Монголын архигүй ирээдүй ба сүүн андгай
Монголчууд нэг хэсэг архин далайд живж байлаа. Архи, архидалт Монголын нийгмийн хамгийн эмзэг сэдэв болсоор удсан. Социализмын жилүүдэд хойд хөршөөсөө өвлөж авсан муу зуршлыг сархад хэтрүүлэн хүртэх гэдэг “архаг өвчин” тэргүүлэх болтлоо ужгираад байв.
Цөөн тоо дурдъя. Монгол Улс 2006-2011 оны хооронд тавхан жилд 173,5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75,5 сая литрийг гаднаас импортлон оруулжээ. Хоёр сая гаруйхан хүн амтай улсын хувьд дэндүү ахадсан өндөр үзүүлэлт.
Архитай тэмцэх, архичныг жигших, хуучин нийгмийн үед бол Оросыг дуурайж архийг хорьсон хуурай хууль гаргах, хөдөөний архи нэрдэг айлуудын тогоо, бүрхээрийг хурааж хэмхлэх гээд зүсэн зүйлийн арга чарга хэрэглэж тэмцээд үр дүнд хүрээгүй. Хэдэн жилийн өмнө 2000 хүний дунд согтууруулах ундаагаар үйлчилдэг ганццэг үлдээх шийдвэрийг Үйлдвэр, худалдааны сайд гаргаад ч дийлээгүй.
Улсын хэмжээнд 2010 оны жилийн эцсийн байдлаар спиртийн 12, архины 91, шар айрагны 14, дарсны найман үйлдвэр согтууруулах ундаа үйлдвэрлэж, диско баар 941, караоке баар 568, ресторан, зоогийн газар 4034, кафе 579 ажиллаж, орон сууцны хороололд 3441, гэр хороололд 4951 хүнсний дэлгүүр архи, дарсаар үйлчилж, бөөний төв 251 бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж, булан тохой бүрт шахам согтууруулах ундааны цэг ажиллан халамцуучуудын хоног төөрүүлдэг газар болчихоод байв.
Дөчөөд сая толгой мал сүрэгтэй Монгол Улсын нийслэлийн иргэд хуурай сүүний холиогүй цэвэр шингэн сүү олж ууж чадахгүй хэрнээ дотроо халаах сархдыг хэдхэн алхаад хүртчих боломж нээлттэй, тийм л дүр зурагтай байсаар.
Харин 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар улс орны хэмжээнд “Архигүй Монголын төлөө” аян өрнөсөн юм. Эхлээд аяныг өмнөх олон жилийн үр дүнгүй ажлуудын нэг болох биз ээ гэх хэмжээнд л харж байсан нь нууц биш. Хуурай хууль гаргаад ч, бүрхээр тогоог нь хэмхчээд ч, архичин бол хамгийн адгийн амьтад гэсэн сурталчилгаа явуулаад ч дийлээгүй юм чинь.
Архигүй аян Төрийн ордноос эхэлсэн. Төрийн албан ёсны хүлээн авалтуудыг архигүй хийдэг болов. Гадаадын өндөр дээд хэмжээний зочидтой чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуралцаад оргилуун дарс тулгадаг байсан заншлыг халж жимсний шүүс өргөдөг боллоо. Эхний том алхам. Гаднын зочдод ч үлгэр авахуйц зүйл тэр болов.
"Архигүй Монголын төлөө" аян орон даяар өрнөлөө.
Төрийн ёслол хүндэтгэлд архи, дарс хэрэглэхээ больсноор түүнд зарцуулж байсан төсвийн хөрөнгө тал хувиар багасч, үргэлжлэх цаг хугацаа нь ч мөн 50 хувиар богиносчээ. Төсвийн хөрөнгө хэмнэгдэж сул урсч байсан цаг бүтээлч ажилд зарцууладах болсон нь дараагийн том алхам.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2010-2011 оны он солигдох торгон хоромд ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэхдээ сүү өргөсөн нь “Архигүй Монголын төлөө” аян хүчээ авахад нөлөөлж, Төрийн ордонд хэвшсэн архигүй зан үйл дараагийн шатанд орон нутагт шилжив.
Архигүй аяны хүрээнд архигүй загвар аймаг, сум, баг болох хөдөлгөөн өрнөж, архигүй хурим, төгсөлтийн баяр, хамт олон, галт тэрэг гэсэн арга хэлбэрт шилжсэн нь удаах том алхам болов.
“Архи идээний дээж” гэсэн хэвшмэл ойлголт аяндаа “сүү идээний дээж” гэсэн утгаар солигдож байна. Өнгөрсөн сар шинийн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгч сүү өргөж шинэлэхийг уриалсан нь үр дүнгээ өгч аавдаа, ахдаа архи барьж золгодог заншил солигдон, зочид гийчдээ бор дарсаар шахахын оронд цагаан сүү амсуулж шинэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сар шинээр архи биш сүү өргөх санаачилга амьдрал дээр ингэж буусан байна.
Угаасаа монголчууд цагаан сарыг цагаан идээгээр тэмдэглэдэг ёс заншилтай байсныг түүхийн сурвалжууд гэрчилдэг. Цагаан сар гэж нэрлэсний учир нь ч тийм. Өрөм зөөхий, сүү, шар тосоор халгиж тэмдэглэдэг сар шинийн баярын “хатуулагтай” ундаа гэвэл айраг л байж.
