Д.Мөнхжаргал: Урамшууллыг “хавтгайруулж” олгож болохгүй
“Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхжаргал
2013.01.28

Д.Мөнхжаргал: Урамшууллыг “хавтгайруулж” олгож болохгүй

“Сүү” ХК-ны гүйцэтгэх захирал Д.Мөнхжаргалтай сүүний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хөгжлийн төлөв болон сүүний урамшууллыг олгоход үйлдвэрүүд ямар байдлаар оролцох ёстой талаар ярилцлаа.

-Шинэчлэлийн засгийн газар нэлээдгүй ажлыг хийж чих зөөлөнтэй байх шиг байна. Тэд нэг литр сүүнд 500 төгрөгийн урамшуулал гаргах асуудлыг нааштай хүлээж авсан. Та болон танай компаний зүгээс үүнийг хэр ашигтай хувилбар гэж харж байна вэ?

Арьс шир, ноос ноолуурын дараа сүүнд урамшуулал өгөх гэж байгааг ерөнхийд нь дэмжиж байна. Хамгийн гол нь урамшуулал өгөх механизмыг яаж зохицуулах нь сонин. Хаагуур, яаж өгөх нь асуудал болчихоод байгаа юм л даа.  

Малчид фермерүүд нэгдэж холбоо байгуулаад асуудлыг улс төржүүлж дарга цэрэгтэй уулзаж, мэдэгдэл гаргаад явж байна. Тэдний зүгээс өөрсдөө төсөл бичээд, сүүний үйлдвэр байгуулж сүүний компаниудтай өрсөлдөнө гэсэн. Үүнээс гадна холбоогоор дамжуулж сүүний урамшууллаа олгох ёстой ч гэж ярьж байна. Баахан л бичиг өргөж, бидэнтэй нэгд гэх юм. Гэтэл өнөөдөр нөгөө урамшууллын асуудал яг шийдэгдсэн гэвэл үгүй. Засгийн газрын түвшинд ямар ч гэсэн санал, төслөө боловсруулаад шийдэх шатандаа л явж байна. Урамшуулал нь 300 төгрөг байх уу, 500 төгрөг байх уу гэдгийг ч шийдээгүй.

-Урамшууллын сургаар янз бүрийн сонирхолтой хүмүүс явж байгаа байх л даа. Сүү үйлдвэрлэгчдийн зүгээс үүнд хэрхэн хандаж байна вэ. Танай байр суурийг сонирхмоор байна?

Сүү компани болон миний зүгээс урамшууллыг өгөхдөө тодорхой зорилготой байх ёстой гэж үзэж байна. Тэр зорилго нь хөдөө орон нутагт үйлдвэрлэгдэж  байгаа түүхий сүү буюу хэвийн сүүний чанарыг сайжруулахад чиглэх ёстой. Ингэж байж сүүний чиглэлийн цэвэр

Ангус цэвэр үүлдрийн үнээ. Жин 600 кг

үүлдрийн үнээг үржүүлэх сонирхлыг өдөөж, урамшууллыг авах фермүүд өөрсдөө шаардлагад нийцэхийн тулд эрчимжиж, хөгжих ёстой юм. Өөрөөр хэлбэл чанартай сүүг сүү боловсруулах үйлдвэр болон сүү хэрэглэгчдэд хүргэх тогтолцоог дэмжих нь урамшууллын туйлын зорилго байх хэрэгтэй.

Түүнээс биш хаа байсан Увсад үйлдвэрлэгдэж байгаа сүүнд урамшуулал өгнө гэж хавтгайруулахын оронд сүү үйлдвэрлэгчдэд сүүгээ өгч байгаа сүүн дээр фермерүүд болон малчдад урамшуулал олгох нь зөв. Урамшуулал авахыг хүсэгчид нь фермерийн аж ахуйтан байх гэсэн тодорхой шаардлага тавьж, зааглаж өгөх хэрэгтэй.

-Ямар шаардлагыг тавих хэрэгтэй вэ. Одоогийн фермүүд шаардлага хангадаггүй гэж үү?

Фермийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, технологио сайжруулах хүсэлтэй, амжилттай явж байгаа, хууль ёсны бүртгэлтэй, тогтмол хугацаанд үйл ажиллагаа явуулсан аж ахуйг сонгох нь зөв байх. Ямар ч гэсэн эхний ээлжинд урамшууллыг дээрх шаардлагыг хангасан фермд олгох хэрэгтэй. Хэрвээ ингээд шаардлага тавьбал бусад нь урамшууллыг авахын тулд өөрсдийгөө бэлдэж, технологио сайжруулна. Ийм зохион байгуулалтад орвол аяндаа сүүний салбар хөгжөөд ирнэ. Үүнээс гадна сүүгээ зарж амьдралаа залгуулах гээд байгаа юм уу, ноос ноолуураар ч явах гээд байгаа нь мэдэгдэхгүй байгаа хүмүүс тодорхой чиглэл рүүгээ илүү ажиллаж, хөгжих байх.

Ингэснээр зохион байгууллалтай фермерийн аж ахуйтай болох ёстой юм байна гэдгийг ойлгож эхэлнэ.

-Сүүний урамшууллыг чанарын үзүүлэлтэй нь холбож өгвөл Монголчууд чанартай сүүг уух боломжтой болно. Чанартай сүүг танайх шиг үйлдвэртэй компаниудад нийлүүлэх нь хэн хэндээ ашигтай. Тэгэхээр танай зүгээс урамшууллын тогтолцоонд их чухал үүрэгтэй оролцож, мөн үр дүнг нь хүртэх гол эх сурвалж болно. Үүн дээр та ямар байр суурьтай байна?

Сүү үйлдвэрлэгчдийн зүгээс мэдээж шаардлага тавина. Манайд нийлүүлэх сүүний чанарын тухайд гэвэл хэд хэдэн шалгуур үзүүлэлт байгаа.

Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээр Ази тивд дундаж нэг хүнд ногдох хэрэглээ 67.3 кг байхад, Европод-275.8 кг байна.

Ерөнхий температур, нягт нь ийм байх ёстой гэсэн үндсэн шаардлагуудаа тавиад шахаад өгөхөөр фермерүүд, малчид урамшууллаа авахын тулд сайн ажиллах ёстой болно. Ийм л хөшүүргээр төр урамшууллаа олговол бидний зүгээс дэмжихэд асуудал байхгүй.

Манай компани сүү нийлүүлэгчдээс чанартай сүү авахын тулд хөдөө орон нутгаар бүхэл бүтэн баг ажиллуулдаг. Малчид, фермийн аж ахуйн эрүүл ахуй, сүү саах технологи, малын эрүүл ахуй, зохистой дадлыг саальчдад олгох байдлаар анхаарч, зөвлөгөө өгдөг.

-Ингээд ярихаар сүүг ямартай үнээнд ч эхэлж олгох нь зүйтэй мэт. Таван хошуу малын сүүнд тэр чигээр нь урамшуулал олгох нь үр ашиггүй санагдаж байна?

Энд тэндгүй хавтгайруулчихвал ямар ч нэмэргүй. Хамгийн гол нь үнээнд өгнө ярих ёстой. Одоо болохоор алаагүй барын арьсыг өвчинө гэдэг шиг бөөн сенсаци болгоод байна. Бусад сүү үйлдвэрлэгчидтэй би уулзсан. Ерөнхийдөө бидний байр суурь нэгдмэл байгаа. Урамшууллыг ямар байдлаар өгөх нь хамаагүй. Хамгийн гол нь бид сүүний чанарыг сайжруулахын тулд сүү боловсруулах үйлдвэрлэгчид фермүүдэд шаардлага тавих эрхтэй байхаар л механизмыг зохицуулах ёстой.

Түүнээс биш гэв гэнэт холбоо орж ирээд дунд нь “ченж” хийгээд мөнгө дамжуулдаг үүрэгтэй болчихвол чанарын асуудал орхигдох болов уу гэж айж байна. Гэхдээ холбоо ямар сонирхолтой байхыг мэдэхгүй. Бидний зүгээс урамшууллыг өөрсдөөрөө дамжуулж малчдад тарааж өгөх сонирхол байхгүй гэдгийг хэлмээр байна.

