Оросууд баялгаа Хятад руу зөөж байна
Хятадын шинэ Ерөнхийлөгчийн анхны айлчлал Орост болно. Өнгөрсөн намар Коммунист намын дарга болсон Ши Жинпин энэ сард Хятадын Ерөнхийлөгчөөр томилогдох юм. Харин түүний дараа Кремлийг зорих нь. Тэр үеэр Оросын төрийн мэдлийн “Роснефть” компани Хятадын Засгийн газраас тэрбумаар тоологдох зээл авч, “Газпром” нь тус улсын зах зээл рүү нэвтрэх гарцаа эрэлхийлэх аж. Харин Хятадууд давуу байдлаа ашиглан эрчим хүчний хэрэглээгээ хямд үнээр хангана хэмээн баярлаж байгаа бололтой.
“Газпром”-ын хувьд Хятадын зах зээл рүү нэвтрэх боломжийг нэлээд эртнээс хайх болсон
Ингэхдээ тус улсын эрх баригчидтай урт хугацааны тогтвортой гэрээ байгуулж, тэдний шаардаж байгаачлан байгалийн хийгээ хөнгөлөлттэй үнээр худалдах сонирхолтой байгаа аж.
Москвад хийх Ши Жинпиний айлчлалын үеэр түүнтэй Оросын эрчим хүчний салбарынхан уулзах юм. Тэр дунд нь “Газпром”-ын дэд ерөнхийлөгч Александр Медведев багтжээ. Тэрбээр Хятадын Үндэсний шатахууны корпораци /CNPC/-ын төлөөлөгчидтэй уулзаж, хэлэлцээр хийхээр болжээ. Хэлэлцээр гэдэг нь Сибирийн хоолойнуудаар дамжуулан Хятадын зах зээл рүү жилд 68 тэрбум куб.метр байгалийн хий нийлүүлэх тухай тохиролцоо юм. Оросууд энэ оны эцэс гэхэд гэрээгээ байгуулчихна гэж тооцож байгаа. “Газпром”-оос гаргасан албан ёсны мэдэгдэлд ч энэ тухай дурьдсан байна. Оросын эрх баригчид “Газпром”-ын энэхүү сонирхлыг дэмжиж байгаа. Энэ нь Хятад, цаашилбал, Азийн зах зээл рүү орж байж тэд Европоос хэт хамаарахаа болино гэж тооцож буйтай нь холбоотой юм.
Владивосток хот /хүн амын тоо 592,069/
Орос, Хятадын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй бололтой. Номхон далай дахь Оросын боомт хот болох Владивостокт байгалийн хийн томоохон төслийг хэрэгжүүлж байгаа. Дөрвөн жилийн дараачаас эхлэн Якутын зүүн, хойд хэсэгт Чаяндын томоохон байгалийн хийн ордыг ашиглалтад оруулж, Владивостокын боомт хүртэл хийн хоолой тавих ажлыг эхэлсэн юм. Үүнд зориулсан хөрөнгө оруулалтыг “Газпром” компани хариуцаж байгаа билээ. Владивостокийн боомт бол Азийн зах зээл рүү түүхий эдээ нийлүүлэх Оросын сонирхлыг хэрэгжүүлэхэд яв цав тохирох газар. Харин энд Хятадын компаниудтай хамтрах саналыг Оросын шадар сайд Аркадий Дворкович танилцуулсан байна. Зүүн Сибирийн байгалийн хийн томоохон нөөцийг Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд руу тээвэрлэнэ гэдэг маш ашигтай ажил гэдгийг хятадуудад ойлгуулах нь Кремлийн удирдагчдын ажил болж таарав.
Ийнхүү “Газпром”-ынхон ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн дэмжлэгийг авч, Хятадтай хамтрахаар чармайх зуур “Роснефть”-ийнхэн хөдөлж эхэлжээ. Тус компанийн тэргүүн Игор Сечин өнгөрсөн долоо хоногт Бээжинд очиж, эрх баригчидтай нь байгалийн хийн хэлэлцээр байгуулах талаар ярилцсан байна. Тэр Оросын түүхий эдийн гадаад худалдаан дахь “Газпром”-ын ноёрхлыг эсэргүүцэж байгаа нь энэ юм гэнэ.
