Ж.Эрдэнэбат: Бага хурал 30-нд хуралдах эсэх нь эргэлзээтэй байна
УИХ-ын гишүүн, “Шинэчилье” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ж.Эрдэнэбатыг “Ярилцах танхим”-даа урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Шинэчилье” хөдөлгөөнөөс намынхаа Удирдах зөвлөлд Бага хурлаа хуралдуулах шаардлага тавьсан. Түүний дагуу энэ сарын 30-нд Бага хурал хуралдах уу?
-Бид шаардлагаа тавьсан. Хуралдуулах эсэхийг Удирдах зөвлөлийн гишүүд шийднэ. Улс төрийн шаардлага хэдий ч намын Бага хурлыг хуралдуулах тухай дүрмийн зохицуулалт бас бий.
Аль аль тал нь хүлээцтэй, ухаалаг байж улс төрийн эр зориг гаргах ёстой. Шинэчлэл нэрийн дор намаа дотор нь талцуулаад, түйвээж сандраагаад байж болохгүй. Ядаж нийгэмд тэгж харагдаж болохгүй юм.
-Бага хурлын гишүүдийн гуравны нэгийнх нь гарын үсгийг цуглуулбал Бага хурал хуралдах боломжтой гэж байсан. Одоогоор хэдэн гарын үсэг цуглуулаад байна вэ?
-Гишүүдийнх нь гуравны нэгээс олон хүний гарын үсгийг авбал Бага хурлаа хуралдуулах бололцоотой гэх заалт намын дүрэмд бий. Үүний дагуу манай залуучууд Бага хурлын гишүүдэд хандаж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана. Тиймээс яахыг хэлэхэд хэцүү байна.
Ямар ч гэсэн дүрэмд заасан шаардлагын дагуу бид үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэвч яг одоогийн байдлаар хангалттай олон гарын үсэг цугларах нөхцөл бүрдээгүй байна. Тиймээс намын Бага хурлыг энэ сарын 30-нд хуралдуулах эсэхийг хэлэхэд хэцүү байна.
-Хэрэв 30-нд Бага хурлаа хуралдуулж чадахгүй бол дараагийн алхам юу вэ?
-Тийм тохиолдолд Бага хурлыг ойрын хугацаанд хуралдуулах шаардлагыг байнга тавина.
-Та нар намынхаа удирдлагуудтай ер нь уулзав уу?
-Ер нь МАН-ын шинэчлэлийн асуудал бол хэсэг бүлэг хүн яриад хийх боломжтой зүйл биш. Тиймээс бид намын ерөнхий болон шат, шатны удирдлагаар ажиллаж байсан хүмүүс, дунд үе, залуус гэх мэт бүхий л төлөөлөлтэй уулзаж байгаа.
Тусгаар тогтнолын ордон
Намын шинэчлэл нийгэмд ямар ач холбогдолтой вэ, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбарт яаж нөлөөлөх вэ гэдгийг тодорхой болгож ярих ёстой. Ингэж ард түмэндээ ойлгуулж байж намын шинэчлэлийн асуудал гүйцэд явагдана. Тиймээс үүнтэй холбогдуулж уриалга гаргасан.
Хүмүүс шинэчлэл гэдгийг хэдэн хүн хоорондоо бужигнаад өнгөрөх гэж ойлгоод байдаг. Харин бидний зорьж буй шинэчлэл бол арай өөр. Бид МАН-ын дүрэм, үзэл баримтлал, бүтцийн шинэчлэлийн тухай ярьж байгаа. Энэ нам бол өөрөө олон ургальч үзлийн нэгдэл болдог. Тиймээс тэр нэгдлийг өөрчилнө гэвэл тэнд багтаж байгаа бүх хүний саналыг сонсож байж хийх зүйл. Түүнээс биш хэдэн хүн хоорондоо яриад өөрчилнө гэж байхгүй.
-Намаа гурван сонгууль дараалан ялагдал хүлээлгэсэн удирдлагуудтай хариуцлага тооцно гэдгийг танай “Шинэ-чилье” хөдөлгөөнийхөн нэг бус удаа ярьсан. Тиймээс удирдлагуудтайгаа уулзав уу гэж асуугаад байгаа юм. Ер нь намын удирдлагын зүгээс танай хөдөлгөөнийг үл тоомсорлох хандлага ажиглагдаад байх шиг?
