Уул уурхайн сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Уулзалтын үеэр сайд Д.Ганхуяг ОХУ-ын шинэ Элчин сайдтай санал солилцлоо.
2013.11.22

Уул уурхайн сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үеэр сайд Д.Ганхуяг ОХУ-ын шинэ Элчин сайдтай эрдэс баялгийн салбарт хамтарч ажиллах төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Монгол Улс ОХУ-ын Роснефть компаниас жилд 1 сая тонн хүртэл хэмжээтэй газрын тосны бүтээгдэхүүнийг импортолж байгаа.

Д.Ганхуяг сайд нефтийн бүтээгдэхүүний тухайд Монгол Улс хэд хэдэн үүсвэрээс авч байгаа, бүтээгдэхүүний үнийн тухайд түүхий газрын тосны зах зээлийн үнэнд үндэслэсэн өрсөлдөх чадвартай үнээр нийлүүлэх тал дээр талууд хамтарч ажиллаж байгаа талаар тэмдэглэсэн байна.

Мөн эх орондоо олборлож байгаа газрын тосон дээрээ нэмж ОХУ-ын талаас газрын тос импортолж шинээр баригдах газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах яриа хэлэлцээрийг хурдавчлах талаар ярилцсан байна. Монгол Улсын Засгийн газар Асгатын орд руу саяхан асфальтан зам тавьсан.

Асгатын мөнгөний ордыг ашиглах хамтарсан компанийг яаралтай байгуулах шаардлагатай.

Иймд Асгатын мөнгөний ордыг ашиглах хамтарсан компанийг яаралтай байгуулах шаардлагатай байгаа талаар мөн санал солилцсон байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын талын Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх БНХАУ-руу төмөр зам, автозам, нефть дамжуулах хоолой барихыг сонирхож байгаа талаар саналаа илэрхийллээ.

Элчин Сайд И.К.Азизов харилцан ярилцсан саналуудын талаар энэ сарын сүүлчээр ОХУ-д болох Засгийн газар хоорондын комиссын хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагуудад мэдээлж, хуралдааныг үр дүнтэй болгохын төлөө ажиллах болно гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.