Франц улсад ажлын айлчлал хийж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн Бүгд Найрамдах Франц улсад хийж буй ажлын айлчлал өнөөдөр эхэллээ. Айчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, С.Оюун, С.Эрдэнэ, Ц.Батбаяр нарын албаны хүмүүс багтсан байна. Айлчлалынхаа эхний өдөр тэд Францын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга, Уаз мужийн Ерөнхий зөвлөл буюу иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд тэргүүн Андрэ Вантомм, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Жан-Рэнэ Лесэрф нартай уулзаж, Рубрук тосгонд зочиллоо. Рубрук тосгон нь Их Монгол улсад ирж, монголчуудын амьдралыг түүхнээ бичиж үлдээсэн лам Вильгелем де Рубрукийн төрөлх тосгон нь юм байна.
Улсын Их Хурлын дарга энэ сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэх айлчлалынхаа хүрээнд Францын Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Пьер Лөлүш, Францын Гадаад болон Европын хэргийн яамны ерөнхий нарийн бичгийн дарга Пьер Селлал, Францын Үндэсний ассемблейн ерөнхийлөгч Бернар Аккуйе нартай уулзах юм.
Тус улсад анх 1974 онд АИХ-ын орлогч дарга Б.Ширэндэв нарын хүмүүс айлчилж байсан бол 1993 онд УИХ-ын дарга Н.Багабанди, 2002 онд УИХ-ын дарга С.Төмөр-Очир, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2009 онд Ерөнхий сайд С.Баяр нар тус тус айлчилж байжээ.