Ж.Сүхбаатар: Тавьсан зорилтоо биелүүлж чадсангүй
Өнөөдөр намрын чуулган албан ёсоор нээлтээ хийнэ. Гэхдээ хууль тогтоогчид хоёр долоо хоногийн өмнөөс ажилдаа орсон болохоор, завсарлагааны хугацаанд тэд юу хийв гэдэг нь “хуучин сэдэв”. Бараг л эдийн засгийн эмзэг үзүүлэлтүүдийг “эдгээх” зорилготой эхэлсэн ээлжит бус чуулганы үргэлжлэлийг албан ёсжуулж байна гэхэд хилсдэхгүй.
Тиймээс ээлжит бус чуулган үүргээ биелүүлж чадсан уу гэдэг сэдвээр УИХ дахь хийгээд, парламентын гадна буй улстөрчдийн байр суурийг сонссон юм.
МАН-ын Нарийн бичгийн дарга Ж. Сүхбаатар:
Ээлжит бус чуулган тавьсан зорилтоо биелүүлж чадсангүй. Уг нь ээлжит бус чуулган тодорхой асуудлаар тодорхой шийдвэр гаргах зорилгоор хуралддаг. Хэлэлцэж ярьснаа амжилттай биелүүлсэн ахиц гарлаа гэж үзэхэд учир дутагдалтай.
Хэлэлцэж ярьснаа амжилттай биелүүлсэн ахиц гарлаа гэж үзэхэд учир дутагдалтай.
Улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд хойшлуулшгүй тулгамдсан асуудал үүслээ гэж үзээд ээлжит бус чуулганаа зарласан шүү дээ. Ээлжит чуулганыг хүлээлгүй яаралтай шийдэх асуудал байна гэж хуралдсан хэрнээ оруулж ирсэн хуулийг төслөөсөө нэгийг нь ч баталж чадсангүй.
Энэ нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа ямар түвшинд явж байгааг харуулж байна. Оруулж ирсэн төсөлд нь маш олон санал орж байна. Бэлтгэл муу байна.
Парламентын түвшин дэх ажлын зохион байгуулалт, бүлгүүдийн хэмжээнд ойлгож нэгтгэн зангидах тал дээр УИХ-ын удирдлага хангалтгүй ажилласан. Ийм л байдал байгаа учраас саяын ээлжит бус чуулган нэг ч асуудлаа шийдэхгүй явж байгаа нь “хангалтгүй” гэсэн дүн авахаар байна.