С.Баярцогт: 25 хүртэлх градустай архинд хоёр ам.доллартай тэнцэх хэмжээний татвар тогтоосон
Өчигдөр хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Гол гол өөрчлөлт орж буй асуудлын талаар УИХ-ын дэд дарга С.Баярцогтоос тодрууллаа.
-Онцгой албан татварт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Ямар ямар гол өөрчлөлтүүд орсон бэ?
-Онцгой албан татварын хуулиар авто бензин дезилийн түлшний татварын зохицуулалтыг Засгийн газар хийдэг байсан журмыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталдаг байх тухай өөрчлөлт оруулсан. Мөн архины хатуулагтай холбогдуулаад онцгой албан татварыг тогтоосон. 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт АН архины савлагаа, градусыг багасгана. Өндөр градустай архинд өндөр татвар тогтооно гэсэн зорилт тавьж байсан юм.
-Архийг хатуулгаар нь ангилж татварыг нь тогтоосон байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өмнө нь архийг хатуулгаар нь 40 хүртэл, түүнээс дээс гэж хоёр ангилдаг байсан. 2-4 америк доллартай тэнцэх хэмжээний гэсэн татварыг дотоодод, гадаадад бол импортолж оруулж ирсэн тохиолдолд таван ам доллар, нөгөө талд нь зургаан ам доллар гэсэн татварын зохицуулалттай байсан бол энэ удаа архины хатуулгыг 25 градус хүртэл 25-40 градус, 40-ээс дээш гэсэн гурван ангилалтай болгосон.
Татварын хувьд 25 хүртэлх градустай архинд хоёр доллартай тэнцэх хэмжээний татвар. 25-аас дээш бол дөрвөн доллар. 40-өөс дээш бол есөн долларын дотоодын татвартай. Харин гаднаас оруулж ирсэн тохиолдолд 25 градус хүртэлх архинд таван доллар.40 хүртэлх градустай архинд 10 ам.доллар. 40-өөс дээш бол 12 ам.долларын татвартай байхаар зохицуулсан. Энэ хэмжээгээр татварын орлого 21.7 тэрбум төгрөг нэмэгдэнэ. Нөгөө талаас бага градусын архины хэрэглээ бөгөөд соёлын асуудал давхар яригдана гэсэн үг.
-Шар айраг виноных нэмэгдэх үү?
-Зөвхөн архины зохицуулалтад хамаарагдана гэсэн үг.