МҮЭ холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.01.28

Монголын баялгийг цөлмөж байгаа алтны салбарын татварыг бууруулсан нь шударга бус

Монголын баялгийг цөлмөж байгаа алтны салбарынханд татвар бууруулсан нь шударга бус гэж МҮЭХ онцолж байна.

МҮЭ холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Томоохон байр суурь эзэлдэг татварыг бууруулна гэдэг улсын төсвийн орлого  тасалдах, цаашдаа алтны олборлолт явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудад бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагаас илүү нөхцөлийг бий болгож байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Архи тамхи үйлдвэрлэгчдэд ноогдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг засгийн газрын их хуралд тун удахгүй өргөн барина. Гэхдээ МҮЭХ хууль санаачлах эрхгүй учир асуудлыг шийдэх гарц хайж байна. Нийгэмд учруулж байгаа нөлөө асар их байгаа учраас татвар нэмэгдүүлэх нь тухайн аж ахуй нэгжүүдэд дарамт болохгүй гэдгийг хэлж байна.

Х.Амгаланбаатар “Ийм үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагаас авах татварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ нь татварын дарамт үзүүлнэ гэхээсээ илүү байгальд болон нийгэмд үзүүлж байгаа сөрөг үр дагаврыг арилгаж байгаа хэлбэр. Архи тамхи гэдэг бол хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн энэ чиглэлийн үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудад хариуцлагыг нь өндөржүүлэх зорилгоор татварыг бий болгож байгаа юм” хэмээн хэллээ.

Ирэх саруудад алтны татвар буурсантай холбоотой олон асуудал үүсэх магадлалтай гэнэ. Тухайн үед архи тамхи үйлдвэрлэгчдэд ноогдуулдаг татварын хэмжээг нэмэгдүүлэх талаар тодорхой тооцоо судалгаан дээр үндэслэсэн санал хүргүүлэхээ МҮЭ-ийн зүгээс мэдэгдлээ.