2013.10.17

Их Британитай хамтран Шивээ-Овоод цахилгаан станц байгуулна

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын /ИБУИНВУ/ Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд ноён Уильям Хэйг боловсролын болон эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Энэхүү айлчлал нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Малколм Рифкиндийн 1996 онд Монгол Улсад хийсэн айлчлалаас хойш 17 жилийн дараа хэрэгжсэн өндөр хэмжээний айлчлал бөгөөд Монгол, Британи хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Төрийн ордонд Гадаад харилцааны сайд Л.Болд, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд ноён Уилъям Хэйг нар санамж бичигт гарын үсэг зурсны дараа сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.

-Ноён сайд аа, сая үзэглэсэн санамж бичгийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг: Бид сая Монгол Улсын БШУЯ, ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам хоорондын Чевнингийн сургалтын тэтгэлгийн түншлэлийн тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг болон Шивээ-Овоо нүүрсний уурхайд түшиглэн цахилгаан станц барих

асуудлаар «Эрдэнэс МГЛ» ХК, Британийн «IM Power» компанийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа. Монгол Улсад анх удаа айлчилж байгаадаа баяртай байна. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өдрүүдэд өөрийн биеэр ирж баяр хүргэж байгаад баяртай байна.

Түүнчлэн ИБУИНВУ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн баруун Европын анхны орон байсан гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Өнөөдөр гарын үсэг зурсан санамж бичгийн үр дүнд олон монгол оюутан Их Британид суралцах боломжтой болж байгаад тун сэтгэл ханамжтай байна.

-Монголчууд Их Британид зорчих сонирхол их байдаг. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа энэ сонирхлыг үндэслэж, танай улсад зорчих иргэдэд визний хөнгөлөлт үзүүлэх үү?

Манай улсад зорчих сонирхол нэмэгдэж байгаад бид баяртай байгаа. Үүнийг бид хөхиүлэн дэмжинэ. 2012 оны зургаадугаар сараас 2013 оны зургаадугаар сар хүртэлх байдлаар манай улсад зорчих 2000 орчим визийг Монгол иргэдэд олгосон. Энэ нь өмнөхөөсөө 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Нийт хүлээн авсан хүсэлтийн 85 хувийг зөвшөөрсөн бол бизнесийн зорилгоор зорчигчдын 94 хувьд виз олгосон. Визний хүсэлтийг 15 хоногт шийдвэрлэх журам Монголд үйлчилдэг. Цаашдаа өсөн нэмэгдэх хүсэлтэй дүйцэхүйц үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж бид үзэж байгаа.

-Танай улс Иран улстай холбоотой ямар бодлого барьж байна вэ. Саяхан танай улсаас Иранд тусгай үүрэг гүйцэтгэх, хавсран суух элчин сайд томилсон. Энэ шийдвэрээ танилцуулахгүй юу?

-Ираны хувьд шинээр сонгогдсон Ерөнхийлөгчтэй нь болон Гадаад хэргийн сайдтай нь идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Өнгөрөгч долоо хоногт Гадаад хэргийн сайдтай нь хоёр ч удаа уулзсан. Энэ эгзэгтэй цаг үед харилцаа холбооны асуудал маш чухал гэдэгт санал нэгдсэн.

Тиймээс яриа хэлэлцээг тогтмол хийж байх хэрэгтэй гэж үзсэн учир тусгай үүрэг гүйцэтгэх, хавсран суух элчин сайд томилох нь зүйтэй гэж үдсэн юм. Ялангуяа цөмийн хөтөлбөртэй холбоотой яриа хэлэлцээ тасралтгүй, зогсолтгүй явах хэрэгтэй. Хамгийн сүүлийн үеийн яриа хэлэлцээ өнөөдөр Женев хотод эхэлж байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол, санкц хэрэгжиж байгаа ч Иран цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа. Гэхдээ энхийн зорилгоор ч биш. Тэгэхээр Женев хотод эхэлж байгаа яриа хэлэлцээний дүнд Иранд тодорхой санал, шахалтуудыг үзүүлнэ гэж найдаж байгаа.

-Монгол, Британийн харилцааны өнөөгийн болон цаашдын төлвийг Та хэрхэн дүгнэж байна вэ. Ирэх 50 жилд харилцааны тэргүүлэх чиглэл нь юу байх бол?

-Гадаад харилцааны сайд Л.Болд: Монгол, Британи бол итгэлтэй түнш орнууд. Сая ноён Уильям Хэйг сайдын дурдсанчлан Их Британи бол манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн Баруун Европын анхны орон. Өнгөрсөн 50 жилд бүх салбарт хоёр орны хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирсэн, цаашид ч хөгжинө.

Их Британи бол манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн Баруун Европын анхны орон.

Ялангуяа эдийн засгийн салбарт илүү хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын аюулгүй байдал, бүс нутаг, дэлхийд эзлэх байр суурьт Их Британи улсын үзүүлж байгаа дэмжлэг ямагт маш чухал байсан.

Тухайлбал Монгол Улсын Цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван улсын нэг Их Британи улсын дэмжлэг зарчмын ач холбогдолтой байсан. Боловсролын салбарт ирээдүйг харсан өргөн хамтын ажиллагаа эхэлнэ.

Өнөөдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд олон оюутан Их Британид сурна. Дээр нь Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр ч суралцана. Ерөнхийлөгчийн санаачилгаар дэлхийн шилдэг 20 их, дээд сургуульд элсэн орсон монгол оюутны сургалтын төлбөрийг 100 хувь Засгийн газраас даах болсон.

Тэгвэл энэ 20 сургуулийн зургаа нь Их Британи улсад байгаа юм. Монгол Улсыг зах зээлийн нийгэмд шилжсэн, өөрчлөлт шинэчлэлт өрнөсөн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хамгийн их дэмжиж ирсэн орнуудын нэг бол Их Британи. Тиймээс энэ улстай цаашид олон жил идэвхтэй хамтын ажиллагаагаа өрнүүлэх болно.

-Монгол Улсын Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг санаачилсан. Энэ санаачилгын хүрээнд хоёр улс хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Гадаад харилцааны сайд Л.Болд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон «Улаанбаатарын яриа хэлэлцээ»-ний механизмын асуудлыг хөндөж байна. Энэ нь Европт байгаа, хөгжил дэвшилд хүргэсэн Хелсникийн процесст тулгуурласан /хуулбарласан биш/ яриа хэлэлцээний механизмыг манай бүс нутагт бий болгох асуудал юм.

Монгол Улс бүс нутгийнхаа бүх оронтой найрсаг харилцаатай орны хувьд яриа хэлэлцээний талбар болох боломжтой.

Энэ санаачилгын онцлог нь аль нэг асуудалд төвлөрөхгүй, харин аль болох олон чиглэл, олон орныг багтаасан, бүс нутагтаа итгэлцэл, хамтын ажиллагаа, энх тайвныг бий болгоход чиглэгдсэн сайн санааны үйл ажиллагаа.

Монгол Улс бүс нутгийнхаа бүх оронтой найрсаг харилцаатай орны хувьд яриа хэлэлцээний талбар болох боломжтой гэдгийг Уильям Хэйг сайдад тайлбарлаж, тодорхой боломжуудыг танилцуулсан. Цаашдаа энэ талаар санал солилцож, гүнзгий хамтарч ажиллахаар тохирсон.

Товчхон дүгнэвэл дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү айлчлалаар бид хоёр орны улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засгийн, хамтын ажиллагаа болон бусад салбарын харилцааг өргөжүүлэх зорилт, арга зам, хэтийн төлвийг тодорхойллоо.