Алтанхөхий хайрханы тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол боллоо
Алтан Хөхий хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол 2013 оны долдугаар сарын 2-нд Ховд аймагт боллоо. Уг тахилгын арга хэмжээнд Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав, Гандан тэгчинлэн
Алтанхөхий хайрхан
хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан болон нутгийн иргэд, сүсэгтэн олон өргөнөөр оролцлоо.
Төрийн тахилгын үеэр уламжлал ёсоор хүчит бөхийн барилдаан, шандаст хүлгийн уралдаан, сур харвааны тэмцээн боллоо. Монголчууд бид уул, усны эзэн лус савдгийг аргадан тахиж нөхөрлөвөөс нас дэлгэр, идээ ундаа элбэг арвин, ажил үйлсэд ач тустай хэмээн үздэг.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдоод ажлаа шууд үргэлжлүүлж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлын эхний томилолт ийнхүү тэнгэр газраа аргадаж, байгаль дэлхийгээ баясгасан төрийн тахилгын ёслол байсан бөгөөд тэрбээр “Эрдэнэт хүмүүний сэтгэл ухаанаар хандаж чадвал эх дэлхий ивээлээ хайрлана, эс тэгвэл ширвэж хатуурхдаг байгалийн хууль бий” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.