Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлал
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг төв талбайдаа угтан авсны дараа ноён Шинзо Абэ Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн ордны хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
Айлчлалын эхэнд хоёр орны Ерөнхий сайд ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын явцад хоёр орны ойрын жилүүдийн хамтын ажиллагааны чиглэлийг нарийвчлан тодорхойлж чадна гэж найдаж байгаагаа мэдэгдлээ.
Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаанд өндөр ач холбогдол өгч, гадаад айлчлалынхаа тэргүүн хэсэгт манай оронд хүрэлцэн ирсэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархал илэрхийлээд, түүний айлчлал хоёр орны найрсаг, итгэмжилсэн харилцааг бэхжүүлж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, стратегийн түншлэлийн 2010 оны хамтарсан мэдэгдлийн агуулгыг бодит ажил хэрэг болгоход чухал хувь нэмэр оруулахыг онцоллоо. Түүнчлэн Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын явцад хоёр орны ойрын жилүүдийн хамтын ажиллагааны чиглэлийг нарийвчлан тодорхойлж чадна гэж найдаж байгаагаа мэдэгдлээ.
1982 оноос улс төрийн карьерээ эхлүүлсэн ноён Шинзо Абэ хоёр дахь удаагаа Япон Улсын Ерөнхий сайдаар сонгогджээ.
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ “Ерөнхий сайд тантай хамт хоёр орны харилцааны шинэ үеийг эхлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гээд ардчилал, энх тайван, харилцан туслалцах гэсэн гурван гол үзэл санаагаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.
Дипломат харилцаа тогтоосноос хойшхи дөчин жилийн хугацаанд найрсаг харилцаатай явж ирсэн Монгол, Япон хоёр улс 2010 оноос хойш стратегийн түншлэлийн хамтын ажиллагаа хөгжүүлж буй бөгөөд Ерөнхий сайд Шинзо Абэ үүнд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.
Ноён Шинзо Абэгийн хувьд Монгол Улсад хийж буй анхны айлчлал, харин Япон улсын Ерөнхий сайдын хувьд долоон жилийн дараа хийж буй хоёр дахь айлчлал юм.