Д.Ганхуяг: Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд
2013.03.06

Бичил уурхайн зөвшөөрлийг 2 тохиолдолд зөвшөөрч байгаа

“Бичил уурхайн Үндэсний зөвлөлгөөн” дээр Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлсэн үг /Хэсэгчлэн авав/

Үндэсний статистикийн хорооны судалгаанаас үзэхэд улсын хэмжээнд 20 аймгийн 78 сум, 1 дүүргийн 214 газарт иргэд бичил уурхайгаар олборлолт хийж, тэднээс 70 орчим мянган хүн амьжиргаагаа залгуулж байгаа судалгааны дүгнэлт байна. Улсын хэмжээнд 186 нөхөрлөл байгуулагдаж түүнд 1700 гаруй бичил уурхайчин бүртгэгдсэн байна. Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг нөхөрлөлийн зохион байгуултад оруулж, хууль журмын дагуу ажиллуулахад орон нутгийн удирдлага анхаарлаа хандуулахыг тэмдэглэж байна.

Бичил уурхайн зөвшөөрлийг 2 тохиолдолд зөвшөөрч сум орон нутгийн Засаг захиргаа шийдвэрлэж, үүрэг хариуцлагыг хүлээн ажиллаж байгаа. Үүнд:

1.Бичил уурхайн зориулалтаар ашиглаж болох тусгай зөвшөөрөлтэй талбайд, орон нутгийн төр, захиргааны байгууллага, нөхөрлөлийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр.

2.Лицензитэй талбай дээр лицензи эзэмшигч, мөн орон нутгийн удирдлага, бичил уурхайчдын нөхөрлөл хоорондоо гэрээ байгуулж ажиллах хэлбэр.


Манай яам хуулийн хүрээнд бичил уурхайг олон улсын жишгээр зөв гольдролд оруулж хөгжүүлэх чиглэлийг баримтална.

Ил тод хүний эрүүл мэндэд халгүй,байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай, хууль дээдэлсэн, харилцан ашигтай зарчмын харилцааг дэмжинэ.

Цаашид бичил уурхайд чиглэсэн эрх зүйн таатай орчныг бий болгох, хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэхэд анхааран ажиллах болно.

Өнөөдөр бичил уурхайн нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцэн, энэ чиглэлийн үйл ажиллагаа болон эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар олон үнэ цэнэтэй санал гаргана гэдэгт итгэж байна.