Дэлхийн банкны суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Дэлхийн банкны суурин төлөөлөгчидтэй уулзлаа.
2013.11.20

Дэлхийн банкны суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр Дэлхийн банкны суурин төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч, Дэлхийн банкнаас гаргасан Монгол Улсын Эдийн тойм судалгаанд дурдагдсан Монгол Улсын Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.

Уулзалтаар Дэлхийн банкны төлөөлөгчид ирэх онд Монголын эдийн засаг өндөр өсөлттэй байхаар байгаа хэдий ч энэ нь мөнгөний бодлого, төсвийн бодлого, инфляци, валютын ханш болон гадаад валютын нөөцөд сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг анхааруулж, цаашид төсвийн тэлсэн бодлого, мөнгөний зөөлөн бодлогоо өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байгаа талаар санал хэлэв.

Мөн төсвөөс гадуур байгаа Чингис бондын мөнгийг төсөвт тусгаж төсвийн тэлсэн бодлогыг өөрчлөх, төсвөөс гадуурх бондын зарцуулалтад анхаарал хандуулах цаг нь болсон байна гэж саналыг хэлэв.

Монгол банкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөр, барилгын салбарыг дэмжих зээл, орон сууцны найман хувийн зээлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр эдийн засагт гурван их наяд гаруй төгрөг нийлүүлчихээд байгаа нь буурч байсан инфляцийг буцаан асар хурдтай өсгөсөн, төлбөрийн тэнцлийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан, тогтвортой байсан валютын ханшийг савлуулсан, гадаад валютын нөөцийг их хэмжээгээр багасгасан зэрэг сөрөг үр дагаварыг бий болгож байна.

Мөн арилжааны банкуудын зээлийн хэмжээ сүүлийн саруудад асар хурдтай нэмэгдэж байгаа нь арилжааны банкны салбарын эрсдэлтэй байдлыг нэмэгдүүлж байна. Иймд мөнгөний хатуу бодлого баримтлах нь зүйтэй байна гэсэн саналуудыг хэлсэн юм.

Арилжааны банкуудын зээлийн хэмжээ сүүлийн саруудад асар хурдтай нэмэгдэж байгаа нь арилжааны банкны салбарын эрсдэлтэй байдлыг нэмэгдүүлж байна.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Дэлхийн банкнаас гаргасан Монгол Улсын Эдийн засгийн тойм судалгаа нь хөндлөнгийн дүгнэлт тул бидэнд эдийн засгийн нөхцөл байдлаа бодитоор харахад чухал ач холбогдолтой гэдгийг онцлоод цаашид төсвийн бодлого, мөнгөний бодлогод анхаарч үзэхээ уламжиллаа.

Төсвийн гадуур байгаа Чингис бондын зарцуулалтыг Хөгжлийн банкаар дамжуулан хөгжил дэмжсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлж байгаа нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх бус нэг талаар аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа нэмэгдэж, төсөвт орох татвар нэмэгдэхээр байгаа юм.

Харин Чингис бондын өр, төлбөрийн асуудлыг төсөвт үе шаттайгаар зөв тусгах, валютын нөөцийг тогтворжуулах, хөгжил дэмжсэн төсөл арга хэмжээний сонголт бол төрийн бодлогын асуудал юм.

Хөрөнгө оруулалтын дунд хугацааны бодлогыг боловсруулахдаа хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбараа зөв тодорхойлж, төсөл арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлж санхүүжүүлэх тал дээр анхаарал хандуулах болно гэсэн саналуудыг хэлсэн юм.