Сахарын рашааныг хууль бусаар савлан худалдаалж байжээ
Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт Түшээ гүн хэмээх газар орших Сахарын рашааныг иргэд аж ахуй нэгжүүд хууль бусаар савлан худалдаалж байсныг хууль хяналтын байгууллагынхан илрүүлжээ.
Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн Баянгол дүүргийн иргэн н.Ганболд Сахарын рашааны хажууд усны хайгуул хийх хүсэлтийг тус сумын Засаг дарга Ганбаярт хүргүүлсэн байна.
Гэтэл Засаг дарга түүний хүсэлтэд үндэслэн холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн шийдвэр гарган, Сахарын рашааны ундарга орчимд өрөмдлөг хийх зөвшөөрлийг олгосон аж. Нэгэнт зөвшөөрлөө авчихсан учраас иргэн Ганболд дээрх хууль бус шийдвэрийг үндэслэн ашиглалтын нэг худаг гаргаад дахин өөр худаг гаргахаар өрөмдөж байхад нь хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Өөрөөр хэлбэл тэрбээр усны хайгуул хийх нэрийдлээр Сахарын рашааныг савлан худалдаалж, ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдоод байгаа юм байна.
Дашрамд дурдахад, энэхүү рашаан монголд хоёрхон байдаг бөгөөд далайн түвшнээс дээш 1350 метрт өргөгдсөн, ой, тайгын бүсэд, нийслэлээс хойшоо 75 километрт оршдог юм. Сахарын рашаан нь хүний ходоод, гэдэс, чихрийн шижин өвчнийг анагаахад эртнээс хэрэглэж ирсэн уламжлалтай. Энэ газарт зундаа дунджаар 600-700 иргэн рашаан уухаар ирдэг байна.