Монголд улстөрчдийн нөлөө бүхий сэтгүүл зүй байгаа
УИХ-аар хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Батцогттой ярилцлаа.
-Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг тухайн салбарын удирдлагад бүх хариуцлагыг үүрүүлэх гэсэн хууль болох нь гэж үзэж байна. Хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Ерөнхийлөгч уг хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулиар сэтгүүлчдийг эздийн дарамтаас чөлөөтэй байлгаж, хаана хаанаа хариуцлагатай байя гэдэг зарчим барьж байгаа. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийг үндэслэлгүй гүтгэн доромжилдог явдлыг таслан зогсоох, улстөрчид, төрийн байгууллагын ажилтнууд сэтгүүлчдийн эрх, хэвлэл мэдээллийн байгууллагын бодлогод нөлөөлөхийг оролддог явдлыг хязгаарлаж, чөлөөт сэтгүүл зүй хөгжих бололцоог нээхийг зорьсон хууль.
-Тэгвэл хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд хувийн бизнест нь хэтэрхий оролцож, тэдний эрх ашгийг зөрчсөн хууль болох нь гэж яриад байгаа л даа?
-Миний бодлоор тухайн байгууллагын эзэд бизнесийн ашгаа л бодох хэрэгтэй. Харин сэтгүүлчид яг өөрийнхөө итгэл үнэмшил, мэдрэмжээрээ асуудалд хандаж бичиж, нийтэлж, нэвтрүүлдэг байх ёстой. Гэхдээ ямар нэгэн байдлаар хэн нэгнийг зохиомлоор гүтгэж, доромжилж болохгүй. Хуулийн төслийн гол санаа нь энд л байгаа.
-Хуулийн төслийн бас нэг чухал заалт нь Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалт буюу гүтгэлэг доромжлолтой холбоотой заалтыг өөрчилж, тухайн сэтгүүлчид эрүүгийн хариуцлага үүрүүлэхгүй, торгох шийтгэл оногдуулахаар хуульд тусгасан. Ер нь, уг заалтаар ихэвчлэн сэтгүүлчид ял хүлээдэг. Тэгэхээр энэ заалтыг өөрчлөх нь хэр зүйтэй вэ?
-Хэвлэл мэдээлэл ардчилсан байх ёстой. Хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөр хангагдсан байх учиртай. Үүнийг нь төрөөс ямар нэгэн хэлбэрээр цензурдэхгүй байх хэрэгтэй. Гэхдээ мэдээ материалууд нь бодит баримтад тулгуурлаж, шүүх хяналтын байгууллагад очоод унадаггүй байх ёстой гэж ойлгодог. Энэ хуулийн хүрээнд сэтгүүлчдийн зөвлөл байгуулагдаж байгаа. Зөвлөлөөр тухайн сэтгүүлчийг шүүх хяналтын байгууллагаар шалгуулахгүйгээр өмгөөлж, хамгаалах эрх зүйн орчинг бий болгоно. Өөрөөр хэлбэл, тухайн зөвлөл сэтгүүлчийг шүүхэд очихоос нь өмнө эвлэрүүлэн зуучлуулах ажлыг хийнэ. Мөн сонинд гарч буй мэдээ материалын хариуцлагыг тухайн редакци хүлээх ёстой.
-Хэвлэл мэдээллийн аливаа гүтгэлэг, доромжлолд УИХ, Засгийн газрын гишүүд их өртдөг. Тиймээс УИХ-ын гишүүд энэ заалтыг өөрчлөх нь буруу гэж үзэж байна. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Гол асуудлыг сэтгүүлчдээс илүү улстөрчид хийдэг. Өөрөөр хэлбэл, улстөрчид өөрсдөө хэвлэл мэдээллийн байгууллагатай болчихсон. Тиймээс сэтгүүлчид тэдний даалгавраар ямар нэгэн довтолгоо хийдэг. Үүнийг л хуулиар хязгаарлая гэдэг санаа явж байгаа.
-Ардчилсан намынхан чөлөөт сэтгүүл зүйг бий болгосон мөртлөө өнөөдөр засгийн эрхэнд гарчихаад сайтын сэтгэгдлийг хаана, кабелын телевизэд цензур тогтооно гэж ярьж байна. Ингэх нь хэр зөв шийдвэр вэ?
-Сайтуудын сэтгэгдлийг хаана, хянана гэдэг бүтэхгүй асуудал. Монгол орон ардчиллын үлгэр жишээ орон гэж ойлгогдож байгаа. Ардчилсан гэгдэж буй зарим оронд тодорхой хэмжээгээр мэдээллийг нь хаах явдал байдаг л юм билээ. Энэ хууль батлагдсанаар сэтгүүлчийн эрхийг боомилж, хаах асуудал байхгүй гэж ойлгож болно.
Хамгийн гол нь, хаа хаанаа хариуцлагатай байя гэдэг зарчмыг ярьж байгаа.
Зарим сонинд нэг хүн очоод тэр тэгсэн юм гэнэ ээ гээд ярихад түүнийг нь сэтгэлийн хөөрлөөр эсвэл хэн нэгний захиалгаар нийтэлдэг. Уг нь тухайн эх сурвалжаас ямар баримт, нотолгоо байгааг нь шаардаж байж, түүнийг нь үндэслэж бичих ёстой.
-Хууль батлагдсанаар хэвлэл мэдээллийн эрх чөлөө бүрэн утгаараа хэрэгжих болов уу. Манайд хэвлэл, мэдээллийн эрх чөлөө байна уу?
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль эрх зүйн орчин, төрийн байгууллага гэхээсээ илүү улстөрчдийн хэтэрхий хараа, нөлөөнд орсон сэтгүүл зүй хөгжиж байна. Өөрөөр хэлбэл, хэвлэл, мэдээллийн ар талд улстөрчид ямар нэгэн хэмжээгээр байж л байгаа. Нам намаараа, үзэл бодлоороо талцаад нэгнийгээ гутаан доромжилдог. Мөн сайн зүйл хийлээ гэхэд хараар будаж, болохгүй зүйл хийснийг нь зохиомлоор цайруулж, нэр хүндийг нь өсгөдөг. Ард түмэн үнэн бодит мэдээллийг олон өнцгөөс авахыг хүсч байгаа. Тэгэхээр энэ хуулиар ард түмний хүсч буй үнэн бодит мэдээллийг олон өнцгөөс хүргэхийг хүсч байна. Энэ хуулийг муу хууль гэж үзэхгүй байгаа. Аливаа зүйл тодорхой хэмжээнд байх ёстой.Тухайлбал, манайхан төрийн хар хайрцагны бодлого, үндэсний эрх ашиг гээд ярьдаг. Үндэсний эрх ашиг гэдэг хайрцган дотор л бүх үйл ажиллагаагаа явуулах ёстой. Үүнээс цааш давж болохгүй.
-Хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болно гэдэгт гишүүд санал зөрөлдөж байсан. Таны хувьд алийг нь дэмжиж байгаа вэ?
-Нутгийн өөрөө удирдах байгууллага явуулж буй үйл ажиллагаа, хурлаа олон нийтэд мэдээлэх ёстой. Гэхдээ үүнийг далимдуулаад аймгийн ИТХ өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй. Энэ нь төрийн мөнгийг эрх баригчид өөрийн талдаа зарах гэсэн ойлголт. Тиймээс үүнийг болиулах хэрэгтэй. Аймаг орон нутагт хувийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд зөндөө бий. Эдгээрээр дамжуулаад ИТХ дүрэм журам үйл ажиллагаагаа сурталчлах боломжтой.