2013.01.09

Гадаад өр 6,7 их наяд төгрөгт хүрсэн байна гэв

Засгийн газраас гаргаад байгаа бондын хэмжээ нийтдээ хэд болсон, хүүнд нь Монгол Улс өдөрт хэдий хэмжээний мөнгийг төлөх, эргээд энэ нь ямар хүндрэл үүсгэх сөрөг талтай байна вэ гэдгийг тооцож үзэх зорилгоор УИХ дахь МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нар багтжээ. Тэд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Хүүгийн өр нь өдөрт 270 орчим сая төгрөгийн хүү үүсгэж байна

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн тайлбарласнаар Сангийн яам, Монголбанкны мэдээллээр Монгол Улсын Засгийн газрын гадаад өр өнөөдрийн байдлаар 6.7 их наяд төгрөгтэй тэнцэхүйц хэмжээнд хүрчээ. Үүний гурван их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний өр нь 1990-2012 оны хооронд үүссэн өр аж.

Хөгжлийн банкнаас өнгөрсөн зургадугаар сард 580 сая ам.долларын бонд гаргасан, шинэчлэлийн Засгийн газар мөн оны өмнөхөн гадаад зах зээлд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан. Үүний хүүгийн өр нь өдөрт 270 орчим сая төгрөгийн хүү үүсгэж байгаа.

Нөхцөлийн хувьд “Чингис бонд”-ын 500 тэрбумынх нь хүүг таван жилийн дотор төлөх бол 1 тэрбумыг нь 10 жилийн хугацаанд багтааж төлөх ёстой. Арванхоёрдугаар сарын 6-нд “Чингис” бондын гүйлгээ хийгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар зөвхөн хүүнд найман тэрбум төгрөг төлөх тооцоо гарсан тухай гишүүд мэдээлэв.