Ш.Сайхансамбуу: Өмнөх дарга нар шиг хор найруулж болох л байлаа
“Тал засаагүй яриа” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууг урилаа.
-МАН-ын Бага хурлыг ардчилалтай боллоо гэх хүн олон байна. Дандаа нэг хүний удирдлагад дохио зангаагаар гар өргөж, шийдвэр гаргадаг байдал амархан өөрчлөгдөж чадсан гэж үү?
-Манай намын хувьд анх удаагаа ардчилалтай, чөлөөтэй хуралдах шиг боллоо. Төрийн тэргүүний сонгуульд хүмүүс чөлөөтэй нэр дэвшүүлсэн. Гэхдээ ганц нэг хүний нэр дутуу байв уу гэж харж байгаа.
Ажлын дадлага, туршлагаас нь харахад Н.Энхболд, Д.Хаянхярваа нарт ч өрсөлдөх боломж байсан ч оролцсонгүй. Миний хувьд Бага хурлын гишүүн ч хүндэтгэх шалтгааны улмаас хуралдаа оролцож чадаагүй. Гэсэн ч журмын нөхөдтэйгээ байнга ярьж холбоотой байсан. Хурлын уур амьсгал, үйл явдал ямар болсныг мэдэж байгаа.
Өмнө нь ямар ч байсан хамаагүй намын дарга л явдаг байлаа шүү дээ. Энэ удаа намын дарга ч, Ерөнхий нарийн бичгийн дарга ч биш өөр хүн гарч ирснээрээ онцлог. Тийм учраас манай намынхан, Бага хурлын гишүүд гэлтгүй Ерөнхийлөгч ардчилалтай хурал боллоо гэж үзэж хамгийн түрүүнд баяр хүргэсэн шүү дээ. Хамгийн түрүүнд баяр хүргэсэн нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байгаа нь Б.Бат-Эрдэнийг бассандаа биш нам нь ардчилалтай, аятайхан хурал хийлээ гэж баяр хүргэсэн. Би тэгж ойлгосон.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ирэх намраас манай намын Их хурал болно. Түүнийг сая болж өнгөрсөн Бага хурлын адил зохион байгуулах байх. Ер нь манай намын шинэчлэлийн залуус хурлыг ардчилалтай явуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Их ч хичээж ажилласан.
-Намын даргаа нэр дэвшүүлээгүй нь Ө.Энхтүвшинг лидер биш гэж шүүмжлүүлэхэд хүргэж байгаа юм биш үү?
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин
-Өмнөх дарга нар шиг хор найруулж, янз бүрийн юм зохион байгуулж хийвэл хийх бололцоо байсан шүү дээ. Гэтэл Ө.Энхтүвшин дарга ноён нуруутай хандаж, заавал би байх нь гол биш гэж үзсэн нь харагдаж байгаа. Тэгээд ч манай нам Ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлбэл болох талаар өнгөрсөн намраас асуулга тавьж, бидний ярьж заншсанаар сунгаа явуулсан шүү дээ.
Түүгээр яах аргагүй Б.Бат-Эрдэнэ гэж нэр нь гарч ирээд байхад хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Түүнийг намын дарга хүлээн зөвшөөрнө гэдэг ардчилалтай байгаагийнх. Өөрийгөө лидер гээд нэрлэчихсэн лойдор даргатай байсан бол нөгөөх чинь хэдэн гишүүнээ бужигнуулаад “би” гэж дөвчигнөнө шүү дээ.
Гэтэл Ө.Энхтүвшин тэгээгүй. Улс төрд олон жил явсан, олон давааг давж юм үзэж хат суусан хүний хувьд бодож тунгаасан биз. Улс төрд унаж босч, жигүүр байгуулж, намын дарга болно гэж заалнаас нэрээ дэвшүүлж чансаагаа шалгаж явсан шүү дээ, цагтаа.
Тийм болохоор түүнийг зөв ажиллаж, оновчтой шийдвэр гаргалаа гэж нам дотроо тэрслүү юм ярьж, асуудалд ардчилалтай ханддаг хүний хувьд харж байгаа шүү, би.
