УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2014.01.08

Я.Санжмятав: Энэ жил төсвийн хөрөнгөөр 7000 мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ

Төсвийн хөрөнгөөр эрэлттэй байсан салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийг хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж эхлээд байна. Төгсөгчид ажлын байраар шууд хангагдах учир иргэдийг идэвхитэй байх хэрэгтэйг хөдөлмөрийн яамнаас санууллаа.

Өнгөрсөн онд зам барилгын салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийсэн. Үүнтэй холбоотой дээрх салбарт ажлын байр нэмэгдэж ажиллах хүч ихээхэн дутагдаж байв. Энэ оны төсөвт үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт 7000 орчим хүнийг бэлтгэж сургалтад хамруулахаар болжээ.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав: 

Төр үнэ төлбөргүй сургаж өгөөд тодорхой хэмжээгээр дадлага хийх, сурч байх хугацаанд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр таван сарын хугацаанд тэтгэмж өгөөд ажлаа зохион байгуулна.  Өнгөрсөн жил 6400 ажилтан бэлдсэн. Энэ жил анх удаа засгийн газар төсвийн хөрөнгөөр 7000 мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд ажлаа зарлаад эхэлчихсэн компаниудаас захиалга авч байгаа.

Хэдэн хоног ажиллаад л эхний цалингаа аваад явчихдаг тогтолцоо байна. Гэтэл хүн хөдөлмөрлөж байж сурах ёстой. 1-1.5 сая төгрөгөөр хүнд даацын жолоочоор ажиллуулах гэхэд ирж байгаа хүн алга, ирж байгаа залуусын чадвар нь гологдоод байна. Тиймээс монголчууд сахилга баттай байх их чухал гэдгийг хэлмээр байна.

Зам, барилгын салбарт өдөрт 20-30 мянган төгрөгийн цалин өгөх ажилд хүн олдохгүй байгааг ажил олгогчид хэлдэг. Өнгөрсөн хэдэн жил халамжийг хавтгайруулснаас ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулах иргэдийн тоо буурсан гэдгийг хөдөлмөрийн сайд онцоллоо.  Хөдөлмөрийн төв биржийн өгч байгаа мэдээллээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн дийлэнх нь дээд боловсролтой байдаг гэнэ. Хөдөлмөрийн зах зээлд дээд боловсролтой гэхээсээ илүү нарийн мэргэжилтэй ажилтан хэрэгтэй байгаа учир дунд сургууль төгсөгчдийг мэргэжил сонгохдоо анхаарах хэрэгтэй байгааг сануулж байна.