Сайд Л.Болд чуулга уулзалтад оролцож байна
НҮБ-ын Соёл, иргэншлийн холбооны V чуулга уулзалт хоёрдугаар сарын 26-ны өдөр Австрийн нийслэл Вена хотод эхэллээ. Чуулга уулзалтад манай улсаас Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
2013.03.01

Сайд Л.Болд чуулга уулзалтад оролцож байна

Сайд Л.Болд НҮБ-ын Соёл, иргэншлийн холбооны чуулга уулзалтад оролцож байна

НҮБ-ын Соёл, иргэншлийн холбооны V чуулга уулзалт хоёрдугаар сарын 26-ны өдөр Австрийн нийслэл Вена хотод эхэллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-Мүн, Катар Улсын Эмир, Австри, Румын, Македон Улсын Ерөнхийлөгч, Туркийн Ерөнхий сайд, Казахстаны Парламентын дарга, Австри, Бразил, Испани, Индонези зэрэг 36 орны Гадаад харилцааны сайд,  олон улсын байгууллагын тэргүүтэй өндөр дээд түвшний төлөөлөгчдөөс гадна хувийн хэвшил, иргэний нийгэм, шашны төлөөлөл, залуучуудын нийт 1000 гаруй төлөөлөгчид цуглаж, шашин хоорондын харилцааг хөхиүлэн дэмжих, ардчиллын зарчмуудыг бэхжүүлэх, чингэхдээ олон ургальч үзлийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэх юм байна. Чуулга уулзалтад манай улсаас Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Чуулга уулзалтын үеэр сайд Л.Болд Австрийн дэд Канцлер, Гадаад хэргийн сайд М.Шпиндэллэгэртэй албан ёсны уулзалт хийлээ.

Чуулга уулзалтын үеэр сайд Л.Болд Австрийн дэд Канцлер, Гадаад хэргийн сайд М.Шпиндэллэгэртэй албан ёсны уулзалт хийхдээ Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг тэмдэглээд энэ хүрээнд тодорхой үр өгөөжтэй арга хэмжээ, ажлуудыг зохион байгуулахаар хоёр тал төлөвлөж байгаагаа илэрхийлэв. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад хөгжүүлэх, түүний дотор боловсрол, эрүүл мэнд, хөрөнгө оруулалтын чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллах асуудлыг хөндөж ярилцлаа. Түүнчлэн манай Далайд гарцгүй орнуудын сургалт, судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллах, манай залуу дипломатуудыг Венийн Дипломатын академид мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах боломжтойг Австрийн тал илэрхийлжээ.

Уулзалтын төгсгөлд сайд Л.Болд Австрийн дэд Канцлер бөгөөд Гадаад хэргийн сайд М.Шпиндэллэгэрийг Монгол Улсад айлчилж, АОХН-ын Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцохыг урив. Үүнээс гадна сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга Вук Жеремич, Люксембургийн Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Ж.Асселборн, Арменийн Гадаад харилцааны сайд Э.Налбандиан, Мороккын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд С.Отмани нартай тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, чуулга уулзалтаар хөндөгдөж буй асуудлын талаар санал солилцсоны дээр АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцохыг урьжээ.

Мөн Гадаад харилцааны сайд Л.Болд Венийн Дипломатын академид зочилж, захирал Ханс Винклэртэй уулзаж, ярилцлаа.

Гадаад харилцааны сайд Л.Болд Венийн Дипломатын академид зочилж, захирал Ханс Винклэртэй уулзаж, ярилцахдаа Монгол Улсын ГХЯ-ны дэргэд Дипломатын академи байгуулахаар зорьж байгааг сайд Л.Болд илэрхийлж, түүнийг бодит ажил болгоход Венийн Дипломатын академитай хамтран ажиллаж,  тодорхой төсөл хэрэгжүүлэх, тухайлбал, туршлага судлах, боловсон хүчнээ сургах чиглэл дээр хамтран ажиллах санал тавив.

Х.Винклэр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, цаашид дурдсан чиглэлээр боломж бололцоог эрэлхийлэхээр болов. Венийн Дипломатын академи нь анх 1754 онд  байгуулагдсан дэлхийн ууган олон улсын харилцааны академи төдийгүй тус академитай ГХЯ хамтран ажиллах нь дипломат албаны чадавхийг бэхжүүлэх, олон улсын харилцааны чиглэлээр боловсон хүчнээ бэлтгэхэд чухал тулгуур болох ажээ.

Чуулга уулзалтын үеэр сайд Л.Болд улс төр, эдийн засгийн чиглэлээр ажилладаг Австрийн өдөр тутмын сонин болох “Der Standart”-д ярилцлага өгч, Монгол, Австрийн харилцааны хэтийн төлөв, хамтын ажиллагаа болон өнгөрсөн жил манай улс ЕАБХАБ-ын гишүүн болсонтой холбогдуулан цаашид тавих зорилтуудын талаар сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулав.

Харин өнөөдөр /II.28/ манай улс Австри болон Испани Улстай хамтран “Ардчилал, хүний эрхийн боловсролоор дамжуулан ардчиллыг төлөвшүүлэх нь” сэдэвт семинар зохион байгуулах бөгөөд Гадаад харилцааны сайд оролцож, үг хэлэх юм.