Залуучууд ургац хураалтад оролцоно
ҮХАА-н сайд Х.Баттулга өчигдөр ургацын болц, ургац хураалтын талаар холбогдох байгууллагуудын дарга нараас мэдээлэл сонслоо. Энэ сарын 22-ны байдлаар ургацын урьдчилсан балансыг гаргажээ. Энэ жил манай улс 12 аймагт 407 мянган га-д тариалалт хийжээ.
Одоогоор тариалалтын 72.2 хувь нь болц сайн гэсэн дүн авчээ. Энэ намар гурилын үйлдвэрт 318.0 мянган тонн буудай тушаах бөгөөд 44.0 мянган тонн үр нөөцлөх ажээ. 198.0 мянган тонн төмс, 103,4 тонн хүнсний ногоо хураах юм байна.
Тариа хураалтыг аравдугаар сарын 20-ны дотор дуусгахаар төлөвлөөд байна. Ургац хураалтад Монголын залуучуудын холбоо “Ажилтай монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахаар болжээ.
Ургац хураалтад ажиллах залуучуудын цалингийн асуудлыг шийдвэрлэсэн, бүртгэх ажил эхэлсэн тухайгаа тус холбооны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат мэдэгдлээ.