Хүүхэд хамгаалалд иргэн бүрийн оролцоо хэрэгтэй
“Бид оролцъё, хөгжье” хүүхдийн үндэсний чуулганд Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэллээ.
2013.06.19

Хүүхэд хамгаалалд иргэн бүрийн оролцоо хэрэгтэй

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран 6 дугаар сарын 10-нд  “Хүүхдийн эрх, хамгаалалд үүрэг хүлээгчдийн хариуцлага” улсын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн төрийн байгууллага, ТББ, аж ахуйн нэгж, 260 хамт олны төлөөлөл нийт 700 гаруй хүн оролцон Хүүхдийн эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд байгууллага, хамт олон, гэр бүл, иргэдийн үүрэг, хариуцлага, оролцооны талаар санал солилцон зөвлөлдлөө.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг   зөвлөгөөнд оролцон үг хэлж, Засгийн газраас эх хүүхдийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд “...үр хүүхдийнхээ эрхийг хамгаалахын тулд эхийн хэвлийд ураг байхаас нь эхлэн бүүвэйн дуугаар өсгөн, эх хүүхэд эрүүл байхад шаардлагатай амин дэм, хүнсний дэмжлэг үзүүлэх зорилгоор халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, багшийн мэргэжлийг эзэмших хүүхдэд сургалтын хөнгөлөлт үзүүлэх, гадаадын нэр хүндтэй их дээд сургуульд тэнцсэн хүүхдийн сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх боломжийг судалж байгаа талаар танилцууллаа.

Байгууллага бүр дэргэдээ ажилчдынхаа хүүхдэд зориулсан цэцэрлэгийг байгуулах,  бага ангийн болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдүүдийг дүнгээр болон дүрэмт хувцасаар ялгаварлан гадуурхахгүй байлгах нөхцөлийг бүрдүүлэх, авьяасыг нь нээн илрүүлэх, урмаар тэтгэх, эцэг эхчүүд, багш нар хүүхдийг хүмүүжүүлэхдээ хэрэглэдэг хүчирхийллийн арга, хандлагаа өөрчлөх шаардлагатай байгааг цохон тэмдэглэж хэллээ.

Ерөнхий сайд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд салбар дундын зохицуулалт, хамтын ажиллагаагаа сайжруулах, байгууллага, иргэн бүр хариуцлагатай байх, хүүхдийн эрхийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага тооцох эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байгаа талаар анхааралаа хандуулахыг Улсын зөвлөгөөний нийт төлөөлөгчдөд хандан хэлсэн юм.

Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ

УИХ-ын гишүүн, ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ “Хүүхдэд зүй бус хандахаас урьдчилан сэргийлэх бодлого, зорилт” илтгэлийг тавьж, хамтдаа хүүхдэд хандах нийгмийн ёс зүйн хандлагыг өөрчлөх, нэг ойлголт, нэгдмэл журмаар ажиллан, хүүхдийн эрх,  хамгаалалд дангаар болон хамтын хариуцлага хүлээх талаар олон нийтэд хандан санал дэвшүүлсэн юм. 

Улсын зөвлөгөөний үеэр ХАХНХЯ, ХТҮГ-ын зүгээс байгууллага, хамт олон олон нийтэд хандан хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал байгаа талаарх Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийн төслийг танилцуулан хэлэлцэхийг санал болголоо.

Улсын зөвлөгөөний төлөөлөгчдөөс хүүхдийн эрх, хамгааллын талаар 37 хүн биеэр саналаа хэлж, 210 хүн бичгээр саналаа ирүүлсэн болно.

ХАХНХЯ, ХТҮГ төлөөлөгчдийн саналыг Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн төсөлд тусгуулахаар нэгтгэн боловсруулж  байна.

Улсын зөвлөгөөний хуралдааныг МҮОНТВ, Ийгл ТВ 2-р сувгаар шууд дамжуулан олон нийтэд хүргэлээ.