Л.Болд: Иргэдэд хувьцаа олгох амлалт биелсэн
Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Л.Болд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл нарын иргэд, сонгогчидтойгоо хийж буй уулзалт үргэлжилж байна. Нэр дэвшигчид өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны иргэдтэй уулзалт хийлээ.Дөрвөн жилийн өмнө тус тойрогт УИХ-ын гишүүн Л.Болд нэр дэвшиж байсан бөгөөд тэр үед “Баян монгол” корпорацийн тухай хуулийг санаачлан, иргэн бүртээ байгалийн баялгаас эрдэнийн хувь хүртээнэ гэдэг амлалтыг өгч байсан юм. Харин энэхүү амлалт өнөөдөр жинхэнэ утгаараа биеллээ олж, иргэн бүрийн дансанд “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа орсон төдийгүй, байгалийн баялгаас сар тутамд иргэд 21 мянган төгрөг авсан болохыг УИХ-ын гишүүн Л.Болд эл уулзалтын үеэр тэмдэглэв.
Энэхүү 21 мянган төгрөгийг ногдол ашиг гэж ойлгож болох гэнэ. Үүгээр олон иргэн аж амьдралаа залгуулж ирсэн. Нэг хашаанд өнөөдөр 2-3 өрх амьдарч буй. Эдгээр өрхүүдийн ам бүлийн тоо арав орчим байлаа гэж тооцоход 5 сая төгрөг гар дээр нь очсон байх жишээтэй. Хэдийгээр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн нэр нь Хүний хөгжил сан нэртэй боловч чухамдаа “Баян монгол” корпораци байгуулах санаачлагын үндсэн дээр эл хууль УИХ-аас батлагдаж ажил хэрэг болж байгаа юм шүү гэдгийг санууллаа.
Мөн “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа бол зөвхөн эхлэл. Учир нь УИХ-аас 15 ордыг стратегийн ордод хамааруулсан. Тодруулж хэлбэл, цаашид эл ордуудаас ч Монгол Улсын иргэн бүр ижил тэгш нөхцлөөр хувьцаа эзэмших эрх зүйн үндэс суурь энэхүү Хүний хөгжил сангийн тухай хуульд тусгалаа олсон гэдгийг ч тодотголоо.Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмших болсноор үр хүүхэддээ өвлүүлэх бололцоо ч бий. Дөрвөн жилийн өмнө энэ тухай ярихад сонгогчдод биелэшгүй, их холын юм ярьж амлаж байх шиг сонсогддог байсан.
Гэхдээ энэхүү амлалт зөвхөн нэг тойрог дээр бус өнөөдөр улсын хэмжээнд бодит биеллээ олж хэрэгжиж байгаа болохыг нэр дэвшигч тойргийнхондоо санууллаа.Уулзалтад оролцсон иргэд ч “Эрдэнийн хувь бодит ажил болж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая төгрөгөө гурав хуваан эхнээс нь 330 мянган төгрөгийг гар дээрээ авах болсон. Оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр эрдэнийн хувиа 500 мянган төгрөгөөр хоёр удаа авсан. Хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлтэй иргэдийн хувьд нэг сая төгрөгөө авах боломж нээлттэй болсон” гээд дөрвөн жилийн өмнө амлаж байсан эрхэм гишүүний яриа өнөөдөр бодит утгаараа биеллээ олж буйг ч хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ цаашид анхаарах асуудал бий нь, хувьцаагаа сонгосон иргэдийн хувьд түүнийгээ хэрхэн арилжиж ашиг унагах вэ гэдэг асуудал юм. Үүнд тодорхой хэмжээний хөрөнгийн зах зээлийн мэдлэг шаардаж байгааг иргэд сануулж, анхаарлаа хандуулахыг хүсэв. Гэр хороолол