Д.Буянбал: Төр засаг дэд бүтцээ сайжруулвал энэ салбар маань илүү хөгжинө
“Засаг чандмань майнз” ХХК-нийн гүйцэтгэх захирал Д.Буянбал
2013.07.01

Д.Буянбал: Төр засаг дэд бүтцээ сайжруулвал энэ салбар маань илүү хөгжинө

“Засаг чандмань майнз” ХХК-нийн гүйцэтгэх захирал Д.Буянбалтай төмөрлөг үйлдвэрлэлийн хөгжлийн талаар ярилцлаа.

-Төмөрлөг үйлдвэрлэлийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

Уул уурхайн салбар тэр дундаа төмөрлөгийн салбар шинэ тутам хөгжиж байна. Хөгжөөд бараг арав гаруй жил болж байна.  Энэ салбарын хамгийн том төлөөлөл нь өнгөрсөн жил нь 3,4 сая тн төмрийн хүдрийн экспортолсон явдал байв.

2007 оноос яг борлуулалтаа хийж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл ерөнхийдөө хөрөнгө оруулалт, эдийн засгийнхаа боломжоос шалтгаалаад өдийг хүрлээ.

-Ямар хэрэгцээ шаардлагын үндсэн дээр нойтон баяжуулах үйлдвэр барихаар зүтгэж байна вэ?

Бид хуурайгаас 55 хувийн агуулгатайг экспортлохоор бага үнээр худалдаалж байна. Төмөр тээврийн бизнестэй салшгүй холбоотой. Гэтэл манайд тээврийн зардал их өндөр. Хятадтай харьцуулахад Хятад 1000 км-ээр тээвэрлээд 10 доллар байдаг бол, манайд 1085 км явахад 21-22 орчим доллар байгаа юм. Нэгээр хэлбэл хоёр дахин илүү зардалтай гэсэн үг. Дээр нь жишиг үнэ тооцож, өндөр татвар ногдуулж байгаа нь дарамт болж байгаа. Ийм байдалтайгаар экспортлогчид Эрээний ченж нартай л холбогдож байна.

Цаашаа үйлдвэрүүдтэй харьцаж чадахгүй байна. Зардал өндөр, татвар өндөр, ашиг бага байгаа. Гэхдээ ийм нөхцөлд удаан яваад байвал үнийн өөрчлөлт, зах зээлийн савлагаанд ашиггүй болж алдагдал хүлээх эрсдэл байна. Өөрөөр хэлбэл экспортын гурав дах салбар маань өчнөөн мянган ажлын байр, уул уурхайн боловсруулах үйлдвэрт ахиц гарах салбарыг тэр чигт нь зогсооно гэсэн үг.  

Тиймээс нэмүү өртөг шингэсэн, стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах шаардлага байгаа юм. Засгийн газар ч гэсэн энэ чиглэлд явж байгаа.

Өмнө нь компаниуд хуурайгаар баяжуулаад явдаг байсан бол одоо олборлоод л нойтон баяжуулах үйлдвэрт оруулах боломжтой.

-Уурхай бүрт нойтон баяжуулах үйлдвэрийг байгуулах байгуулах боломжгүй. Тэгэхээр та бүхэн яаж зохион байгуулалтад орох вэ?

Төмөрлөг үйлдвэрлэгчид дэд бүтцээсээ хамаараад өөрсдөө хаана барихаа шийднэ. Үүнээс дараагийн бүтээгдэхүүнээ гаргаж хорголжин, пэлит, пигайрон, гангийн үйлдвэр болоод явна. Үүнээс цааш боловсруулахаа засгийн газартай хамтраад төсөл хэрэгжүүлээд явах байх.

Хоёрдугаарт бид нар тус тусдаа борлуулалтаа хийгээд байвал хэцүү. Тиймээс манай холбоо тус тусдаа бүтээгдэхүүнээ гаргаж байгаа ч гэсэн борлуулалтын схемээ нэгтгээд, гангийн үйлдвэр эцсийн хэрэглэгч нартаа шууд харьцаж, хүрэх боломжтой гэсэн үг.

