Д.Оюунхорол: Залуу малчдыг дэмжих хэрэгтэй
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Дээрх илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд салбарын сайд болон ажлын хэсгийнхэнд хандаж асуулт тавьж хариулт авав.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хөдөө аж ахуйн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, өмнөх 4 жилд гаргасан монгол мал хөтөлбөр нь малчдын болоод мал аж ахуйн талаар олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Өнөөдрийн орж ирж байгаа тогтоол ч эрчимжсэн мал аж ахуйг дэмжихэд тодорхой хувь нэмрээ оруулна гэж ойлгож байна.
Цаашид хөдөө аж ахуйн салбарыг хоршиж, хамтарч хөдөлмөр эрхэлдэг, бэлчээрээ гамнадаг, ургамлын төрөл гарлаа сайжруулж МАА-гаа өсгөхийн тулд газраа өөрсдөө тордож амьдардаг арга ухаанд сургах. Тийм төрлийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр Засгийн газраас олон арга хэмжээг авч хэрэгжүүлээсэй гэж хүсч байна гэв.
Түүнчлэн залуу малчдыг дэмжсэн бодлого явуулах хэрэгтэй. Залуу малчдыг дэмжихийн тулд малынх нь тоог нэмэгдүүлж, тэднийг дэмжсэн малжуулах төслийг хэрэгжүүлэх шаардлагатай. Хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд малчдыг малжуулах төслийг үйлдвэрлэгч гэдэг утгаар нь авч үзэн төслийг хэрэгжүүлэх нь чухал.
Монгол мал хөтөлбөр малчдын болоод мал аж ахуйн талаар олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Нөгөө талаас малчдын өөрсдийнх нь хоршиж, хамтарч байгуулж байгаа ТББ, хоршоо, багаараа ажиллаж буй тэр бүлэг хэсгийг дэмждэг хууль эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай байна.
Малчид дундын мал аж ахуй, сан байгуулж малаа өсгөн үржүүлэхээр олон зүйл хийж байгаа ч төрийн дэмжлэг, хууль эрх зүйн орчин байхгүй. Үүнийг хуулиар баталгаажуулж өгөх хэрэгтэй байгааг хэллээ.