-Хэрэв алдаа гаргасан бол ямар ч тохиолдолд хүн хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага тооцох асуудлыг бол эрх бүхий байгууллага нь шийднэ. Намын Их, Бага хурлаар яригдах асуудал. Харин бидний хувьд МАН-ын дээд байгууллага болох Их хурлаа хуралдуулаач ээ гэх шаардлагыг тавьж байгаа. Тэр хурал дээр л удирдлагуудтайгаа хариуцлага тооцох эсэхийг ярина.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн “Шинэчилье” хөдөлгөөний залуусыг дэмжих хүн МАН дотор олон байсан. Гэтэл сонгууль өнгөрсний дараа 70-аад оныхноос танаас өөр дэмжих хүн үлдээгүй гэх яриа гарсан. Тийм үү?
-“Шинэчилье” хөдөлгөөнийг дэмжих эсэх нь хувь хүний л асуудал. Бид бол санаачилгыг нь гаргаад явж байна. Намын гишүүдэд, ард түмэнд, нийгэмд ямар ач холбогдолтой юм бэ гэдэгт хариулт өгөх гэж зорьж явна.
-Тэгэхээр ерөнхийдөө удирдлагуудтайгаа холбоогүй байгаа гэсэн үг үү?
-Удирдлагуудтайгаа холбоогүйгээр ажиллана гэж байхгүй л дээ. Гэхдээ бидний хувьд зөвхөн одоогийн дарга нартайгаа биш, үе үеийн удирдлагуудтай уулзаж ярилцаж байгаа. Тэдний санаа бодлыг сонсож байна. Манай нам 90 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд асар их туршлага хуримтлуулсан. Тэр бүгдийг анхаарахгүйгээр бид урагшлах хэцүү.
-Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн чимээгүй байж байгаад гэнэт содон хурц үгтэй ярилцлага өгөх юм. Энэ нь төлөвлөгдсөн ажил уу, эсвэл хувь хүний бодол санаа юу. Ахмадуудтайгаа хэр учраа олж байна вэ?
-Улс төрийн намын шинэчлэл гэдэг үйл явц үгийн далимаар босон суун ярих сэдэв биш ээ. Зөвхөн ахмадууд ч биш, зөвхөн намынхаа гишүүд дэмжигчид ч биш, нийгэмтэй учраа олохгүй бол явахгүй ээ. “Толгой хагаравч малгай дотроо” гэдэг шиг нам доторх эв зүй учраа олж, намаа идэвхижүүлэх, аль болох олон хүнийг энэ ажилд оролцуулахын төлөө ажиллаж байна.
Энэ намд, энэ нэгдсэн хөдөлгөөнд маш олон залуучууд, олон үзэл бодлын төлөөлөл байгаа. Сонгуульд ялдаг намтай болох гэдэг юмуу, эсвэл намаа сонгуульд ялуулдаг болгох асуудал бол энэ шинэчлэлийн зөвхөн нэг л зорилт. Түүнээс том зорилт бол намаа яаж сонгуульд ялагдуулахгүй байх вэ, яаж бодлого хэрэгжүүлдэг намтай болох вэ гэж харвал бас өөр нэг өнцөг. Амаргүй ажил шүү дээ.
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАН-ын шинэчлэлийн талаар тоймтой мэдээ, материал нийтлэгдэхгүй болохоор тэгж асуулаа л даа, наадамтай ч холбоотой байх?
-Асуудлаа яаж харахаас их зүйл шалтгаална л даа. Сэтгүүлчдэд улс төрийн намын шинэчлэл гэхээсээ илүү хурдан морь, Буйр нуурын амралт зэрэг газрууд сонирхолтой байгаа бол бид одоо юу хэлэхэв/инээв/.
-Наадам өнгөрөөгөөд удаагүй байна, удахгүй өвөлжилтийн бэлтгэл, утаа гээд үй олон хийх ажлууд байхад улс төрийн намын шинэчлэл тийм чухал хэрэг үү?