Төмрийн хүдрээрээ бүгдийг нь ган болговол монголын ганг хэн ч авахгүй.

Бас том давуу тал нь санхүүжилтийн схемээ тусдаа хайхгүйгээр хийчихэж болно. Ингэснээр төсөл хэрэгжүүлэх боломжтой.

Борлуулалтаа нэгдсэн схемээр хийвэл Хятадад бүтээгдэхүүнийг нэгдсэн гэрээгээр зарах боломжтой. Мөн цаашдаа ч олон улсын санхүүгийн байгууллагаас зээл авах боломжтой юм.

-Дэд бүтэц, ложистикийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

Эцсийн бүтээгдэхүүн хийх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахыг хүсвэл дэд бүтцийн асуудлаа шийдэх ёстой. Ялангуяа нойтон баяжуулах үйлдвэр барихад усны асуудал их хэцүү. Усаа үйлдвэрээсээ гаргахгүйгээр тасралтгүй циклээр ашиглах шинэ технологийг ашиглах нь зүйтэй юм.

Аль бүс нутагт ямар боломж байна, хаана орд байна гэдгийг уялдуулан эрчим хүчээ шийдэх боломжтой. Улс дэд бүтэц дээр анхаарвал энэ салбар маань илүү хөгжинө.

-Эх орны баялгийг түүхийгээр зөөгөөд дууслаа гээд олон нийт дургүй байдаг. Төмрийн хүдэртэй мөртлөө төмөр эдлэлээ үйлдвэрлэж чадахгүй байгаа нь ёстой л алтан дээр суусан гуйлгачин гэдгийг нотлоод байх шиг?

Манай төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр төмрийн хаягдлаар бэлдэцүүд хийж байгаа. Гэтэл яг одоо байгаа төмрийн хүдрийг баяжуулаад гаргаж байдаг. Хүдэр нь байхад нэг нь хаягдал хэрэглээд гаргаад байгааг олон нийт ойлгодоггүй байх. Энэ нь манай зах зээлийн хэмжээ, хэрэгцээ бага байгаатай холбоотой юм. Төмрийн хүдрээрээ бүгдийг нь ган болговол монголын ганг хэн ч авахгүй. Тэгэхээр хөгжлийнхөө үе шатад тааруулаад явах ёстой.

-Төмөр болон нүүрсэн дээр экспортын татвар авах нь зүйтэй гэдэг. Экспортлогч компаний зүгээс юу гэж үзэж байна?

Мэдээж улсын дайтай байхын тулд татвар авах хэрэгтэй.  Тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний төсвийн орлогын 60 хувь нь бүрдэж байгаа нөхцөлд.  Валютын урсгалын 90 хувийг уул уурхайн экспорт бүрдүүлж байна. Тэгэхээр энэ салбарын ад үзэлгүйгээр ойлгох харах хэрэгтэй. Сүүлийн дөрвөн жил л төмрийн хүдрийн экспорт нэмэгдсэн. Түүнээс өмнө манай улс таван жилийн турш нэг сая тонн хүрэхгүйг л экспортолдог байсан.

Валютын урсгалын 90 хувийг уул уурхайн экспорт бүрдүүлж байна.

Хэрвээ нөөц ашигласны төлбөр дээр нэмээд экспортын татварын авбал саалийн үнээгээ алж идэж байгаатай ялгаагүй хэрэг болно. Манай улс хөгжлийнхөө цаг үед ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Аливаа улс дэд бүтэц боловсрол, эрүүл мэнд гээд олон салбараа хөгжүүлье гэвэл мөнгө хэрэгтэй. Одоогийн нөхцөлд энэ мөнгийг уул уурхай л оруулж байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийгээ ашиглаад орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй.