Д.Ганхуяг: Мэдээллийн хэрэгслүүд асуудалд тайван хандах хэрэгтэй
2011.03.15

Д.Ганхуяг: Мэдээллийн хэрэгслүүд асуудалд тайван хандах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуягаас Японд үүссэн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Японд өнөөдөр байдал ямар байна вэ?

-Байдал харьцангуй тогтвортой болж байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 1600 гаруй хүн амь насаа алдаж, 10 мянган иргэн хаана байгаа нь мэдэгдэхгүй ор сураггүй алга болоод байгаа гэсэн. Түүнчлэн 60 мянган байшин барилга суурь ч үгүй болж газартай тэгширчхээд байна. Өнөөдрийн байдлаар 40 мянган хүн хоргодох байранд байрлаж байгаа гэсэн.

-Японд манай 5373 иргэн байгаа гэж Гадаад харилцааны яам мэдээлж байсан. Яг гамшгийн бүсэд хичнээн монгол хүн байгаа вэ?

-Гамшиг 200 км,500 км-ийн радиуст байх дөрвөн муж нутгийг хамраад байгаа. Тус бүс нутагт 200 гаруй иргэн бий. Яг цунами болсон бүсэд нь 40 гаруй монгол иргэн байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Тэдгээр хүмүүс бүгдээр хоргодох байранд орчихсон аюулгүй байдалд байгаа.

-Гамшиг нүүрлэсэн гол бүсийн нэг Сендай мужид Монголын дөрвөн иргэн байгаа гэсэн мэдээлэл бий. Тэр дөрвөн иргэний маань аж байдал ямар байгаа вэ. Энэ талаар мэдээлэл ирсэн үү?

-Нарийн мэдээллийг Гадаад харилцааны яам илүү мэдэж байгаа. Би та бүхэнтэй л ижил мэдээлэлтэй байна. Телевизээс харж байхад дөрвөн иргэн байсан хоёр иргэн нь ням гаригт холбоо барьсан, хоёр нь өнөөдөр (өчигдөр) холбоо барьсан гэж байна лээ.

-Манай телевизүүд болж байгаа үйл явцыг хэтэрхий дөвийлгөөд байна уу. Японоос ирсэн монголчууд бодит байдал дээртийм ч хүнд байхгүй байгаа. Харьцангуй тайван байгаа гэж байсан л даа?

-Японд болсон гамшгийн асуу-дал нь зөвхөн тус улс төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгарсан гамшиг учир мэдээллийг цаг алдалгүй, шуурхай хүргэх нь туйлаас чухал. Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэл "NHK"-r харж байхад ийм гамшиг тохиолдсон үед олон түмний сэтгэл санааг аль болох тайван байлгах зорилготой мэдээ, мэдээллийг цацаж байна. Манай мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн аливаа мэдээллийг тайван байдлаас тайлбарлаж, эерэгээр хандах нь зүйтэй болов уу.

Нөгөө талаас зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бямба гаригт дэлбэрсэн гэгдээд буй атомын цахилгаан станцын талаар нарийвчлал муутай мэдээлэл өгөөд байх шиг байна. Дэлбэрсэн цахил-гаан станц нь Япондоо хамгийн хуучинд тооцогддог юм билээ. Үнэн хэрэгтээ цахилгаан станц тэр чигтээ дэлбэрчихсэн юм биш шүү дээ. Атомын цахилгаан станц нь реактор, генератор, турбин гэсэн гурван хэсгээс бүрддэг. Дэлбэрэлт турбин буюу устай хэсэгт нь л болсон. Түүний улмаас цахилгаан станцын бүх реакторыг автоматаар зогсоосон. Тиймээс реактор дэлбэрнэ гэсэн ойлголт огтхон ч байхгүй бөгөөд онцын аюул ч байхгүй.

-Бямба гаригт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдээ татах асуудлыг шийдвэрлэсэн. Бусад орнууд иргэдээ татах үйл ажиллагаа явуулж байгаа болов уу?

-Бараг л байхгүй байна. Тухайлбал, Япон улсад Солонгосчууд хамгийн олноор амьдардаг юм билээ. Ойролцоогоор 40 мянган Солонгос иргэн байдаг гэсэн. Түүнчлэн Филипин, Индонез зэрэг улсын иргэд олноор байдаг юм билээ. Тэдний иргэдээ татаж байгаа эсэх талаар мэдээлэл хараахан үгүй байна.

-Гамшиг болохоос хэд хоногийн өмнө нэлээд хэдэн аймгийн Засаг дарга нар Япон улсад ажилласан юм билээ. Тэдгээр Засаг дарга нараа гамшгаас татахын тулд иргэдээ тус бүсээс яаралтай татах ажлыг зохион байгуулсан гэж яриад байх юм. Энэ үнэн үү?

-Би үүнийг мэдээгүй юм байна. Хүмүүс байнга очиж л байдаг шүү дээ.

-Өнөөдөр Монгол-Японы парламентын бүлгийн гишүүд Японы Элчин сайдтай уулзсан гэсэн. Хандив тусламж өгөх талаар ярилцсан юм уу?

-Манай бүлгийн гишүүд болон зарим төрийн бус байгууллагын төлөөлөл Японы Элчин сайдтай уулзлаа. Бид эмгэнэл илэрхийлж, хандивын арга хэмжээ зохион байгуулж байгаа талаараа хэллээ. Түүнийг хэрхэн яаж, Японы талд шилжүүлэх талаар ч ярилцлаа.

-Одоогийн байдлаар хандивын дансанд хичнээн сая төгрөг цуглаад байгаа вэ?

-Нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ 40-50 сая төгрөг цуглачихсан гэж байна лээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.