-Хэрвээ улс төрийн намын шинэчлэл тийм ч чухал биш гэж үзвэл Монголын хамгийн олон уншигчтай улс төрийн сонины сэтгүүлч надаас ярилцлага авахгүй байсан болов уу. Түүнээс гадна улс төрийн намын шинэчлэл өөрөө цаг хугацаанаас хамаарахгүй байнга үргэлжлэх ёстой үйл явц.
Нийгмийн харилцаа, мэдээллийн технологи, улс орны хөгжлийн нийтлэг чиг хандлага ийм хурдан өөрчлөгдөж байхад намын шинэчлэл хийнэ гэчихээд нэг хэвлэлийн бага хурал хийгээд, эсвэл нэг шаардах хуудас өгөөд л болчих мэтээр төсөөлбөл эндүүрэл.
Шинэчилье хөдөлгөөн маань зохион байгуулалтад орсон, ажил нь тогтворжиж байна, судалгаа бичиг цаас руугаа түлхүү анхаарч байна даа. Тоймтой мэдээ материал гарахгүй байна гэдгийн нэг шалтгаан нь энэ юм.
-Нөгөө шалтгаануудыг нь хэлж болох уу?
-Нам гэдэг өөрөө хүмүүсийн чөлөөт нэгдэл учраас дотроо маш олон ялгарлыг агуулж байдаг. Нас хүйс, шашин шүтлэг, мэргэжил боловсрол гээд. Бид энэ бүхнийг тооцож байж шинэчлэлийнхээ гол томъёоллыг гаргаж тавих болно.
МАН-ын Шинэчилье хөдөлгөөнийхөн
Түүнээс гадна сонгуулийн ялагдалд нэг буюу нэг хэсэг хүнийг буруутгах биш ялагдлынхаа нөхцөл байдлыг сайтар дүгнэж үзэх ёстой. Буруутан тодруулах амархан. Гол нь манай нам нэг хүнээс хамаардаггүй, хамтын шийдвэрээр ажил нь урагшилдаг нам. Тиймээс хамтын шийдвэр гаргах механизмаа эргэж харъя гэж байгаа. Энэ нь дүрмийн шинэчлэлийн тухай асуудал юм.
-Таны ярианаас улс төрийн намын шинэчлэл өргөн цар хүрээтэй том ажил гэж ойлгогдож байгаа боловч талбайн нэр солих ажлаас илүү гарч хүмүүсийн анхаарлыг тэгтэл татахгүй байгаагийн учир юу вэ?
-Бушуу туулай борвиндоо баастай гэдэг үг дуулсан байх. Юундаа ч яарах вэ. Тэгээд ч улс төрийн намын ажил ямар хэлбэрээр явагддагийг олон нийт мэднэ. Хурал хийдэг, мэдэгдэл гаргадаг, сонгуульд оролцдог, жагсаал хийдэг, нэр дэвшүүлдэг гээд өөр бусад янз бүрийн хэлбэрүүд бий.
Бидний гол анхаарч байгаа зүйл нь судалгаа хийдэг, нэр дэвшигчээ бэлтгэдэг, иргэдийн оролцоог хангадаг, ярьдаг, бичдэг, олон нийтийг мэдээллээр хангадаг, нэг ёсондоо амьд организм байх чиг үүргээ илүү идэвхжүүлье гэж байгаа юм.
-Сүүлийн үед МАН-ыг тараах, өмч хөрөнгийг нь хураах тухай ярих болж. Зарим нь хэвлэлийн хурал ч хийж байна. Шинэчлэл нэрийн дор талцчихаад байгаа энэ үед нь эрх баригчдын зүгээс ийм улс төрийн шийдвэр гарвал яах вэ. Тийм боломж бий юу?
-Бид ямар цаг үед амьдарч байгаагаа мартаж болохгүй л дээ. Нэг нам нь Засгийн эрх авахаараа нөгөө намаа татан буулгаж өмчийг нь хураагаад байвал энэ улс оронд чинь хэн нь үгээ хэлж, хэн нь жолоо цулбуургүй энэ дураараа байдлыг хязгаарлах болж байна. 90 жилийн түүхтэй хамгийн ахмад нам боловч Ардчилсан намынхаас олон залуучууд МАН-д бий.
