Н.Энхбаяр өлсгөлөн зарлаагүй гэнэ
Өнөөдөр Н.Энхбаяр гэдэг хүн цагдан хорих 461 дүгээр ангид бий.
2012.12.27

Н.Энхбаяр өлсгөлөн зарлаагүй гэнэ

Дэлхий сөнөнө гэх айдастай өдөр буюу арванхоёрдугаар сарын 21-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Хоёрдугаар эмнэлгээс хорих руу шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрлөө. Хорих руу шилжүүлснээс хойш түүний тухай "Өлсгөлөн зарлана" гэх мэдээлэл цацагдах болсон. Ямартай ч одоогийн байдлаар эмчилгээ хийлгэхгүй байгаа учир бие нь улам сульдаж байгаа гэнэ. Хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа бие нь төдийлөн сайжрахгүй байсан бөгөөд хооллохдоо бага зэргийн шөл ууж байсан гэх. Харин одоо бол хорихын хоолыг идэж чадахгүй байгаа учир хүссэн, хүсээгүй өлсөж буй аж. Түүнийг өлсгөлөн зарласан гэх мэдээллийг лавлахаар намынх нь гишүүдээс тодруулсан юм.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан: Өлсгөлөн зарлах эсэх нь хүний эрх

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан

-Н.Энхбаяр даргыг өлсгөлөн зарласан гэх албан ёсны мэдээлэл байхгүй. Саяхан уулзсан учир биеийн байдал нь хэвийн байгаа. Өлсгөлөн зарлах эсэх нь хувь хүний эрхийн асуудал. Тиймээс нь намын зүгээс өлсгөлөн зарла, өлсгөлөн зарлаж болохгүй гэх байдлаар хэлэх ямар ч үндэс байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл үүнд нам нөлөөлж чадахгүй.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба: Өлсгөлөн зарлана гэж яриагүй

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

-Н.Энхбаяр даргатай уулзсан. Өлсгөлөн зарлана гэж яриагүй. Хэвлэл мэдээллээр өлсгөлөн зарлана гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ хүнийг эрчимтэй эмчлэх шаардлагатай байна. Одоогоор эмчилгээ хийлгэхгүй байна. Эмч нарын дүгнэлтийг үндэслэн арга хэмжээ авах хэрэгтэй.

 

 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Н.Энхбаяр дарга цаашид ямар алхам хийхийг хэлж мэдэхгүй байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

-МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээлэл байна уу?

-Засгийн газрыг байгуулах өдөр буюу Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг томилох мөчид Ганцхудагт Н.Энхбаяр дарга татаж унаад толгойгоо хагалчихсан юм. Түүнээс хойш хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж байсан. Харин миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гарсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга н.Ядамдоржтой уулзсан. Тэгэхдээ "Өмгөөлөгч нар нь танд хандсан юм байна. Энэ хүн эмнэлэгт удаан эмчилгээ хийлгэж байна. Тиймээс биеийн байдлынх нь талаар дүгнэлт гаргаач ээ" гэдэг хүсэлт тавьсан. Харин надад бичгээр хариу өгөхдөө "Дээд шүүхийн шийдвэр гартал юу ч хийх боломжгүй" гэсэн. Дээд шүүхийн шийдвэр гарахын өмнө прокурор н.Мөнхбат гэдэг хүн энэ хүнийг эмнэлэгт байж болохгүй юм шигээр мэдээлэл хийж байсан. Би хувьдаа гайхаж байлаа. Ингээд л хорих руу авч явсан. Одоогоор биеийн байдал нь ямар байгааг хэлж мэдэхгүй байна.

-Өлсгөлөн зарлана гэж байгаа гэдэг үнэн үү?