Тэр заншлаараа ёсолдог байсан сар шинийн баярыг социализмын үед төв суурин газруудад тэмдэглэхийг хориглож, ардчиллын ачаар эргэж сэргээхдээ хойд хөршийн жишгээр архи дарстай тэмдэглэж хэвшсэн шинэ жилийн баярын хэлбэр агуулгыг хавчуулан хөлчүүрхдэг болсон хэрэг.
Ургийн баяр болох сар шинээр ахан дүүсээрээ орж золгохдоо сархад амссаар донхойж халамцсан айлчид урьд өмнөх жилүүдийн цагаан сараар гуйвж дайвлан гудамжаар хөшилдөж, нийтийн тээврийн унаанд суухад архи, бууз холилдсон эхүүн үнэрт амьсгал давчдаж, тавтиргүй нэг нь агсам согтуу тавьж энх мэндийн налгар баярын өнгө төрхийг гундаадаг байсан үе энэ могой жилээс хумигдсан, дараа жилээс бүр халагдах биз ээ.
Архитай шинэлдэг байсан үед эцэг нь хүүгээ, хүү нь эхийгээ, дүү нь ахыгаа хөнөөж гэнэ гэсэн хар мэдээ олны сэтгэлийг сэртхийлгэдэг байв. Төрсөн ээж, дүү нараа толгой дараалан хядсан нүгэлтэй хэрэг ч хэдэн жилийн өмнө гарч л байлаа. “Өчнөөн хүн эрүүлжүүлэхэд сар шинийг угтжээ. Төчнөөн хэрэг согтуурлаас үүдэж гарав. Төдөн хүн согтож унан осгож хойд төрөлдөө одов” гэсэн саар муухай зүйлс өнгөрсөн сар шинээр дуулдсангүй.
Монголчууд эртнээс “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж хүрт, жар хүрээд жаргаж уу” гэсэн том философтой байсан ард түмэн. “Амс, хүрт, уу” гэсэн эрэмбэ дарааллыг анхаарч харвал дөч хүрсэн хүн сархдад уруул хүргээд буцаах, тавь хүрсэн хүн жүнзтэй архийг өмнөө тавьж амсах төдий хүртэх, жар хүрч ноён нуруу нэгэнт тэгширсэн хойноо тааваараа уух дараалалтай байжээ. Далай багш ч монголчуудад хандаж архиа бага ууж айргаа тааваараа хүртэхийг зөвлөсөн.
Архигүй аян энэ зарчмыг баримталж бүхэл бүтэн сумаараа архинаас татгалзах хөдөлгөөн өрнөдөг болоод байна. Архи дарсыг орхиж байгаа залуусыг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын залуус тэргүүлж байгаа юм. Нэгэн цагт адуу, айргаараа нэрд гарч байсан Дэлгэрхангайнхан архинд живсэн муу нэрээрээ зард гарсан үе бий.
Архинаас татгалзсан хүн олшрохын хэрээр хэрэглээ багасч, архины үйлдвэрлэл, архины дэлгүүрүүд хаалгаа барьж байна.
Гэвч Дэлгэрхангайн залуус энэ муу алдрыг арилгаж эрүүл саруул амьдрах замд эргэлт буцалтгүй ороод байна. Архинаас татгалзсан хүн олшрохын хэрээр хэрэглээ багасч, архины үйлдвэрлэл, архины дэлгүүрүүд хаалгаа барьдагийн жишээг Дэлгэрхангай сумынхан харуулж чаджээ. Өнгөрсөн жилийн цэргийн баяраар тус суманд гуравхан шил архи зарагдсаныг гаднын явуулын хүмүүс авсан байжээ.
Тус сумын 30 гаруй залуус өнгөрсөн оны сүүлээр нийслэлд ирж сургалтад сууж бор дарснаас татгалзахаар эргэлт буцалтгүй шийдээд одоо бригад байгуулж сумандаа сургууль, цэцэрлэгийн барилга барих амлалт авчихаад байна.
Тэдний үлгэр жишээгээр Дорнод, Хэнтий, Төв аймгийн залуус ч Архигүй аянд нэгдэж Увсын залуус аяныг цааш буухиалан өртөөлөхөөр болжээ. “Архигүй Монголын төлөө” сэтгэл зүй, оюун санааны хөтөлбөрийн сургалтын төв Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлан олон олон залуусыг муу замаас нь гаргаж байна.
Хэдхэн хоногийн өмнө Дорнод, Төв, Дундговь аймгийн олон залуу энэ төвийн сургалтыг дүүргэж Төрийн ордонд зочлон хатуу идээнд дахиж автахгүй гэдгээ Төрийн есөн хөлт их цагаан тугийн өмнө андгайлаад нутаг нутгийн зүг мордлоо.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Төрийн ордны их танхимд болсон Алдарт эхийн одонтой 1000 ээжийн чуулга уулзалт дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Архигүй Монголын төлөө” уриалгыг дэмжиж архинаас татгалзаж зөв амьдралын замдаа орсон “Эрүүл идэвхтэй амьдрал” клубын залуус хадаг дэлгэж мөнгөн аягатай сүү барин байж сүүтэй андгай өргөв.
Одоо тэд дахиж амьдралд алдахгүй биз ээ. Ийнхүү Монголын залуус архи гэдэг муу нэрт идээг олон олноороо орхиж эрүүл саруул амьдралд хөл тавьсаар байна. Монголын сүүн андгайтай архигүй ирээдүй эхэллээ.