Ийм олон залуучууд итгэл үнэмшлийнхээ төлөө дуугаралгүй яахав, үгээ хэлэлгүй яахав. Ийм мэдээ гарч байгаад харамсаж байна. Нийгмийн чих сонорыг дасгаж байгаа хэвлэлийн кампанит ажил болов уу гэж болгоомжилж байгаа.
Улс төрийн нам гэдэг чинь өөрөө олон ургальч үзлийн илэрхийлэл, ардчиллын үнэт зүйлсийн нэг биз дээ. Аль ч талаас нь харсан эрх баригчид ийм шийдвэр гаргахгүй байх аа. Юманд учир гэж бий.
-Тэгвэл улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгочихвол нэг улс төрийн намд ийм том намын байр байхын хэрэг байна уу. Ер нь гишүүнчлэлийн асуудалд Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Бид намаа шинэчилье гэдэг улс төрийн эрмэлзлэлээ ил тод зарласан. Цаг хугацаа нь ч тохирч байгаа. Одоо яаж гэдэг дээр хөгшин залуу, дээр доор гэж ялгалгүйгээр ярилцах ёстой. Оюун бодлоо уралдуулж, олон нийтийн санаа бодлыг тандан судалгаа хийх ёстой.
Зүйрлүүлж хэлбэл, “Шинэчилье” хөдөлгөөн өөрөө МАН-ын шинэ-члэлийн үйл явцыг хурдасгаж өгч буй нэг төрлийн катализаторын үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг. Гэхдээ катализатороос ялгаатай нь бид өөрсдөө энэ шинэчлэлд гар бие оролцож байна. Гишүүнчлэлийн хувьд болгоомжтой хандах ёстой.
Улс төрийн намын хөгжлийн чиг хандлага нь нь ямар байгаа юм, манайх шиг улс төрийн хариуцлага ярьдаггүй ийм нийгэмд хэн дуртай нь аль дуртай намдаа орж гарч байх хууль зүйн боломж бий болвол яах вэ. Хуулийн дагуу тухайн иргэний улс төрийнх нь оролцоог хангах, сонгох сонгогдох эрхийг нь хүндэтгэх үүднээс гишүүнчлэлгүй болчихвол хэнийг ч цаашаа гэж болохгүй.
Бид сайтар бодох ёстой. Гишүүнчлэлгүй болгох эсэх асуудлыг их хуралд суудалтай, суудалгүй бүх нам хамтарч шийдэх ёстой. Улс төрийн намын үзэл баримтлал, санхүүжилт, нам доторх эрх мэдлийн хуваарилалт гээд олон нарийн зүйлийг хамрах учраас зөвхөн эрх баригч нарт даатгаад орхиж болохгүй.
МАН-ын хувьд магадгүй, 260 мянган гишүүн маань энэ намын оршин тогтнох амин сүнс нь юм. Тийм учраас болгоомжтой, хүндэтгэлтэй хандах ёстой. Намын байр сав, эд хөрөнгө бол намынхаа гишүүдийг бүгдийг нь чихэж байдаг шуудай сав биш л дээ.
-Улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгох нь өөрөө дэлхий нийтийн чиг хандлага юм бишүү?
-Тэр тухай эрдэмтэн судлаачид нь хэлэх байх. Ер нь дэлхий нийтийн чиг хандлага гэдэг чинь өөрөө их тодорхойгүй нэр томъёо. Дэлхийн хэдэн улс орноос хэд нь намаа гишүүнчлэлгүй болгочихсон юм, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ ч юмуу, эсвэл тухайн улс орны хөгжлийн түвшингээс улс төрийн намын гишүүнчлэлийн асуудал хэр их хамаарах юм бэ гэдгийг хүртэл судалж үзэх ёстой.
-“Бид асуудлыг судалж, мэдэж байна. Яарах хэрэггүй” гэдэг үг чинь харин танай намын асуудлыг царцааж, удаан хөшүүн шинж чанарыг илтгэх шиг?
