2020 онд автозамын сүлжээг 5600 км болгож нэмэгдүүлнэ гэв
“Монголын-тээврийн логистикийн өнөөгийн байдал, цаащдын хөгжил” сэдэвт бага хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны зарим гишүүн Логистикийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд тун удахгүй УИХ-д өргөн барих гэнэ.
Үүнээс гадна логистикийн салбарт төрөөс баримтлах бодлогыг ч боловсруулж байгаа аж. Энэ хүрээнд Эдийн засгийн байнгын хороо, МҮХАҮТ, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо, “Монгол нүүрс” ассоциацитай хамтран цаашид тээвэр логистикийн салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Өргөн уудам нутагтай, тархай бутархай амьдардаг, дэд бүтцийн хөгжил сул манай орны хувьд тээврийн зардал өндөр байдаг.
УИХ-ын гишүүн Г.Батхүү энэхүү уулзалтыг нээж
“Өргөн уудам нутагтай, тархай бутархай амьдардаг, дэд бүтцийн хөгжил сул манай орны хувьд тээврийн зардал өндөр байдаг. Тиймээс улсын хэмжээнд логистикийг яаж хөгжүүлэх вэ, дэлхийн бусад оронтой холбогдсон логистикийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг шийдвэрлэхийн тулд Логистикийн тухай хуулийн төслийг боловсруулж байна.
Манайхтай ижил төстэй орнуудын туршлагыг судалж байгаа. Мөн төрөөс логистикийн салбарт баримтлах бодлогыг хамт боловсруулсан. Агаарын тээвэр, авто тээвэр, төмөр замын тээврийн уялдааг мөн сайжруулахад анхаарч байна. Манай улсын газар зүйн байршил сул тал мэт боловч үүнийг давуу тал болгох боломж бидэнд бий. Тээвэр логистикийг хөгжүүлж чадвал баялгаа дэлхийн аль ч оронд нийлүүлж, бараа бүтээгдэхүүн хямд үнээр худалдан авах боломжтой. Мөн үүнээс гадна транзит тээврээс орлого олох нөхцөл бүрдэнэ”! гэсэн юм.