Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэв
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол өнөөдөр “Агуйт” уулын оройд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар уулын тахилгат овоонд хадаг өргөн ёслол эхлэв.
Өчил өчиж байх үеэр харваач тайлгын их нумаар “Өрсөх дайсан болгоныг өвдөг сөгдүүлэн номхотгож байна” хэмээн шившиж, гурван сум тавив.
Төрийн хонжины командаар Бүх цэргийн Их хар сүлдийг өмнө, дорно, өрнө, умрын элч сүлдийн хамт тусгайлан зассан суудалд залахад цэргийн албан хаагчид ёслон хүндэтгэж, хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэж байлаа. Их сүлдэч зул, арц хүж асаан сүлдэндээ гурвантаа мөргөхөд төрийн хожин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхэл, сүлдэнд ниндар өргө, зул өргө, утлага өргө, идээ өргө, сархад өргө командуудыг өгөв. Дараа нь Бүх цэргийн Их хар сүлдэнд өчил өч командаар их сүлдэч өчил уншихад тайлгад оролцогчид малгайгаа авч баруун өвдөг дээрээ сөхөрч суун Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүллээ.
Өчил өчиж байх үеэр харваач тайлгын их нумаар “Өрсөх дайсан болгоныг өвдөг сөгдүүлэн номхотгож байна” хэмээн шившиж, гурван сум тавив.
Өчил дуусахад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Бүх цэргийн Их хар сүлдэнд шүүс өргөж, мөргөлөө. Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар дараа нь Их хар сүлдэнд шүүс, цацал өргөв. Төрийн хонжины командаар ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав цэргийн тангараг уншиж, оролцогчид давтан хэлж байлаа.
Монгол Улсын төрийн дуулал хөгжимд эгшиглэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар Бүх цэргийн Их хар сүлдэнд сөгдөн адис авав. Тайлгад оролцогчид мөн энэ ёсыг үйлдлээ. Ийнхүү тайлгын ёслол өндөрлөв.