Хуулийн төсөл өргөн барив
БШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын дарга З.Энхболдод хуулийн төсөл өргөн барив.
2013.09.17

Хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр Засгийн газраас санаачлан боловсруулсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр / 2013.09.16 / УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тусгай зөвшөөрлийн төрөл бүрээр заасан байдаг бөгөөд одоогоор уг хуульд “Гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах тусгай зөвшөөрөл” олгох хураамжийн хэмжээг тогтоосон зохицуулалт байхгүй байна.

Иймээс хуулийн биелэлтийг хангаж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьж байгаа тухай салбарын сайд онцоллоо.

“Гадаадад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах тусгай зөвшөөрөл” олгох хураамжийн хэмжээг тогтоосон зохицуулалт байхгүй.

Хуулийн төсөл батлагдсанаар төрөөс энэ төрлийн тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээ хурдан шуурхай болох, гадаад улсад зуучлалаар суралцаж байгаа суралцагсдын бүртгэлийн тогтолцоо бий болох, энэхүү тогтолцоо бий болсноор гадаадад суралцагчдын эрх,

хууль ёсны ашиг сонирхол зөгчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах харилцаанд ахиц гарах, тэмдэгтийн хураамжаас олон улсын төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг үр нөлөө үзүүлнэ гэж үзжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг боловсролын салбарт олгогддог бусад тусгай зөвшөөрлийн хураамжийн хэмжээний дунджыг үндэслэл болгон 200000-400000 төгрөг байхаар тооцож хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

Монгол Улсын Их Хурлаар 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “Хүн худалдаалахтай тэмцэх тухай” хууль батлагдсантай холбогдуулан “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуульд 15 дугаар зүйлийн 15.7.7 дахь заалт “гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ” гэсэн нэмэлт орсон билээ.

“Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуульд орсон уг нэмэлт зохицуулалтын биелэлтийг хангах нь Боловсрол, шинжлэх ухааны яамны үүрэг бөгөөд хуулийн уг зохицуулалтын биелэлтийг хангах асуудал нь “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуультай салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/ олгохдоо “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуульд заасан хэмжээгээр төлбөр авч түүгээр улсын төсвийн орлогын тодорхой хэсгийг бүрдүүлж байдаг.

Хэдийгээр “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуульд нэмэлт орсон боловч түүний дагуу тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн харилцаа зохицуулалтгүй үлдсэн нь хуулийн төслийг боловсруулах үндэслэл болно. Мөн хуульд орсон нэмэлт зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрөл хүссэн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэж, тэмдэгтийн хураамжийг хууль зүйн үндэслэлтэйгээр төлүүлэх нь хуулийн төслийг боловсруулах шаардлагыг тодорхойлж байгаа юм.

Дээрх зайлшгүй нөхцөл байдалд үндэслэн хуулийн төслийг боловсрууллаа.

Нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал

 Хуулийн төсөл батлагдсанаар төрөөс энэ төрлийн тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээ хурдан шуурхай болох, гадаад улсад зуучлалаар суралцаж байгаа суралцагсдын бүртгэлийн тогтолцоо бий болох, энэхүү тогтолцоо бий болсноор гадаадад суралцагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах харилцаанд ахиц гарна.

 Мөн эдийн засгийн хувьд улсын болон орон нутгийн төсөвт ямар нэг ачаалал нэмэгдэхгүй бөгөөд улсын төсвийн тэмдэгтийн хураамжаас олох орлого нэмэгдэнэ.

Дагалдан өөрчлөгдөх хууль тогтоомж

Хуулийн төслийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн үзэл баримтлал, зохицуулах харилцааны хүрээнд боловсруулсан тул Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай уялдаж байгаа бөгөөд хуулийн төсөлтэй холбоотойгоор шинээр хуулийн төсөл боловсруулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй.