Төмөр хүний эрэлд гарсан нь
Нар хур тэгширсэн энэ сарын 21-22-ны өдрүүдэд Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо, төмрийн хүдэр баяжуулагчидтай Дархан, Сэлэнгийг зорьсон юм.
Замын хол нарны эртэд Улаанбаатараас хөдөлж төмөр хүний эрэлд мордох нь тэр ээ. Манай улсын нийт экспортод нүүрс 27.0 хувь, зэсийн баяжмал 20.3 хувь, төмрийн хүдэр 16.9 хувийг эзэлж байна. /Үндэсний статистикийн хороо 2013 оны 6 дугаар сарын байдлаар/
Төмрийн нийт геологийн нөөц 1 тэрбум тонн бөгөөд ашиглах нөөц нь ойролцоогоор 600 сая орчим гэсэн судалгаа бий. Харин Дарханы “Төмөртэйн орд” дангаараа 260 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй ажээ.
Хэдийгээр ухаад, бага зэрэг баяжуулаад экспортод Хятад руу гаргаж байгаа ч дорвитой үнэлэгдэж чадахгүй байгаа учир цаашид өөр арга зам эрэлхийлэх нь зүйтэй. Энэ ч үүднээс Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо төмөрлөгийн салбар, баяжуулалтыг дараагийн түвшинд гаргахаар зориг шулуудаж, нойтон баяжуулах үйлдвэрийг барихаар төлөвлөжээ. Нойтон баяжуулалтыг сайжруулснаар ч манай улсын металлургын салбарын хөгжил нэг алхмаар ойртож, машин үйлдвэрлэл, төмөр хадаас, хаалгаа хүртэл үйлдвэрлэх боломжтой юм.
Үүний тулд эхлээд Дархан, Сэлэнгийн районы бүлэг орд дээрх үйлдвэрүүдийн нойтон баяжмал гаргаж байсан туршлагыг судалж, төмөр хүний эрэлд гарсан нь энэ ажээ.
Хотоос гараад бүтэн 2 цаг 30 минут давхисны эцэст төмөр хүнээ бид оллоо.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг тэртээ 20 жилийн өмнө Япончууд барьж өгсөн бөгөөд өнөөдөр ч яг тэр хэвээрээ ажиллаж байна.
Тус үйлдвэр нь төрийн өмчит компани бөгөөд одоогоор хаягдал төмрийг хайлуулж, барилгын арматур хийж байв.
Төмөр хүний хөшөө. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр 1993 онд анхны ган хайлалтаа хийсэн түүхтэй
Биднийг ороход үйлдвэрлэл явагдаж байсан учир хамгаалах хэрэгсэл каск зүүв. Тус үйлдвэр нь шугам сүлжээ, хайлуулах цех, бэлдэц үйлдвэрлэх цех гэсэн хэсгүүдтэй бөгөөд одоогийн байдлаар хаягдал төмрийг хайлуулж, барилгын арматур үйлдвэрлэдэг аж.
Үйлдвэрийн цөм рүү ороход хаягдал төмрийн хэсэг биднийг угтлаа. Халаалтын зуух, хүчил төрөгчийн станцаар өнгөрсний дараа нойтон баяжуулах үйлдвэрийн угсралтын хэсэгт ирэв. Угсралтын ажил 40 хувьтай явж байгаа бөгөөд ирэх жил ашиглалтад орохоор төлөвлөж байгаа ажээ. Энэ талаарх мэдээллийг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн баяжуулалтын инженер н.Дамбаравжаа өглөө.
-Нойтон баяжуулах үйлдвэр барих нь ямар ач холбогдолтой юм бэ?
Хаягдал төмрийн хараат бус байдлаас гарна. Энэ бол манай үйлдвэр дээр хэрэгжиж байгаа хамгийн том төсөл. Төсөл хэрэгжсэнээр жилдээ нэг сая тн төмрийн хүдэр баяжуулах хүчин чадалтай болно. Монголын хувьд номер нэг гэж хэлж болно. Нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор хүдрийг 65 хувиас дээш агуулгатайгаар баяжуулж гаргах боломж бүрдэнэ. Үүний дараа шууд ангижруулах үйлдвэр барьж хүхрээс салган дараагийн түвшинд гэж ахисаар Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр ганц арматур биш, ган ширэм хийх боломжтой болно.
-Төмөр хүдэр баяжуулахад усны асуудлыг хэрхэн шийдэх вэ. Усны асуудал их тулгамдсан байгаа?
Төмөр замын цаана хайгуул хийгээд гурван худаг гаргах боломжтой гэж
Баруун гар талаас баяжуулалтын инженер н.Дамбаравжаа
үзсэн. Энэ дотроо бас усан сантай. Хэрэглэсэн усаа эргүүлж, 70 хувийг нь ашиглах боломжтой. Ер нь одоо эрчим хүч, дулаан татна, ирэх жил л бүрэн хүчин чадлаараа ажиллах байх. Энэ жилийн намар барилга угсралт, тоног төхөөрөмжөө суурилуулж дуусна гэж тооцоолж байна.
Цаашид судлаад 90 хувь хүүртэл эргүүлж цэвэршүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
-Нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор хичнээн ажлын байр бий болох вэ?
Ашиглалтад орсноор 150 хүний ажлын байр бий болно. Монголын нөхцөлд нойтон баяжуулах үйлдвэр өвөл ажилладаггүй. Харин энэ удаад өвөл зунгүй ажиллахаараа давуу талтай.
Нойтон баяжуулах үйлдвэрийн ард төмөр зам байгаа нь үнэхээрийн давуу талтай харагдаж байлаа.
Төмөр гэдэг улс орны хөгжил, хүн ардын амьдрал, ажил үйлсэд асар их үр нөлөөтэй. Бүхий л тоног төхөөрөмж, машин эдлэлд төмөр оролцдог. Томоохон барилга байгууламжнаас өгсүүлээд бүгд төмрөөр хийгддэг. Тийм ч учраас манай улс төмрийн хүдрээ ашиглаж, эцсийн шат хүртэл боловсруулж, үйлдвэрээ хөгжүүлэн ган ширэм, төмрөө үйлдвэрлэх нь маш чухал ач холбогдолтой. Учир нь ган ширэмийн үйлдвэр хөгжвөл бусад хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэл бүгд дагаад хөгждөг гэдэг нь дэлхий дээр батлагдсан зүйл билээ.
Ийнхүү эрэл маань үйлдвэрийн дараагийн хэсэг болох Хайлуулах үйлдвэрийн хэсэгт ирлээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хайлуулах цех
Энд маш халуун бөгөөд том тогоонд 28-30 тн хаягдал ачиж, 1700 градус цельст хайлуулдаг юм.
25 тонн шингэн металл гаргахын тулд 28-30 тнныг ачдаг. Нэмэлт материалаа хийгээд, хайлалт 35-45 минут үргэлжилнэ, хоногт гурван тн дизель түлш зарцуулж байгаа. 50 тонны кранаар тасралтгүй цутгах машин руу зөөнө, энд цаг болоод, хоногт 250 тнн шингэн металл хайлна гэсэн үг.
Энд их халуун мэдрэгдэж байлаа. Тогоо доошлох үед маш их чимээ гарч байх нь сүртэй. Тоног төхөөрөмж нь байнгын халуунтай харьцаж халуун байдаг учраас усан хөргүүрт хөргөөдөг.
Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй танилцсаны дараа аяллын багийнхан маань ойролцоох “Даско” ХХК-ний Нойтон баяжуулах үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр нь хоёр жилийн өмнө баригджээ.
Тус үйлдвэр нь жилийн 200 мянган тонны хүчин чадалтай ажиллаж байгаа бөгөөд ойролцоогоор 100 мянган тн баяжмал экспортолсон ажээ.
Эднийх шиг үйлдвэр Дарханы Төмөртэйн ордыг тойроод нийт долоо байгаа гэдгийг баяжуулахын инженер н.Дамбаравжаа хэлсэн юм.
“Хүннү стийл” ХХК Даскотой мөн адил бөгөөд ганцхан фильтер пресс
"Хүннү Стийл" ХХК
хэмээх усны технологиорооо ялгаатай ажээ. Энэ нь усны асуудлыг шийдэх нэгэн гарц гэсэн.