-Сүүлийн үед УИХ-д өрнөж буй үйл явдал МАН-ыг сул дорой харагдуулж байгаа. Тухайлбал, Өвөрхангайд илт давуу ялалт байгуулсан С.Чинзоригийнхоо нэрийг баталгаажуулж чадалгүй АН-д алдчихлаа. Тэгэхээр МАН хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байгаагийнх уу, эсвэл АН шүүхээр гул барьж түрэмгийлээд байна уу?
-Төрийн бүх эрх мэдэл АН-ын гарт төвлөрч байна. Иргэд нэгэнт сонголтоо хийж, олон болсон нь эрх барьдаг учраас тэр дагуу болж байгаа үйл явдал. Өвөрхангайн асуудлыг би дүгнэхээс илүү өвөрхангайчууд дуугүй байгааг гайхаж байна. Тэдний сонголтыг шүүх өөрчилчихөж байхад дуугүй сууж байгаа нь муу зүйл.
Цаашид ийм замаар явах юм бол сонгууль гэж зардал чирэгдэл болох хэрэггүй. Намууд 76 хүнээ жагсаагаад шүүхэд өгчих хэрэгтэй. Шүүх энэ болно, тэр болохгүй гээд сонгоод өгнө биз. Нам, эвслээр талцуулж, орон гэртээ багтахгүй болтол нь талцуулж сонгууль явуулчихаад эцэст нь шүүхээр шийддэг байж болохгүй.
2008 оны сонгууль мөн л баахан будлиан болсон. МАН хүлээцтэй хандаж, орох ёстой хүмүүсийг нь оруулаад явсныг иргэд, сонгогчид мартаагүй байх. Ер нь цаашдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол энэ асуудал нэг мөр болохгүй. Үндсэн хууль зөрчсөн этгээдүүдийг яах вэ гэсэн заалт байдаггүй.
Зөвхөн чиглэлүүдийг зааж өгсөн нь учир дутагдалтай. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, шүүхийн шинэтгэлийн асуудалд шинээр сонгогдох Ерөнхийлөгч онцгой анхаарч хуульчилж өгөхгүй бол гол хуулиуд маань маш том цоорхой байгаа. Ялсан улс төрийн хүчин дураараа дургиж болдогоос үүнийг харж болно. Дураараа дургисны дараа яах вэ гэсэн заалт хаана ч байхгүй.
Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа энэ асуудлыг хөндөж, замбараагүй байдлыг хумих талаас ярьж, хэлж байсан ч дарагдаад өнгөрсөн. Сүүлийн үед Х.Тэмүүжин сайд тэргүүтэй гишүүд ярьж эхлээд байгаа ч бас л эсэргүүцэлтэй тулгарч байна. Ер нь УИХ-ын гишүүдийн олонх нь хуулийн шинэтгэл хийнэ гэхээр хав дараад, янз бүрийн тайлбар хэлээд ажил хийлгэдэггүй шүү дээ.
-Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар саяхнаас ярьж эхлээд байгаа. Мөн л дарагдаад өнгөрнө гэж та үзэж байна уу?
Улс төрд олон жил явсан, олон давааг давж юм үзэж хат суусан хүний хувьд бодож тунгаасан биз.
-Бид өмнө нь хэчнээн жил яриад бүтээгүй. Тэгэхээр бас л төвөгтэй байх болов уу. Уг нь улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгоно гэж С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр 2004 оны сонгуулийн үеэр ярьж гар барьсан. Түүнээс хойш хэрэгжилгүй явсаар өнөөдөр тэмцлийнхээ дээд цэгт хүрээд байна.
Тэр нь юугаар илэрч байна вэ гэвэл, Өвөрхангайн гишүүдийг шүүхээр шийдүүлж байгаагаас харагдлаа. Олон удаа тэгж чадахгүй л дээ. Тэгэх юм бол олон түмний эсэргүүцэлтэй тулна. Энэ бол аюул, Үндсэн хуулийн хамгийн том хямрал.
Энэ талаар би 2009 оны үеэс сонин хэвлэлд бичиж байсан. Харамсалтай нь ажил хэрэг болгохоосоо дарах сонирхолтой нь олон байснаар тэгсхийгээд өнгөрсөн. Одоо бүх намыг татан буулгах цаг болсон.
-Танай нам ч бас татан буугдаж таарна шүү дээ?