-Та мэдэж байгаа, сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болж, орон нутагт Засаг дарга болдог жишиг нэгэнт тогтчихлоо. Нэг ёсондоо төрийн эрх мэдлийг улс төрийн эрх мэдэлтэй нь сонгогдсон хүнд нь хамт өгч буй хэрэг. Сөрөг талууд ч бий.
Эерэг талууд ч бий. Төрийн бодлого боловсруулж хууль болгож гаргадаг УИХ-ын үйл ажиллагааг харж байхад Ерөнхий сайд буюу намын даргын эрх мэдэл хязгааргүй мэт санагдах үе бий. Гэтэл бид чинь Үндсэн хуулиараа УИХ-д төрийн эрх барих эрхээ өгсөн шүү дээ. Түүнээс биш намын даргад биш.
Дараа нь өөрчилж ч болохгүй, яаж ч болохгүй түргэн түүхий юм хийснээс судалж байж хийх нь зөв. Тэгээд ч төрийн ажил өөр, улс төрийн намын ажил өөр. Долоо хэмжиж нэг огтол гэдэг ардын сургаал ч байна. Ардын намынхан чинь ардынхаа л сургаалийг дагахгүй тэгээд ямар Америкийн сургаалийг дагалтай биш /инээв/.
-Таны ярианаас улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгох асуудлыг дэмжихгүй байгаа мэт ойлгогдлоо, зөв үү. Хэрвээ зөв бол энэ нь таны байр суур юм уу, эсвэл “Шинэчилье” хөдөлгөөний байр суурь юм уу?
-Эрдэнэбат гэдэг хүний хувийн байр суурь гэж ойлгож болно. Бид дотроо энэ мэтчилэн асуудлаа ярилцаж л байна. Уг нь улс төрийн нам гэдэг чинь өөрөө янз бүрийн хүмүүсийн нэгдэл. Үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Энэ нэгдлийг хуулиар хүчингүй болгочихно гэхээр улс төрийн нам байх, оршин тогтнох үндэс байх уу.
Нөгөө талаар хэт хатуу гишүүнчлэл хөөцөлдөөд, нам доторх эрх мэдлийг хэн нэгэн фракци юм уу, улс төр эдийн засгийн томоохон бүлэглэлд алдчихвал улс төрийн нам гэдэг олон түмний шинжээ алдчихвал бас яах вэ.
Бид алтан дунджийг барина гэж бөөрөнхийлөхгүйгээр гишүүнчлэлтэй байна, эсвэл үгүй гэдэг нэг л шийдвэр гаргах ёстой. Гишүүнчлэлгүй болгосон ч гэсэн гишүүнчлэл байсаар ч байж болно. Гэхдээ гишүүнчлэлгүй болгохын эерэг талууд байгааг үгүйсгэхгүй.
-Бөөрөнхий хариулт байна?
-Авах гээхийн ухаанаар хандана биз дээ, бид эцсийн шийдэлд хүрээгүй байна, тэгээд ч Шинэчилье хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч гэдэг хүн эцсийн шийдвэр гаргах биш, шийдвэр гаргахад шаардлагатай зохицуулалт, ажлын уялдаа холбоог л бий болгох ёстой юм.
-Намын дотоодод ярих асуудал олон байгаатай зэрэгцээд өнгөрсөн долоо хоногт нэг мэдээлэл гарлаа. МАН-аас төлбөрөө хийгээгүй учир Тусгаар тогтнолын ордоны цахилгааныг өнгөрсөн долоо хоногт тасалсан гэсэн. Харин хэвлэлээр “МАН төлбөрөө ч төлж чадахааргүй болчихож” гэж ирээд л бичих юм. Танай нам үнэхээр тийм хүнд байдалд орчихсон юм уу?
-Харин намынхаа байранд сууж байтал цахилгаан нь тасарчихсан. Тэгтэл хэвлэлээр “МАН төлбөрөө хийгээгүй” гэж гарсан байсан. Би тиймэрхүү асуудлыг мэдээгүй. Хэвлэлийнхэн хаанаас олж мэдсэнийг ч мэдэхгүй юм. Маргааш нь цахилгаантай л болчихсон байсан.
-Ярилцсанд баярлалаа.