УИХ-ын гишүүн С.Ганбаатар, МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.05.03

Хэвлэлийн эрх чөлөө сэтгүүлчдийн чин сэтгэл дээр л тогтож байна

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Цаг, нарыг үл хамааран нийгмийн сайн сайхны төлөөх дуу хоолой болдог хэвлэл мэдээллийн салбарынхан жилийн ганцхан өдөр, гагцхүү тавдугаар сарын 3-нд өөрсдийнхөө эрх ашгийн талаар дуугардаг билээ.

Олон улс даяар 20 дахь удаагаа тэмдэглэж буй энэ өдрийг угтан Монголын сэтгүүл зүйн төрийн бус байгууллагууд өчигдөр “Хэвлэлийн эрх чөлөө ба сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх” сэдвээр хэлэлцэв. 100 жилийн баялаг түүхтэй Монголын сэтгүүл зүйд үйлдвэрчний эвлэл үгүйлэгдэж байгаа тухай  ярилцав.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Монголд хэвлэлийн эрх чөлөө огт байхгүй гэж би хэлэхгүй. Гэхдээ энэ нь хууль тогтоомж, эрх зүйн орчин юм уу, сэтгүүл зүйн байгууллага дээр биш хэдэн сэтгүүлчийн эх орноо гэсэн тэр сайхан сэтгэл дээр л тогтож байна. Зөв юм бичээд, асуудлыг шударгаар тавьсныхаа төлөө ажлаасаа халагдаж, сэтгүүл зүйн байгууллагаасаа дарамтад өртсөн олон сэтгүүлч бий.

Дандаа ингэж хувь сэтгүүлч хохироод байхгүйн тулд эвлэлдэн нэгдэж, хөдөлмөрийн харилцааныхаа талаар өөрсдийгөө хамгаалдаг бүтэцтэй болооч гэж би байнга хэлдэг. Бас хэвлэл мэдээллийн тухай хууль тогтоомжид үүнийг оруулахын төлөө зүтгэж байна.

Сэтгүүлчид үйлдвэрчний эвлэл буюу өөрсдийнхөө хөдөлмөрлөх эрхийг хамгаалдаг байгууллагатай болсноор редакцийн хараат бус байдлаар цэвэр сэтгүүл зүйн салбартаа мэргэжлээ худалдахгүйгээр, шударгаар бичиж уран бүтээлээ туурвиж, хүмүүсийн төлөө үйлчлэх боломжоор хангагдана.

Би сэтгүүлчидтэй чин сэтгэлээсээ харилцаж, муу, сайн бүх юмаа тэдэнтэй хуваалцдаг. Намайг муулаад ч, сайлаад ч хаа холдох вэ. Эрүүл мэндийн даатгалын хууль, хүмүүсийн зовлонгоор мөнгө олж байгаа тендерчдийн талаар би ярьдаг.

Хэвлэл мэдээллийн ажилтан эрхээ эдэлдэг болоход МҮЭХ туслахад бэлэн байгаа.

Хоёр жил хагасын өмнө эрүүл мэндийн маш олон тендерийг будилаантуулсан хүмүүсийн талаар намайг ярьж байхад хэвлэл мэдээллийн нэг ч хэрэгслээр энэ тухай гараагүй.

Хамгийн аюултай нь сэтгүүлчдийн асар их хөдөлмөрийн цаана Засгийн газар жирийн сэтгүүлчдийг алгасаад сэтгүүл зүйн байгууллагатай ямар гэрээ контракт хийдэг юм бэ. Энэ нь яагаад сэтгүүлчдэд хамаагүй байдаг юм бэ. Хаалтын гэрээ гэж юу юм бэ. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөг мөнгөөр боомилж байгаагийн нэгэн том илрэл.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

МҮЭХ хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсий эрхийг хангуулахад арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Хэвлэл мэдээллийн ажилтан гэдэг өөрөө байр сууриа олон нийтэд хүргэх чадвартай байж олон нийтийн чиглэлийн эрхийг эдлүүлэхэд туслах гүүр болсон салбарын ажилтан.

Тэгэхээр эхлээд өөрсдөө эрхээ эдэлдэг болоход МҮЭХ туслахад бэлэн байгаа.