-Ардын нам, Ардчилсан нам гэлтгүй бүгдийг татан буулгаж шинэ зохион байгуулалтад оруулах хэрэгтэй. Энэ нь 90 жил болсон, тэр нь идэр залуу, бага балчир юм гэх хэрэггүй. Хоёр намын аль нэгэнд ороод үзэл бодол таардаггүй, өөр намд ороод ч урагшаа явдаггүй байдал байна.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд Х.Бат-Ялалт, С.Жаргал нар ИЗНН руу ороод гарлаа, Б.Жаргалсайхан ч ИЗНН-тай нэгдсэнээ больсон заваан юм болж байна. Тиймээс Ерөнхийлөгч өөрт байгаа эрхийн хэмжээнд намуудыг тараах хэрэгтэй. Тэгээд шинээр эхлүүлбэл арай өөр болно. Түүнээс биш намуудыг гишүүнчлэлгүй болгох асуудлыг 76-д найдах хэцүү.
Болгосных нь дараа л болгочихлоо гэхээс наана нь яриад нэмэргүй, ямар ч үнэмшилгүй. Ард түмэн намын гишүүнчлэлгүй байхыг хүсч байгаа ч цөөхөн хүн барьчихаад байна. Тиймээс энэ ажлыг хийх хүн нь хэн ч бай Монгол Улсын Ерөнхийлөгч л юм билээ. Эх оронч Ерөнхийлөгч энэ асуудлыг Аюулгүй байдлын зөвлөлөөрөө хэлэлцүүлж зарлигаа гаргаад УИХ-д тулгаж байгаад хийлгэх хэрэгтэй.
Тэгэхгүйгээр өөрчлөгдөхгүй. Даанч намаас нэр дэвшдэг Ерөнхийлөгч хэцүү юм, тэр намынхаа үзэл бодлыг баримтлаад байдаг. Өмнө нь ч тийм байсан одоо ч тийм л байгаа. Ер нь тэгээд Ерөнхийлөгч зөвхөн парламентад суудалтай намаас нэр дэвшдэг байх нь учир дутагдалтай.
Манайд тийм байгаа учраас “Нар, сар ээлжилж наадна” гэдэг шиг хоёр нам ээлжлэн нэр дэвшүүлж, төр барьж нааддаг. Тэгээд бие бие рүүгээ муугаа чихээд байдаг. Болохгүй бол хамтарчихдаг. Гэтэл дэлхийн мэдээ харж байхад Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр 675 хүн өргөдөл өгсөн байна шүү дээ, би Ерөнхийлөгч болно гээд. Тэгэхээр Иран ардчилалтай байгаа биз. Дуртай нь мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж болж байна.
-Тэгвэл сонгогчдын боловсрол хэр байгаа гэж та үзэж байна?
-Монголчууд зургаан удаа УИХ-ын сонгууль өгсөн, одоо тав дахь удаагаа Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Тэгэхээр сонгууль өгч сурсан, харин намын хувьд альныг нь ч олонхи болгохгүй байгаа шүү дээ. 2012 оны УИХ-ын сонгуульд аль ч нам 39 суудал аваагүй. Ардын нам, Ардчилсан намд хуваагдчихсан, намын гишүүд нь тэртэй тэргүй намаа дагаад итгэл үнэмшлээрээ саналаа өгдөг.
Нам бусчууд гэж дийлэнх олонхи байдаг. Тэдний мэргэн ухаан л шийдэх хэрэг. Мэдээж энэ удаад Ц.Элбэгдоржийн фен гэж бий, Б.Бат-Эрдэнийн фен ч байна. Харин хэн нам бусчуудын итгэлийг хүлээсэн нь өндөр санал авах байлгүй. Тиймээс сонгууль шударга болох байх гэж харж байна.
Олны дунд явахад янз бүрийн яриа хөөрөө дуулдах юм. Зарим нь Ээбээгээ дэмжинэ гэх юм, зарим нь Б.Бат-Эрдэнэдээ саналаа өгнө гэж байх юм байна шүү дээ. Алинд нь ч өгөхгүй, өгөөд нэмэр байх биш гэж байгаа хүн ч явж л байна. Өнөөдрийн хувьд амьдрал явдгаараа явж л байна.
