БШУ-ы сайд Л.Гантөмөр албан даалгавар хүргүүллээ
БШУ-ы сайд Л.Гантөмөр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан даалгавар хүргүүлж эхэллээ.
Уг албан даалгаварт Улаанбаатар хот, шилжилт хөдөлгөөний төв болсон томоохон суурин газар, аймгийн төвүүдэд цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг эцэг эхчүүдэд чирэгдэлгүй, шуурхай болгохтой холбогдуулан дараахь арга хэмжээг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.
Тухайлбал, шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Үүнд орон нутгийн захиалагч болон мэргэжлийн хяналтын байгууллагуудын үүргийг албажуулж, хяналт тавих ёстой гэнэ.
Мөн 2-5 насны хүүхдийн бүртгэлийг нарийвчлан гаргаж, одоо ашиглагдаж байгаа болон шинээр ашиглалтад орох цэцэрлэг бүрийн хамтран үйлчлэх тойргийг хүн амын нягтрал, цэцэрлэгийн хүчин чадлыг харгалзан шинэчлэн тодотгохыг анхааруулсан байна.