хэмжээ болсныг эцэг эхчүүд үнэлж байсан.