Америкийг үзэн ядах үзэл буюу антиамериканизм
Афганистан дахь АНУ-ын цэргүүд коран судрыг шатаасны хариуд Пакистаны лалын шашинтнууд эсэргүүцлээ илэрхийлж АНУ-ын далбааг шатаажээ.
2014.01.24

Америкийг үзэн ядах үзэл буюу антиамериканизм

АНУ-ын төрийн бодлого, соёл, хүн амын тухай сөрөг хандлагыг ингэж нэрлэдэг. Анх удаа уг нэр томъёо 1948 онд францад бий болжээ.

Антиамериканизм дэлхийн олон улс оронд байдаг. Ялангуяа ОХУ, Латин Америк болон Арабын орнуудад АНУ-ын төрийн бодлогын эсрэг уур амьсгал газар авсан.

АНУ-ын тагнуулын үндэсний зөвлөлийн дарга Томас Фингерын “Дэлхийн чиг хандлага 2025” илтгэлээс харахад энэ үзэл дэлхийн өнцөг булан бүрт тархаж, олон улсын харилцааны хүрээнд АНУ-ын  ямар ч санаачлага бүтэхгүй нөхцөл бүрджээ.

ОХУ-ын антиамериканизм

1990-иэд онд Орос улс өөрийн гэсэн үзэл суртлын тулгуур олох гэж нэлээдгүй эрэл хайгуул хийсэн. Нэг хэсэг нь барууны маягаар хөгжих хэрэгтэй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь нийгмийн оюун санаа үнэн алдартны шашны үнэт зүйлд тулгуурлах ёстой хэмээж байлаа.

Орос, Америкийн харилцаа энгийн байсан үед ч орос иргэдийн 55-70 хувь нь америкийн төрийн бодлогыг эсэргүүцдэгээ илэрхийлдэг.

Харин Путины эрин үе эхэлснээр эрэл хайгуул төгссөн гэж хэлж болно. Түүнийг ерөнхийлөгч болсноос хойш арт түмний дунд Америкийн эсрэг уур амьсгал улам хүчтэй болж эдүгээ АНУ-ыг үзэн ядах хүн захаас аваад олдоно. Оросын антиамериканизм хэд хэдэн шалтгаантай.

  • ЗХУ-ын задралд АНУ, тодруулбал Зөвлөлтийн улс төрийн товчоонд шургалсан Холбооны мөрдөх товчооны тагнуулууд буруутай.
  • ОХУ-д үйлдвэрлэл хөгжихгүй байгаа нь АНУ төрөл бүрийн аргаар Оросыг “барууны үйлдвэрүүдийн түүхий эдийн орон” болгохыг оролддогтой холбоотой. Хүчирхэг Орос аюултай учраас тэр.
  • АНУ улс Оросын шилдэг мэргэжилтнүүдийг өндөр үнээр авч ажиллуулдаг учраас шинжлэх ухаан хөгждөггүй, боловсролын түвшин дээшилдэггүй.
  • Оросын хүн ам буурсанд америкчууд буруутай. Тэдний бодож олсон шоу-бизнес, секс билэг тэмдэг охид, хүүхнүүдэд сөргөөр нөлөөлснөөс болж эмэгтэйчүүд хүүхэд гаргах сонирхолгүй болсон. Түүнчлэн аллага, хүчирхийллийг сурталчилсан холливудын кинонууд гэмт хэрэг, хар тамхи, ижил хүйстнүүд нийгэмд газар авахад хүргэсэн.
  • Хүний амьдралын үнэт зүйл, хуулийн өмнөх эрх тэгш байдал, олон улсын эрх зүй, шударга сонгууль, цөөнхөө хүндлэх зэрэг ойлголтыг америкчууд бусдын тархийг угаахын тулд зохиомлоор бодож олсон.
Латинамерикийн орнуудын антиамериканизм

Латин Америкийн орнуудын дотоод хэрэгт АНУ аль 19 дүгээр зуунаас цэрэг, улс төр, санхүүгийн аргаар оролцох болжээ. Америкийн эсрэг үзлийг баримтлагч улс төрчдийн хамгийн тод төлөөлөл бол Венесуэлийн ерөнхийлөгч агсан Уго Чавес. Тэрээр төрийн тэргүүн байсан бүх л хугацаандаа америкийн эсрэг бодлого явуулжээ.

Нэгэн хачирхалтай баримтыг дурдах хэрэгтэй. Парагвай, Бразили, Венесуэл, Аргентин зэрэг АНУ-ын төрийн гадаад бодлогыг эсэргүүцэгч орнуудын ерөнхийлөгчид бүгдээрээ хорт хавдраар нас барсан нь сэжигтэй гэж үзэх хүмүүс олон. Тохиолдлын гэж хэлэхэд хэцүү.

Латин Америкт хоорондоо уулзалдсан хүмүүс америкийн эсрэг сэдвээр яриагаа эхэлдэг. Антиамериканизм тэндхийн ард түмний хамгийн дуртай спорт болох хөл бөмбөгийн сэдвээс ч илүү өргөн хүрээтэй.

Арабын орнуудын антиамериканизм

АНУ Арабын орнуудын дотоод хэрэгт оролцохдоо дарангуй дэглэмийг халж, ардчиллын үнэт зүйлсийг тогтооно гэж ярьдаг ч үнэндээ өөрт саад болж буй дайснуудаа зайлуулах зорилго тавьдаг гэж өрнө, дорнын олон судлаачид үздэг. Саддам Хуссейн, Хосни Мубарак, Муаммар Каддафи нарын хувь заяа тун ч адилхан байдлаар төгссөн нь дээрх хандлагыг зарим талаар баталдаг.Түүнчлэн Америк, НАТО-гийн цэргийн хүчин байрлаж байсан Ирак, Афганистан, Ливийн нийгэм, эдийн засгийн байдал өмнөхөө дордсон. Харин өнөөдөр Америкчууд Сирийн Башар Ассадын дэглэмийг унагахыг хичээж байгаа нь нууц биш. Сүүлийн 10 гаруй жилд АНУ-ын оролцоотойгоор Арабын орнуудад өрнөсөн үйл явдлуудаас харвал Америкийн ардчилал орон болгонд тохирохгүй гэдэг нь тодорхой боллоо.

Лалын шашинтнуудын АНУ-ыг үзэн ядах уур амьсгал элч Мухаммедын талаар хийсэн кино, шог зургаас болж улам дэвэрсэн байна. Арабын орнуудад АНУ-ын эсрэг жагсаал цуглаан энд тэндгүй өрнөж, зарим оронд Америкийн элчинг хөнөөсөн тохиолдлууд ч гарсан билээ.

Түүнчлэн 2008 оны 12 дугаар сард Багдадад болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ираны нэгэн сэтгүүлч Жорж Буш руу гутлаа шидэж үндэсний баатар болж байсан түүхтэй.