Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тухай хуулийн төслийг хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ, Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны газрын дарга нар, Дотоодын цэргийн штабын дарга, генерал Т.Хүрэлбаатар, Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Б.Баатархуяг, ҮЦХ-гийн удирдлагууд, төрийн бус байгууллагууд болон иргэдийн төлөөлөл 100 гаруй хүмүүс оролцлоо.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нээж хэлэхдээ “Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дагуу ундны усны нөөц газрыг хамран байрлах 960 га газарт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, газар нутгийн эрх зүйн хамгаалалтыг бий болгох, явуулж болох үйл ажиллагааны төрлийг тодорхойлох, төслийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалахад энэхүү хуулийн төслийн үндсэн зорилго оршиж байна.
2010-2012 оны хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн нутаг дэвсгэрт зургаан байршилд нийт 7,6 га газрыг нэр бүхий зургаан байгууллага, аж ахуйн нэгжид олгосон байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Баянзүрх дүүргийн 12, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх, Туул голын дагуу 960 га талбайд барихаар төлөвлөж, газрыг баталгаажуулахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байдаг. Гэвч 2010-2012 оны хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн нутаг дэвсгэрт зургаан байршилд нийт 7,6 га газрыг нэр бүхий зургаан байгууллага, аж ахуйн нэгжид олгосон байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хил хязгаарыг 1280 га-гаар төлөвлөж байсныг 960 га болгон багасган тогтоосон зэрэг зохисгүй үйлдэл гарсаар байна.
Энэ мэт сөрөг үйл ажиллагааны улмаас улс орны хэмжээнд чухалд тооцогдох энэхүү бүтээн байгуулалтыг баталгаажуулах, санхүүжилт зогсч хугацаа алдах зэрэг сөрөг үр дагаварууд дахин давтагдан гарч буйг таслан зогсоож, нэг мөр шийдвэрлэх шаардлага бидний өмнө тулгарч байгаа учир энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулж байна” гэлээ.
Хэлэлцүүлэгт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнөөгийн байдал сэдвээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг, Нийслэлийн усны эх үүсвэр ба Үндэсний цэцэрлэгт хүрээлэн сэдвээр Ус сувгийн газрын Бодлогын хэлтсийн дарга Б.Батсүх, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлал сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн танилцуулга сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Г.Мөнхтулга нар илтгэл тавьж оролцогчдын асуултад дэлгэрэнгүй хариуллаа. Мөн оролцогчдын саналыг авч хуулийн төсөлд тусгахаар болсноор хэлэлцүүлэг өндөрлөв.