Эмх замбараагүй байдал үүсвэл Ц.Элбэгдорж хариуцлагыг нь хүлээх ёстой
Д.Тэрбишдагва: Монгол Улсын Шатар сайд
2012.12.07

Эмх замбараагүй байдал үүсвэл Ц.Элбэгдорж хариуцлагыг нь хүлээх ёстой

МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхээс дөрвөн жилийн ял сонссон. Гэвч түүний улс төр дэх тоглолт үл дуусах бололтой. МАХН-ын Засгаас гарах тухай “шантаж” өнгөн дээрээ гишүүдийн тэмцэл мэт харагдаж буй боловч хачир дээрээ Н.Энхбаярын явуургүй үйл ажиллагааны нэг болохыг ажиглагчид өгүүлж байна.

Өнөөдөр МАХН-ын дэд дарга, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Тэрбишдагва Төрийн ордонд улс төрийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдлын талаар товчхон мэдэгдэл хийлээ.

МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар юу хэлэлцэв?

МАХН МҮАН, Иргэний зориг Ногоон намтай “Шударга ёс” эвсэл байгуулахдаа Монгол улсад ардчилал, шударга ёс бэхжүүлэхийг нэн тэргүүнд тавихаар харилцан тохиролцож хамтын ажиллагааны суурь зарчмыг тунхагласан. Гэтэл улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх явдал улам бүр гүнзгийрч, МАХН болон түүний гишүүдийг ялгаварлан гадуурхах, үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хууль бусаар хязгаарлах явдал газар авсаар байгааг та бүхэн мэдэж байгаа. Үүний тод жишээ бол Орон нутгийн сонгууль.

Орон нутгийн сонгуульд МАХН-ыг хавчин гадуурхагдаж, хэлмэгдүүлэлтэд ихээр өртсөн.

Аймаг, сум, дүүргийн тойргийн хороо МАХН-ыг бүртгэхгүй байх, МАХН-аас нэр дэвшигчийг хасах зэргээр хавчин гадуурхсан. Энэ үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. МАХН-аас орон нутгийн сонгуульд 8000 гаруй гишүүн нэр дэвших мандат авах эрхтэй байсан. Харамсалтай нь МАХН-аас 2000 гаруйхан хүн нэр дэвшсэн. Өөрөөр хэлбэл МАХН-ыг хууль бус шалтаг шалтгаанаар, зарим үед ямар ч шалтгаангүйгээр хассаар манай нэр дэвшигчдийн 30 хувь орон нутгийн сонгуульд орох эрхтэй болсон.

МАХН-ын нэр дэвшигчдэд шүүхийн шийдвэр гарсаар байтал нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгохгүй байсаар зарим газар гуравхан хоног сурталчилгаа хийх боломж олгосон. Иймэрхүү байдлаар МАХН-ын гишүүдийн хавчин гадуурхаж, хэлмэгдүүлэх ажиллагаа явагдаж байна гэж үзэж байгаа юм.

Сонгуулийн хороодод МАХН-ыг дэмжсэн саналын хуудсууд олноороо хүчингүй болсон. СХД-т санал тэмдэглэгдээгүй саналын хуудас 9000 хүрсэн. Уржигдар буюу 12 дугаар сарын 5-ны өдөр болсон МАХН-ын гүйцэтгэх товчооны хурлаар дээрх асуудлыг ярилцлаа. Дээрх байдлаар сонгох, сонгогдох эрх зөрчиж, хэлмэгдүүлж байгаад анхааран ажиллах чиглэлээ гаргасан.

Хэлмэгдүүлэлт, сонгох, сонгогдох эрх чөлөөний асуудал энэ мэтээр үргэлжлээд байгаа тохиолдолд шударга ёсны төлөө ажиллаж байгаа Засгийн газар хэр анхаарал хандуулж байна вэ?

МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаас МАХН-ын дэд дарга, УЗ-ийн гишүүн Д.Тэрбишдагва Засгийн газарт ажиллах эсэх, мөн Засгийн газраас гарах эсэх талаар МАХН МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхээ бүлгийн нөхдүүдтэй ярилцах ёстой гэсэн агуулгын чиглэл өгсөн. “Шударга ёс” эвслийн гишүүд Засгийн газартай холбоотой асуудлаар хэлэлцээр хийж ярьж байна. Тиймээс Батцэрэг дарга бид хоёр маргааш хэвлэлийн хурал хийнэ гэсэн бодолтой байна. “Шударга ёс” эвсэл шударга бус үйлдлийн эсрэг ажиллана.

Цаашид яах вэ?

Хэрвээ энэ байдлаас улс төрийн тогтворгүй байдал үүсвэл МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хариуцлага хүлээхгүй. Шударгаар бус, хууль хяналтын байгууллагад нөлөөлж байгаа, хууль хяналтын байгууллагыг хараат биш болгож байгаа тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуцлагыг хүлээх ёстой гэсэн байр суурьтай байна. Үндэсний эрх ашиг гэдэгт бид сонгох сонгогдох эрхийг хамгийн түрүүнд тавьж байгаа. Үүний дараагаар хувь хүн, намын эрх ашгийг тавьж байгаа. Тиймээс маргаашнаас эхлээд Ерөнхий сайд Алтанхуяг, Иргэний зориг намын дарга С.Оюун нартай хамтран ярилцана. Шаардлагатай гэж үзвэл Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд хандана.