Аяллын багийнхан маань дандаа баяжуулахын инженерүүд байсан учир туршлага судлан, энэ тэрийг шохоорхон явлаа.
Ингээд аялал үргэлжилж, Дархан хотыг орхиж, цааш Сэлэнгэ аймаг руу хүлгийн жолоо заллаа.
Наран жаргахтай зэрэгцэн давхисаар нүд алдам, ногоон модот ой дундуур гишгүүлсээр Монголын хамгийн том төмрийн хүдэр олборлогч “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн уурхай дээр ирлээ.
Биднийг ихэд найрсаг угтсан юм. “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн баяжуулагч инженер Х.Мөнгөнтэй товчхон ярилцсанаа хүргэе.
-Компаниа танилцуулна уу?
-Манай компани нь 2004-2007 онд Баянголын ордын геологийн нарийвчилсан хайгуулын ажлыг хийж ордын нөөцийг тогтоон, 2007 оноос төмрийн хүдрийн олборлолт, баяжуулалтын ажлууд эхэлсэн. Одоогийн байдлаар хуурай аргаар баяжуулах үйлдвэрүүд ажиллаж байна. Бид ойрын хугацаанд нойтон баяжуулах үйлдвэрээ барьж ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
- Ер нь уул уурхайн баяжуулалтын үйлдвэрлэл явуулахын тулд дэд бүтцийн асуудал маш чухал үүрэгтэй. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
Тийм шүү. Манай компаний хувьд байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай эко тээвэр болох 98 км төмөр замыг байгуулж, ашиглаж байна. Мөн цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдэж, одоогийн байдлаар 2х25 мегавайтын өндөр хүчдэлийн шугамыг татаж байна. Тус шугам бүрэн ашиглалтад орсноор Сэлэнгэ аймгийн зүүн бүсийн сумдууд найдвартай
"Болд төмөр ерөө гол" ХХК-ийн баяжуулалтын инженер Х.Мөнгөн
цахилгаан хангамжтай болж байна.
Манай компани нь 1100 гаруй ажилтан ажиллаж байна. 1 ажилтны маань гэр бүлд 4-5 гишүүнтэй гэж тооцвол 4000-5000 иргэдийн амьдралын санхүүгийн эх үүсвэрийг бий болгосон томоохон аж ахуй нэгж юм. Компаний дараагийн бүтээн байгуулалт болох Нойтон баяжуулах үйлдвэрийг байгуулснаар чадварлаг олон иргэдийн тогтвортой ажлын байрыг бий болгон, нэмүү өртөг шингэсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр бид ажиллаж байна.
-Танай компани төмрийн хүдэр олборлогчдоос Монголдоо хамгийн томоохонд ордог. Бусад жижиг уурхайнууд одоо нойтон баяжуулах үйлдвэр барихаар зорьж байна. Танайх тэдэнтэй ямар байдлаар хамтарч ажиллах боломжтой вэ?
Монгол улсад төмрийн хүдрийн олборлолт, баяжуулалт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ихэнхи компаниуд нэгдэн “Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн Холбоо”-г байгуулан хамтран ажиллаж байна. Мөн Холбооны гишүүн 10 компаниуд хамтран “Монгол Ган Нэгдэл” ХХК-ийг байгуулсан.
Холбооны үйл ажиллагааны дагуу монголын төмрийн хүдрийн боловсруулалт, хар металлургийн салбарын хөгжлийн чиглэлээр олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн Холбооноос шат дараатай хэрэгжүүлж буй гишүүн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах аялал хийж, туршлага судалж, сургалт-хурлуудыг зохион байгуулан гишүүн байгууллагууддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаад баяртай байна.
-Төмөрлөг үйлдвэрлэлийн хөгжлийн талаар хэрхэн төсөөлж байна вэ?
