Багахангайд тээврийн ложистик байгуулна
Багахангай дүүрэг нь Улаанбаатар хотоос 90 гаруйхан км зайд орших ч хөгжлөөр бол хөдөөгийн сумдаас дорд тооцогдож байна. Үйлдвэрийн газар байхгүй тул иргэдийн дийлэнх хэсэг ажилгүй. Ажлын байр байхгүйгээс тэр үү, архидалт хавтгайрсан. Хятадын хөрөнгө оруулалттай төмрийн үйлдвэр хэд хэд ажилладаг ч, ажил хайж очсон монголчуудыг 2-3 өдөр үйлдвэртээ зүтгүүлээд цалин хөлс ч өгөлгүй хөөдөг. Аз түшдэг ч юм уу хааяадаа хуруу дарам нутгийн иргэд үйлдвэрт түр хугацаагаар ажиллалаа гэхэд хамгийн бага цалинг авна. Хятад иргэд харин монголчуудаас хоёр дахин их цалин авна. Хийдэг ажил нь яг адилхан. Хөдөлмөрийн энэхүү шударга бус үнэлгээг багахангайчууд эсэргүүцэж дүүргийнхээ Засаг даргад асуудлыг тавьж ирсэн ч нааштай шийдвэрийг гаргуулж чадалгүй өнөөдрийг хүргэжээ.
Мөн Багахангайн иргэдийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээ авахад бэрхшээлтэй хэвээр байна. Ердөө 15 ортой ганц эмнэлэгтэй, түүндээ ахмад настнууд л багталцаж ядан хэвтэж эмчлүүлдэг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд Улаанбаатар хот руу явж бүх төрлийн шинжилгээгээ өгч, эмчийн хяналтад орохоос өөр аргагүй. Төрөн төртлөө 90 гаруй км зам туулж хотын эмчид очиж үзүүлнэ. Энэ бол ердөө төрөх эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээл. Цааш яривал шүдний эмчээс эхлээд бусад нарийн мэргэжлийн эмч нарт оршин суугчид үзүүлэх шаардлага тулгархад Улаанбаатар руу л явахаас аргагүй. Тиймээс багахангайчуудын нэр дэвшигчдэд хандан нэн тэргүүнд тавьж буй хүсэлт нь орчин үеийн шаардлага хангасан эмнэлэгтэй болох. Хоёрдугаарт, ажлын байр бий болгох үйлдвэрийг дүүрэгтээ байгуулахыг УИХ-ын гишүүн Л.Болд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл нарыг тус тойрогт ажиллах үед хүслээ.
Нэр дэвшигчдийн хувьд Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Багахангайд тээврийн ложистик байгуулах заалт тусгаад буйг онцоллоо. Тус газарт төмөр зам бий, тиймээс тээврийн ложистик байгуулах нь хамгийн зохимжтой аж. Тээврийн ложистик байгуулагдсан цагт багахангайчууд ажлын байраар хангагдана. Энэ нь Улаанбаатар хот руу очих ачаа тээвэрлэлтийг хүнд даацын авто машинаар бус, тус тээврийн ложистик төвд төвлөрөх жижиг даацын машинаар тээвэрлэнэ гэсэн үг юм. Цаад агуулгаараа улаанбаатар хот руу хүнд даацын авто машин явж авто зам эвдэн жилийн жилд зам засварт төрөөс хэдэн зуун тэрбум төгрөг цацан үрэлгэн загнадаг харалган байдал залруулагдана. Нөгөө талдаа нийслэлийн замд зарцуулж байгаа тэрхүү их хөрөнгийг Багахангай дүүрэг хийгээд бусад газруудад үйлдвэр, үйлчилгээний газрыг шинээр байгуулж ашиглалтад оруулж, ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох бололцоотой болох аж.
Харин Монгол ажилчид хятад ажилчдаас доогуур цалин хөлс авч байгаа тухайд Ардчилсан нам Засгийн эрхийг авсан цагт энэ бүхэнтэй тууштай тэмцэнэ. Тийм туршлага ч бий, нэр дэвшигч Ц.Оюунгэрэлийн тайлбарласнаар 1996 онд УИХ-ын гишүүн З.Энхболд тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар томилогдонгуутаа тууштай тэмцэл хийсний дүнд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байсан орос, монгол ажилчдын цалинг ижил нөхцөлд авчирч чаджээ. Учир нь тус үйлдвэрт ажилладаг оросууд монголчуудаас хоёр дахин их цалин авч, монголчууд тэднээс хоёр дахин бага үнэлэмжээр хөдөлмөрөө үнэлүүлдэг байсныг 1996 онд халж чаджээ. Гэхдээ энэхүү шийдвэр нь тухайн үеийн Засгийн газарт хамгийн халтай тусч, Ерөнхий сайдыг нь огцруулах хэмжээнд асуудал тавигдаж байсан ч, эцсийн дүндээ монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг гадаадын ажилчдын нэгэн адил ижил төвшинд авч үзэх ёстой гэсэн үзэл баримтлалыг оросуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан. Тиймээс өнөөдөр хаана монгол иргэд гадаадынхнаас бага цалин авч байна, түүнийг цэгцлэхийн төлөө Ардчилсан нам ажиллана. Үүний тулд Хөдөлмөрийн яам тусад нь байгуулахаар бодлогод тусгасныг тэрбээр сонгогчдод тайлбарласан юм. Харин УИХ-ын гишүүн Л.Болд Ажлын байрыг бий болгоход аж үйлдвэрийн парк байгуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Ардчилсан нам мөн мөрийн хөтөлбөртөө тусгасныг дуулгав. Тухайлбал, хөтөлбөрт нефтийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар тусгажээ. Монгол Улс дотооддоо нефтийн үйлдвэртэй болсноор бензин, шатахууны хувьд дан ганц хойд хөршөөс хараат байдаг нөхцөл байдал өөрчлөгдөж, эдийн засгийн аюулгүй байдал хангагдана. Тэр хэрээр ажлын байр бий болно. Зэс хайлуулах үйлдвэр байгуулагдсан цагт дэлхийн хар захын 80 хувийг дан ганц Монгол Улс хангадаг нөхцөл байдал өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монгол Улс дэлхийн зах зээлд зэс нийлүүлэлтээрээ дөрөвхөн хувь эзэлж байгааг өсгөх бололцоо бүрдэх төдийгүй эдийн засгийн өсөлтөд хамгийн том нөлөө үзүүлэх аж. Мөн гишүүний тодотгосноор Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх зэрэглэлийн салбар болгож хөгжүүлэхээр заажээ. Жишээ нь хувийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжих, бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг орчин үеийн тоног төхөөрөмж техникээр хангах. Оношлогоо, эмчилгээний чанарын хяналтын үнэлгээг үндэслэн улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг тарифын ялгаваргүйгээр ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр тусгажээ. Энэ нь Ардчилсан намын “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэсэн уриатай мөрийн хөтөлбөрт тусгагдсан заалтууд болохыг нэр дэвшигч тойргийнхондоо тайлбарлалаа.