“БАСФ” компанитай 2007 онд хөрөнгө солилцсоны дүнд “Газпром” групп төрийн мэдлийн 9 орд бүхий нефтийн хоёр газрын 49 хувийг эзэмших болжээ.
Хятадын эрх баригчдад Игор Сечиний санал болгож байгаа зүйл нь Оросын Алс Дорнод дахь Сахалины арал юм. Тэндхийн байгалийн хийн орд газруудад Хятадын компаниудтай хамтрах хүсэлтийг И.Сечин тавьжээ. Үүнтэй зэрэгцээд байгалийн хийн үйлдвэрлэлээрээ “Газпром”-ын дараа ордог Оросын томоохон компаниудын нэг болох “Новатек” Хятадын “Yamal LNG” компанитай Сибирийн баруун хэсэг дэх төслүүдэд хамтрах хүсэлтээ гаргасан байна. Түүнээс гадна 20 тэрбум ам.долларын төслийг нь санхүүжүүлэх өөр хамтрагчдыг ч хайж байгаа аж.
“Роснефть”-тэй холбоотой өөр нэг асуудал бол тус компани Хятадын “CNPC”-аас 30 тэрбум ам.долларын зээл авч магадгүй байгаа. “TNK-BP”-г худалдан авах гэрээ байгуулж, 55 тэрбум ам.доллар бэлнээр төлөх шаардлагатай болсон “Роснефть” компанид тийм их хэмжээний хөрөнгө байхгүй бололтой. Одоогоор тус компани Хятад руу өдөрт 300 мянган баррель түүхий нефть нийлүүлж байгаа. Хэрэв тэд амжилттай зээл авч чадвал Хятад руу экспортлох газрын тосны хэмжээгээ хоёр дахин нэмэх болзол тавьж байгаа аж.
“Роснефть”-ийн экспортолж буй 300 мянган баррель нефтийг мөн л өмнө нь тусгай хэлэлцээрийн дагуу нийлүүлэхээр болсон юм. Тухайн үед “Транснефть”-тэй хамтран Хятад руу тавьж буй хийн хоолой барих ажлыг санхүүжүүлэхийн тулд Хятадаас зээл авч байжээ. Ингэхдээ 15 жилийн турш өдөрт 300 мянган баррель түүхий газрын тос экспортлохоор болсон юм. Харин энэ удаад дахин зээл авахаас гадна “Газпром”-ын монопольчлолыг эсэргүүцэж, томоохон байгалийн хийн төслүүдэд Хятадын компаниудтай хамтрах санал гаргаж эхэлжээ.
Хязгааргүй өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангахын тулд Хятадын удирдагчид үргэлж толгойгоо гашилгадаг. Тэр ч байтугай Оросын талтай хамтрах хэд хэдэн удаагийн оролдлого нь бүтэлгүйтэж үнэ хөлсний тал дээр тохиролцож чадаагүй тохиолдол ч бий. Гэвч энэ удаад тэд азтай байна. Оросын өнгөтэй өөдтэй ордуудыг эзэмшдэг толгой компаниуд нь хятадуудад байдгаа өгөхөд бэлэн болчихож. Одоогийн байдлаар Хятадын Засгийн газар Австрали, Ойрхи Дорнод, өмнөд Америкаас байгалийн хий авч байгаа бөгөөд эдгээр газрыг төв Азитай холбосон хийн хоолойнуудыг хариуцаж байгаа. Ямартай ч Москвад Орос, Хятадын тал ямар ч хэлэлцээрт хүрсэн бай хамаагүй, энэ удаад Ши Жинпиний гарт илүү ашигтай хөзрүүд байна гэж дүгнэж болохоор байна.