-Сүү үйлдвэрлэхэд тулгамдаж буй асуудлыг ярина уу.  Нэг талаар төр бүхнийг дэмжих албагүй гэдгийг үйлдвэрлэгчид сайн мэднэ. Ер нь сүү үйлдвэрлэгчдийн хүрээнд хууль эрх зүйн болон татварын орчин хэр зэрэг тааламжтай байдаг юм бол. Энэ тал дээр асуудал байна уу?

Хамгийн том асуудал нь хөдөө орон нутгаас ирж байгаа хэвийн сүүний чанар. Үүн дээр нэмэх нь сүүний нийлүүлэлтийн хэмжээ. Зуны цагт бид хангалттай сүүгээ авч чаддаг. Өвөлдөө нийлүүлэлтгүй болчихдог. Манайх нөгөө л уламжлалт аж ахуйгаараа яваад байгаа юм чинь аргагүй.

Өвөл нийлүүлэлт багасч байгаа үед хэрвээ малчид, фермерүүд жоохон сэтгэвэл үнээгээ хавар, өвөлдөө тугалуулаад жилийн дөрвөн улирал сүү авах боломжтой. Ингэж чадвал жинхэнэ утгаараа фермийн аж ахуй болно. Бэлчээрийн мал шиг өвөлдөө арай хийж онд ордог байвал ферм гэж хэлэхэд хэцүү. Өвөлдөө тугална гэдэг чинь тухайн фермер өвөл ч гэсэн сүүнээсээ орлого олох боломжтой гэсэн үг. Өвөл сүүний үнэ өндөр байдаг учраас орлого ч өндөр байна. Зах зээлийн зарчмыг дагах ёстой. Гэтэл бодит байдал дээр фермер, малчид үнээгээ хавар тугалуулаад зуны үед маш их сүү үйлдвэрлэчихдэг. Тэгэхээр үүн дээр өвөл зуны улирлын хэлбэлзлийг арилгах дээр анхаарах хэрэгтэй.

Үүнээс гадна сүүний чанарыг сайжруулах гэж ажиллаж байгааг төр засгийн зүгээс үнэлж татвар болон янз бүрийн дэмжлэгээр дэмжиж байна уу гэхээр үгүй. Дотоодын сүү үйлдвэрлэгчид монголынхоо нийт хэрэгцээг хангах хэмжээний болж чадаагүй гэх мэдээлэл их байдаг. Статистикийн мэдээнээс ч тэгэж харагддаг. Үүн дээр үндэслээд судалгаа тооцоо хийхээр сүү үйлдвэрлэгчид юу ч хийж чадахгүй байгаа учраас дахин нэмж сүүний боловсруулах үйлдвэр, хуурай сүүний үйлдвэр байгуулна гэж ярих болсон.

Гэтэл сүү үйлдвэрлэгчидтэй уулзаад үзэхээр зах зээлийн бодит хэмжээний эрэлтийг хангахуйц үйлдвэрлэлийн хүчин чадал байгаа юм. Мэдээж цаашдын өсөн нээгдэх хэрэгцээг тооцоод өргөтгөлөө хийгээд явна. Гэтэл одоо хүчин чадал хангалттай байгаа үйлдвэрүүдээ дэмжих нь битгий хэл нэмж үйлдвэр барьж, өрсөлдөгч гаргаж ирэх гээд байгаа нь асуудал үүсгэж байна.

-Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны зүгээс хуурай сүүний үйлдвэр байгуулах бодлого барьж байгаа. Зундаа сүүний нийлүүлэлт хангалттай үед сүү цуглуулаад хуурай сүүний үйлдвэртээ нөөцлөөд, өвөл сүүтэй байвал хэрэгтэй биш гэж үү?

