Баялагаа харамлах өвчин туссан монголчууд алдаагаа ухаарч байна
Төрийн гурван өндөрлөгийн энэ жилийн гадаадад хийсэн айлчлал идэвхжсэн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь Монголын эдийн засгийн боломж хумигдсан учраас төрийн дээд албан тушаалтнуудаар гадаадаас хөрөнгө татах оролдлогын илрэл юм гэсэн хандлага хүмүүсийн дунд байна.
1990-иэд оны дунд үед манай эдийн засгийн нөхцөл хүнд байсан тул төрийн өндөрлөгүүдийн айлчлал Монгол руу хөрөнгө татах зорилготой байв. 2000-оод онд Монголын ашигт малтмалын хэрэгцээ дэлхийн зах зээл дээр өсч гадаадын хөрөнгө оруулалт манайх руу урсаж эхэлсэн билээ.
Харин сүүлийн хоёр, гурван жилд уулзалт, хэлэлцээрүүд гадаадын хөрөнгө оруулагчдад дахин таатай нөхцөл бий болгоход чиглэдэг боллоо.
Судлаач Д.Мягмарсүрэн:
Сүүлийн үед хөрөнгө оруулалтын орчин муудсантай холбоотой одоогийн айлчлалууд “бид хөрөнгө оруулалтын орчноо сайжруулъя, та нар эргээд ирээч ээ” гэсэн өнгө аястай болж байна. Яг л 1990-иэд оны дунд үе шиг.
Ажиглагчдын үзэж байгаагаар сүүлийн 2-3 жилд Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын давтамжид өөрчлөлт гарчээ. Харин Ерөнхий Сайд идэвхтэй айлчилж байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Бид гадаад руу явахаа больчихсон байсныг мартаж болохгүй. Монголд бизнесменүүд дуртай ирдэг болчихсон байлаа. Харин одоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь дэлхийгээр тэнэж хөрөнгө оруулаач гэж гуйдаг байсан хуучин байдал руугаа эргээд орчихлоо. Тэгээд итгэлийг нь алдсан хүмүүсийнхээ өмнө амаа таглуулж байна.
Нэг хэсэг баялагаа харамлах өвчтэй болоод байсан монголчууд өнөөдөр хөрөнгө оруулалтын жинхэнэ тогтвортой орчныг бий болгох хэрэгтэйг ойлгож байна гэж олон хүн дүгнэж байна.