Хөдөлмөрийн яам, түүний харьяа байгууллагуудад ажиллав
2014.01.08

Хөдөлмөрийн яам, түүний харьяа байгууллагуудад ажиллав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт болон УИХ-ын гишүүн Д.Арвин, З.Баянсэлэнгэ нар Хөдөлмөрийн яам болон түүний харьяа байгууллагуудад очиж ажиллаа.

Тус байнгын хорооны дарга шинээр сонгогдсонтой холбогдуулан Хөдөлмөрийн яамнаас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцаж, ажилгүйдлийг багасгах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчинг сайжруулах, цаашид хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон холбогдох хүмүүс Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Мэргэжлийн боловсрол  сургалтын тухай, Хоршооны тухай хуулиуд болон Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг шинэчлэн найруулахаар ажиллаж байгаа тухай танилцуулаад, өнгөрсөн онд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын чиглэлээр нийтдээ 49331 ажлын байр шинээр бий болсон талаар мэдээлэл өглөө.

Тэрээр дараа нь Монгол-Солонгосын хамтарсан Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцав.

Мөн гадаад ажиллах хүч буурсан, гадагшаа явж ажиллах хүмүүсийн тоо багассан, Оюутолгой компанитай хамтран хэрэгжүүлсэн “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гээд шинэчлэлийн засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлаа байнгын хорооны дарга болон УИХ-ын  гишүүдэд дуулгалаа.

НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт энэ үеэр шинэчлэн найруулж байгаа хуулиа маш сайн боловсруулж, урьд өмнө нь тусгагдаж чадаагүй чухал зүйл заалтыг оруулах тал дээр анхаарал хандуулахыг хэлээд, залууст нарийн мэргэжил сонгоход нөлөөлөхүйц сурталчилгаа, кино зэргийг бүтээж байж  тэдэнд ажлын амт гэдгийн тухай ойлголт өгөх болно гэдэг саналыг хэллээ.

Тэрээр дараа нь Монгол-Солонгосын хамтарсан Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцав. Тус коллеж нь 1600 гаруй оюутан сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж, нарийн мэргэжлийн бүхий л чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна. Түүнчлэн коллежийн сурагчдын 60 гаруй хувь нь сургууль төгсөхийнхөө өмнө ажлын байраар хангагддаг гэсэн таатай мэдээг захирал П.Уламбаяр энэ үеэр өгч байсан. Мөн тэрээр 176 аж ахуйн нэгж, компаниудтай хамтран ажиллаж төгсөгчидөө ажлын байраар хангахад тусалдаг тухай дуулгалаа.

Байнгын хорооны дарга төгсгөлд нь Хөдөлмөрийн төв биржийн үйл ажиллагаатай танилцаж тэдэнд тулгамдаж байгаа асуудал болон дэвшилттэй зүйлүүдийн талаар санал бодлоо солилцов.