Хуурай сүүний үйлдвэр байгуулахын тулд зайлшгүй боловсруулах үйлдвэр барих ёстой. Сүүгээ боловсруулж байж хуурай сүү болгож хатаадаг юм. Иймэрхүү ажлуудыг сүүний үйлдвэрлэгчид бид нуруун дээрээ үүрээд явж байна. Сүүлийн үеийн үйлдвэрлэл, шинэ

Итали, Чех, Голланд, Герман, Япон, Энэтхэг зэрэг улсуудад сүү боловсруулах үйлдвэрийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг

технологийг монголд оруулж ирж, сав баглаа боодлоо шинэчлэх гээд зүтгэж байхад өшөө өрсөлдөгч нэмж өгнө гээд байгаа нь учир дутагдалтай. Биднийг дэмжье гэвэл татварын бодлогоо илүү оновчтой болгоод, хөгжлийн зээлэнд хамруулвал болж байна. Жилийн гурван хүүтэй хөгжлийн зээл өгвөл бидэнд тодорхой шаардлагуудыг тавьж болох юм. 2015 он гэхэд дотоодынхоо сүүний хэрэгцээг хангасан байх, техник технологио шинэчилсэн байх гэх мэтээр асуудлыг тавибал болно. Одоо арилжааны банкуудын 24 хувийн хүүтэй зээл бол арай дэндүү байна.

Хөгжлийн зээлээр дэмжвэл сүүний үйлдвэрлэл дараагийн шатанд очно. Мэдээж хөгжлийн зээлээр авах тоног төхөөрөмж дээр гаалийн татварыг тэглэх нь зүйтэй. Өмнө нь тийм хөнгөлөлт өгч байсан. Гэхдээ зөвхөн жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлж байсан. Бид нар энэ тал дээр хөнгөлөлт авч чадахгүй байна.

-Хөдөө орон нутгаас нийлүүлж байгаа сүүн дэр татварын хөнгөлөлт өгч байгаа гэж сонссон?

Тийм ээ. Гэхдээ зундаа хөнгөлөлтөө авчихаад өвөлдөө авахад хэцүү байгаа. Үүнд зохицсон уян хатан бодлого байвал зүгээр юм уу гэж харж байна. Түүнээс биш бидний зүгээс хууль боловсруулагчид, хөгжлийг тодорхойлж байгаа хүмүүст заах гээгүй шүү. Нөхцөл байдал ийм байна гэдгийг ойлгуулахыг хичээж байна.

-Хөдөө аж ахуйн салбарт сүүлийн үед хавтгайруулан урамшуула бодлого зонхилж байгаа мэт. Улаанбуудайнд олгосон урамшууллын гайгаар одоо гурилын үйлдвэрт хатуу, цэвэр сортын буудай байхгүй болчихоод байна. Мах нөөцөлж байгаа ч махны үнийг буулгаж чадахгүй л байна. Сүүнд урамшуулал олговол үр дүнгүй дэмжлэг болж хувирах вий гэсэн айдас зарим мэргэжилтнүүдийн зүгээс цухалзаж байгаа?

Тийм ээ. Чанартай нь холбоогүй хавтгайрсан урамшуулал ийм л ашиггүй. Сүүнд урамшуулал олгох нь тодорхой болоод механизм нь ойлгомжтой биш байгаа үед би олон юм яримааргүй байна. Хамгийн гол нь урамшууллын үр дүнд сүүний чанар сайжирч, сүүгээ үйлдвэрлэж, нийлүүлж байгаа хүмүүс толгойдоо юм суулгаад, зах зээлийнхээ системээр хөгжих ёстой. Малчид, фермерүүд зах зээлээ өөрсдөө сэтгэж олж авдаг байх ёстой. Нэг талаар энэ олон урамшуулал нийлүүлэгчдийг ангаахай болгочихоод байгаа нь харамсалтай. Дэмжлэгийг өгөх нь зөв. Тодорхой механизмыг зөв тодорхойлох хэрэгтэй.

Хөдөө орон нутагт малчдад янз бүрийн олон улсын төсөл хөтөлбөр хэрэгждэг. Амьжиргаа дээшлүүлэх хөтөлбөр гээд дандаа өгөөд сургачихсан. Өөрсдийг нь гүйлгэх, зах зээлээ олох, бүтээгдэхүүнээ зарах арга ухаанд хэзээ ч сургаагүй.  Олон жилийн хугацаанд ийм байдлаар явчихсан.

Тиймээс үүнийг зах зээлийн зөв гольдролд оруулах нь зөв.

Ярилцсанд баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.