руу дэд бүтэц татахыг хүслээ Уулзалтын үеэр хөндсөн хоёр дахь асуудал нь гэр хороолол руу дэд бүтэц татах УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн санаачлагыг дээрх хорооны иргэд гар өргөн дэмжиж буйгаа нэгэн зэргээр зарлалаа. Ингэхдээ Яармаг, Нисэхийн гэр хороолол руу хамгийн түрүүнд дэд бүтэц татаж өгдөг юм шүү гэдэг лоббиг ч нэр дэвшигчдэд хандан хийхээ мартсангүй. Янз нь “Газар хөдөлгөөн”-ийхний өнгөрсөн хугацаанд цацсан мессеж гэр хорооллын иргэдэд олон зүйлийг ойлгуулжээ. Тухайлбал, гэр хороолол руу инженерийн шугам татаад өгчихвөл иргэд өөрсдөө байшингаа барьчихна. Энэ үед заавал орон сууцанд амьдрах гэж зүтгэхгүй. Тэгээд ч өнөөдөр орон сууцны үнэ тэнгэрт тулсан өндөр үнэтэй. Хоёр өрөө орон сууцанд орохын тулд дор хаяж 60-70 сая төгрөг зээлэх шаардлагатай болно. Харин өмчилж буй газар дээрээ байшин баривал зардал хямд тусна. Дээр нь газар бол элэгдэхгүй, хорогдохгүй. Газрыг хэн ч хулгайлж чадахгүй, бас ачаад явчих эд бараа биш.
Газар таны өмчлөлд шилжсэн бол түүнийгээ та үр хүүхэддээ өвлүүлж болно. Нөгөө талаасаа гэр хороололд дэд бүтэц очсон цагт орон сууцны үнэ буурах боломж харагдаж буй. Хоёр өрөө умгар өрөөг 60-70 сая төгрөгөөр худалдаж авахын төлөө зүтгэснээс 40 сая төгрөгөөр хоёр давхар хаус бариулчихна хамаагүй хямд тусна. Дээр нь нийтийн эзэмшлийн орон сууцны газар тухайн байранд оршин сууж буй иргэдийн өмч биш. Харин гэр хороололд амьдарч байгаа иргэдийн хувьд тухайн хашааны газар нь өөрсдийнх нь өмч. Гадаад орнуудад нийтийн эзэмшлийн орон сууц бол үнэ цэнэтэй өмч биш, харин газартай байшин бол хамгийн үнэ цэнэтэй. Насжилт өндөртэй байшин байлаа ч газар нь үнэ цэнэтэй баялаг тул хэзээд үнэ цэнээ алдахгүй. Гол нь хугацаа алдалгүй, гэр хороолол руу дэд бүтэц тавих хэрэгтэй. Удахгүй зун дуусч, намар залгана. Дулаан цагт л инженерийн шугам тавих ёстой.
Үүнийг Ардчилсан намынхан л хийж чадна, өөр хэн ч биш хэмээн мэдэгдлээ.
Туул голын урсгал Нисэх, Сонсголон орчимд тасарчээ. Есдүгээр хорооны иргэдийн тайлбарласнаар бол Туул голын ай сав орчмын 10 гаруй газрыг сэндийчэн хогоор дарсантай холбоотой аж. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссанчлан төсвийг захиран зарцуулах эрх мэдэл хороо, суманд олгогдвол есдүгээр хорооныхон Туул голоо камержуулж хамгаалах ажлыг эхлүүлнэ гэж буй юм. Мөн хорооны төвшинд хог дийлдэхээ больсон.
Айл бүрээс сар тутамд 2500 төгрөгийг хурааж авдаг ч Тохижилт үйлчилгээний компанийнхан цаг хугацаандаа хогоо ачдаггүй. Энэ нь зуны улиралд хөрсний бохирдлыг дээд цэгт нь хүргэдэг. Тиймээс төсвийг захиран зарцуулах эрх мэдлийг оршин суугчдад өг, тэр цагт бид хогны машин худалдаж авъя гэдэг даалгаврыг УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Л.Болд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл нарт хаяглалаа. Ингэхдээ та бүхнийг багаар нь дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.