Ер нь улс эх орны хөгжлийн гол түлхүүр нь төмөр гэж үздэг. Төмрийг тодорхой шат хүртэл боловсруулаад эдийн засгийн эрэлттэй
Аяллын багийнхан
байдлаар ашиглана. Эхлээд нойтон баяжмал гаргаад дараа нь хорголжин үйлдвэрлэх, цаашлаад дунд түвшний гангийн үйлдвэр барих зорилттойгоор бид шат дараатайгаар ажиллаж байна. Энэ чиглэлийн урьдчилсан судалгааны ажил хийгдээд явж байна.
Бидний хувьд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахуйц гангийн үйлдвэрийг байгуулахад төрийн зүгээс дэмжлэг хэрэгтэй байгаа.
-Төмрийн хүдрийн боловсруулалтад ямар асуудал тулгамдаж байна вэ?
Outotec, Trio, Eriez гэх мэт компаниуд нь баяжуулалтын дэвшилтэт техник технологийг монгол улсад нутагшуулахаар хамтран ажиллаж байна. Зөвхөн хямдхан хятадын технологи гэхээсээ илүү гуравдагч орны эдийн засгийн боломжийн таатай нөхлөөр санал болгож буй технологийг ашиглах нь эрдэс баялгийн боловсруулалтыг сайжруулах, компаний эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх боломжтой гэж бодож байна.
-Ус, эрчим хүчний асуудлаа хэрхэн шийдэж байгаа вэ?
Хангайн бүсийн нутгийн хувьд нойтон баяжуулах үйлдвэрийг байгуулахад говийн бүс нутагтай харьцуулахад хүндрэл бага хэдий ч усыг эргүүлэн дахин ашиглах технологийг маш сайн судалж үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх нь чухал юм.
Төвийн эрчим хүчинд холбогдсон аж ахуй нэгжийн хувьд 1 квт цахилгааныг 100 төгрөгийн зардалтайгаар ашиглаж байхад, дизель генератор цахилгааны эх үүсвэртэй үйлдвэрийн хувьд 1 квт цахилгааны зардал нь 400-500 төгрөг түүнээс өндөр зардал гарах юм. Баяжуулах үйлдвэрийн ус, цахилгааны эх үүсвэрээс шалтгаалан бүтээгдэхүүний өөрийн өртгийн дүн өндөрсөж, аж ахуй нэгжүүдэд хүндрэлүүд үүсдэг. Иймд цахилгаан эрчим хүчний төр засгийн нэгдсэн бодлого, дэмжлэгээр шийдлийг олж аж ахуй нэгжүүдээ дэмжээсэй гэж боддог.
Төмөлөгийн үйлдвэрлэлийн чиглэлийн аж ахуй нэгжүүдийн хувьд үйл ажиллагаа өргөжүүлэхийн хувьд цаашид нэгдэж байгааг би хувьдаа дэмжиж байгаа.
Үнэхээр ч тэдэнд нэгдэл хэрэгтэй. Тийм ч учраас Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо байгуулагдсан билээ. Энэхүү аяллын маань төгсгөлд нойтон баяжуулалтын үйлдвэрийн талаар болон дэд бүтэц, цаашид тулгамдах асуудлаа хэрхэн шийдэх талаар баяжуулагчид маань хэлэлцсэн юм.
Төмрийн хүдэр уул уурхайн экспортын бүтээгдэхүүний гуравдугаарт жагсч байгаа бөгөөд стандартын шаардлагад нийцүүлж, баяжмалын агуулгыг сайжруулж, нойтон баяжмал гаргах нь үйлдвэрлэгчид, засгийн газрын зорилт болоод байна. Энэ цаг үе дор танилцах аялал болж байгаа нь маш их ач холбогдолтой гэдгийг Төмөрлөгийн холбооныхон хэлж байлаа.
Тэд түүхийгээр нь экспортлох огтхон хүсэлгүй бөгөөд эх орныхоо үнэтэй баялгийг аль болох баяжуулж, нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн болгохоор зориг шулуудан ажиллаж байгаа билээ.
Монголчууд нэгдэж чадвал ямар их хүчтэй гэдгийг харуулсан энэ удаагийн аялал аяны богцоо дүүргэн, энд хүрээд өндөрлөлөө.
Ийнхүү халиуран найгах тариалангийн талбай дундуур Улаанбаатар хот руугаа яаран хөдөллөө.