2013.03.05

Бизнесийнхэн, засгийн газартай уялдаатай хамтарснаар дэлхийн хэмжээний брэндтэй болно

“Монгол брэнд” сэдвээр дагнан хэлэлцэж байгаа Монголын эдийн засгийн чуулганы эхний өдөр гурван салбар хуралдаан боллоо. Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт Монголын гэх ямар брэнд гаргах, дотоод гадаадын зах зээлд яаж таниулах, төрийн зүгээс хэрхэн дэмжих талаар хэлэлцүүлэг өрнөлөө.

 Хамгийн олон ажлын байр бий болгодог, хамгийн их нэмүү өртөг шингээдэг хөнгөн үйлдвэрийн салбарынхан түүхий эдээ өөрсдөө боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргавал арав дахин нугалж ашиг олох зах зээл харагдаж байна.

“Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн Монгол брэнд болох нь” салбар хуралдааныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл удирдаж, сэтгүүлч тоймч М.Оюунчимэг хөтлөн явуулав. Энэ салбарт брэнд бий болгох хязгааргүй боломж бий ч одоогоор сууриа хэдийнэ тавьчихсан арьс шир, ноос ноолуурын бүтээгдэхүүнээ дэлхийд гаргах нь нэн тэргүүний алхам гэж оролцогчид үзэж, үүний тулд банкны зээлийн хүүгийн бодлогоор дэмжих хэрэгтэй байгааг онцлов. Дээрх хоёр гол салбараас гадна оёмол, сүлжмэлийн салбар хөгжих нөөц бололцоо манайд хангалттай бийг үйлдвэрлэгчид санууллаа. Мэдээллийн технологи гэх мэт шинэ салбарт ч Монголчууд амжилт олох боломж гарцыг зарим нь санал болгосон юм. Хамгийн олон ажлын байр бий болгодог, хамгийн их нэмүү өртөг шингээдэг хөнгөн үйлдвэрийн салбарынхан түүхий эдээ өөрсдөө боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргавал арав дахин нугалж ашиг олох зах зээл харагдаж байна. Гэвч бодит байдал дээр түүхий эдийнхээ 30-хан хувийг дотооддоо боловсруулж, үүнийхээ дөнгөж 10 гаруйхан хувиар л эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ байдлыг өөрчлөх нь хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өмнө тулгамдсан асуудлын нэгдүгээрт эрэмбэлэгдэх ёстой гэдэгт оролцогчид санал нэгдэж байв. Гол нь энэ удаагийн чуулганаар сэдэвчилж ярьсан эдгээр асуудлыг ойрын хугацаанд бодитой үр дүнд хүргэн хэрэгжүүлэх, үүний тулд төр, хувийн хэвшлийн оролцогч талууд харилцан хариуцлагатай ажиллах хэрэгтэй байгааг салбар хуралдааны оролцогчид тодотголоо.