Сансарын чиглэлээр магистрийн тэтгэлэг зарлагдлаа
2013.02.15

Сансарын чиглэлээр магистрийн тэтгэлэг зарлагдлаа

Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас “Сансрын технологийн хэрэглээ”-ний Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны 11 дүгээр сарын 24-ний Засгийн газрын 137 тоот тогтоолоор “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг  баталсан бөгөөд үүний нэг дэд зорилт нь Сансрын технологийн чиглэлээр хүний нөөцийг хөгжүүлэх юм.

Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага нь гишүүн орнуудынхаа сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд тус хөтөлбөрт Монгол улс 2008 оноос хойш оролцож байгаа билээ. 2013 оноос хөтөлбөрийн цар хүрээ өргөжсөнтэй холбогдуулан Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны газраас Монгол улсын сансрын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор тус тэтглэгийг нээлттэй зарлаж байна. Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны газраас тус байгууллагын албан ёсны гишүүний хувьд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон Монгол улсын сансрын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор тус тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай:

20 дугаар зууны сүүлийн хагаст хүн төрөлхтний техник, технологид гаргасан хамгийн бахдам амжилтуудын нэг бол сансрын технологи болон түүний хэрэглээг амьдралд нэвтрүүлсэн явдал бөгөөд өнөөдөр сансрын технологийн хэрэглээ нь олон улсын хөгжилд голлох үүрэг гүйцэтгэж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бэйханг Их Сургуулийн санаачилгаар 2006 оноос эхлэн тус хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

Бэйханг Их Сургууль нь хуучнаар Бээжингийн их сургуулийн Агаар мандал, Сансар судлалын сургууль бөгөөд 1952 онд байгуулагдсан. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны сургууль бөгөөд Хятадын шилдэг-16 сургуулийн нэг юм.

Суралцах чиглэл:

  1. Байршил тогтоох хиймэл дагуулын систем” – 2 хүн
  2. “Зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн систем” – 2 хүн

Хугацаа:  2013  оны 9 дүгээр сараас 2014 оны 6 дугаар сар хүртэл 1 жил 9 сар

Тэтгэлэгийн хэмжээ:

-       Сургалтын төлбөр;

-       Дотуур байр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);

-       Суралцах хугацааны амьжиргааны зардал (ойролцоогоор 1 сард 1700 юань);

-       Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр;

-       2 талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийзний төлбөрийг 1 удаа олгох.

Тавигдах шаардлага:

-   Монгол улсын иргэн байх;

- 2013 оны 2-р сарын 20-ны байдлаар 40 нас хүрээгүй байх (35 нас хүрээгүй өргөдөл гаргагчид шалгаруулалтад давуу тал эдлэнэ);

-  Англи хэлний дээд шатны мэдлэгтэйг гэрчлэх баримт (Унших, бичих, харилцан  ярих түвшний чадвартай байх);

- Монгол улсын Засгийн газар болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулийг тус магистрийн сургалттай холбогдох чиглэлээр Бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байх;

-  Дипломын голч дүн 3.0-аас доошгүй байх;

-  Өргөдөл гаргах хугацаа хүртэл тухайн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;

- Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах чадвартай байх (Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчид эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт орно).

Бүрдүүлэх материал:

-      Өргөдлийн маягт (татаж авах линк);

-      Дипломын болон дүнгийн хуудсын хуулбар. Англи хэл дээр, 2 хувь , нотариатаар баталгаажуулсан байх;

-      Багш, профессор болон удирдах албан тушаалтан болох 2 хүний битүүмжилсэн тодорхойлолох захидал;

-       Ажлын газрын тодорхойлолт;

-   Суралцах төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-гаас доошгүй үгтэй эссе);

-       Бүтээлийн жагсаалт;

-       Англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ.

Шалгаруулалт:

Бичиг баримтын шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчдыг МТШХХГ дээр ярилцлаганд урих ба шалгаруулалтын эцсийн шийдвэрийг Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйханг Их сургуулиас гаргана.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр