Цөмийн хаягдал тээвэрлэлтийг хориглон зогсоох төхөөрөмж тавина гэв
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд болох Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, салбарын бодлогын хэрэгжилт, цаашдын уялдаа холбоог хэрхэн хангах талаар товч мэдээлэл хийсэн юм.
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Гадаад харилцааны салбарт стратегийн гурван зорилтын хүрээнд нийт 14 арга хэмжээ төлөвлөгдсөнөөс төлөвлөгөөний биелэлт 2014 оны эхний сарын байдлаар амжилттай яваа гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан гишүүдэд өглөө.
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд Цөмийн энергийн салбарын хувьд хоёр үндсэн чиглэл барьж ажиллаж байгаа аж. Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн ажил амжилттай яваа гэсэн мэдээллийг тус газрын дарга Н.Тэгшбаяр өглөө. Нийт хил, гаалийн 15 боомтод цөмийн хаягдал, хууль бус бараа тээвэрлэлтийг хориглон зогсоох зориулалттай тоног төхөөрөмжийг тавьж ажиллаж байгаа гэлээ.
Тэрбээр, “Цөмийн технологийг энхийн зорилгоор нэвтрүүлэх, цацраг идэвхит ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр ажиллаж байна. Атомын цахилгаан станц барих асуудлыг хойшлуулаад, үргэлжлүүлэн судалж байгаа” гэж танилцуулсан юм.