Өнөө, маргаашийн асуудал нь Ерөнхийлөгчийн сонгууль байгаа. Долоо хэмжиж, нэг огтлоосой гэхээс өөр юу хэлэх вэ дээ. УИХ-ын сонгуулийн асуудал нь хэлтэй амтай нэг юм дуусгавар болж байх шиг байна.
-Саяхан Өршөөлийн хуулийн ажлын хэсэг гарч хуульч гишүүд энэ талаар дуугарч эхэлсэн. Эрүүгийн төрөлжсөн хуулийн төсөлд ажиллаж байсны хувьд та ямар бодолтой байна. Эрүүгийн хуулиа дорвитой шинэчлээгүй байж өршөөлийн хууль гаргах хэр зохистой вэ?
-Баахан хүнд ял өгч шоронд суулгачихаад өршөөх нь л дээ. Уг нь эхлээд 2002 оны шоронжсон хуулиа өөрчлөх ёстой байгаа юм. Юу юугүй шоронд орохооргүй хүмүүсийг хэрэгтэн болгож шоронгийн хүмүүжил олгочихоод өршөөлөөр гаргаж байгаа нь учир дутагдалтай. Нийгмээс удаан хугацаагаар тусгаарлагдаж зан авир нь өөрчлөгдсөн байгаа шүү дээ, тэд.
Ингээд өршөөлөөр нэг хэсэг нь гарч, нэг хэсэг нь буцаж ордог. Зарим нь болдог юм байна гээд ойлгочихсон байх жишээтэй. Дөрөв, дөрвөн жилээр тооцож хэрэг хийдэг хүн ч бий болсон байна шүү дээ. Гэхдээ өршөөлийн хууль буруу гэж байгаа юм биш, байх ёстой.
-Ингэхэд саяхан шоронд шатсан, шатаасан гэх хэрэг саяхан гарсан. Ийм явдал байж болох уу, ардчилсан оронд?
-Ардчилал хөгжсөн улс оронд ийм явдал гарах юм бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлэн огцордог, манайд тийм юм алга. Шоронд хүнийг шатаах байтугай, өөрийгөө шатаасан гэж дуулсан уу, сонссон уу. Гэтэл сонсох нь бүү хэл бид өөрийн эх орондоо тийм зүйлийг үзэж, харж байна шүү дээ.
Тэр бол хүний эрхийг дээд зэргээр зөрчсөн явдал. Хүнийг амьдаар нь шатаачихаж байна гэхээр шоронд зодох, нүдэх, дэглэх юу ч биш байгаа биз. Өөрийгөө шатаасан, эсвэл өөр хүмүүс шатаасан байж болох ч хамгийн гол нь хорих газар тийм зүйл байх ёсгүй. Гэтэл ёсгүй ёс манайд байна.
-Тэр үйл явдлаас хэдхэн хоногийн дараа Дэлхийн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурал манай улсад болсон. Харамсалтай нь хүний эрхийн асуудал хөндөгдсөнгүй?
-Манай улсын хувьд ач холбогдолтой, Монголын нэр хүндийг Азид болоод дэлхийд өсгөхөд тэр хурал нөлөөлсөн. Тохиолдлоор бус зориуд сонгож хийсэн юм билээ, манай улсыг. Харин үр дүнг нь хэрхэн хэрэгжүүлэх нь манай улс төрчдөөс шалтгаална.
Түүний тулд амаараа бус албан ёсоор, ажил хэргээрээ харуулах учиртай. Гадаадынхан манай дотоод асуудлыг мэдэхгүй, тухайлбал тэнд дуучин залуу хоригдож байгаад шатсан байна гэдгийг мэдсэн бол тэр хурал дээр хэн нэг нь ярих байсан ч юм бил үү.
Тийм нарийн зүйлүүд, жишээ нь Баянхошууны иргэн Дамбын асуудал, Чингэлтэйд байгаа Доржийн амьдралыг тэд яаж мэдэх вэ. Ерөнхийдөө Монгол Улс ардчилсан замаар сайн явж байна гэж байгаа ч нарийн шүүгээд яривал олон юм бий.
Гэхдээ муугаа гадныханд мэдэгдэж байх албагүй. Хамгийн гол нь манай улс төрчид тэр хуралд сайхан ярьсан шигээ сайн ажиллаасай. Харамсалтай нь манайхан индэр дээр ярьчихаад буухдаа түүнийгээ мартчихдаг гэмтэй.