-Ний нуугүй хэлэхэд монгол хүн бүр жудагтай баймаар юм. Ядарч байгаа хүний араас муу хэлэхгүй байх хэрэгтэй юм шиг. Миний хувьд энэ хүн эрүүл саруул байх ёстой. Би хэлж байгаа "Дарга аа, та өлсгөлөнг битгий сонгоорой. Та эрүүл байх ёстой. Та зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүний өмч биш. Улс орны, гэр бүлийнхээ өмч нь шүү" гэсэн юм. Асуудал байгаа учир Н.Энхбаяр дарга цаашид ямар хурц алхам хийхийг хэлж мэдэхгүй байна. Манай намынхан үүнд ихээхэн анхаарч бас санаа зовж байна. Шадар сайд Д.Тэрбишдагва Монгол, Оросын Засгийн газар хоорондын хуралдааныг даргалж байх үед Н.Энхбаяр даргыг хорих руу аваад явчихсан. Ийм нөхцөл байдлыг албаар үүсгэсэн гэж үзэхээс өөр аргагүй байгаа юм. Бүлэг дээр асуудлыг тохирчихсон мөртлөө Д.Батцогт гэдэг хүн сонин юм яриад явж байна.

Тэдний хэлж байгаагаар Н.Энхбаяр өлсгөлөн зарлахгүй нь. Гэхдээ байдал цаашид хэрхэн өрнөхийг хэн ч хэлж мэдэхгүй юм. Түүний биеийн байдал дээрдээгүй байхад хорих руу авч явсан гэж намынхан нь үзэж буй. Тэрбээр өмнө нь өлсгөлөн зарласнаас болж биеийн байдал нь хүндэрсэн. Тэр байдал нь одоог хүртэл дээрдээгүй байгаа гэх.

МАХН-ынхны хэлж байгаагаар Н.Энхбаяр ял эдлэх боломжгүй, эмнэлэгт байж биеэ тэнхрүүлэх ёстой гэдэг үүднээс асуудалд хандаж буй.

Шүүх хуралдаанаар Н.Энхбаярыг Японы Буддын шашны "Агошү" байгууллагаас бэлэглэсэн телевизийн тоног төхөөрөмжийг завшсан, Ж.Мягмаржаргалтай хамтран "Эрдэнэт" үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг шалгасан хэдий ч хангалттай нотлогдоогүй хэмээн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Дээд шүүхээс Н.Энхбаярт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож 2.6 жилийн хорих ял оногдуулсан. Үүнийг өмгөөлөгчид нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тэмцэнэ гэдгээ ч мэдэгдсэн. Ямартай ч өнөөдөр Н.Энхбаяр гэдэг хүн цагдан хорих 461 дүгээр ангид бий.
Хэрэв Н.Энхбаяр өлсгөлөн зарлахаар шийдвэл яах вэ. МАХН-ынхан энэ тохиолдолд ямар алхам хийх нь сонин. Өнгөрсөн удаа хийсэн тэдний алхам бүтэлгүйтсэн. Юу гэхээр Засгийн газраас МАХН-ынхан гарахаараа "айлгаж", намын даргаа суллуулах зорилготой байсан боловч тэд тэгж чадаагүй. Харин ч эсрэгээрээ өөрсдөө тогтвортой, баттай байж чадахгүй гэдгээ харуулж орхисон. Ардчилсан намынхан МАХН-ынхнаас айх нь битгий хэл, "Шударга ёс" эвсэлд хамтарсан субъект нь үл ойшоосон. МАХН-ын зүгээс "Бид Н.Энхбаяр эрх ашиг эхэлдэг. Н.Энхбаяр гэдэг хүнийг улс төрийн хэлмэгдүүлэлтээр хохироож байна. Тиймээс XXI зууны улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө засгаас гарах гэж байгаа юм" гэсэн. Энэ нь ч мөн олон нийтийн дэмжлэгийг авсангүй. Гагцхүү Н.Энхбаярыг аврах гэж зүтгэж байна гэдэг өнцгөөс л харагдсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Энэ байдлыг өөрчилж, өөрсдөдөө нэр хүнд олох арга замыг хайж байтал МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорих руу авч явсан. Тиймээс МАХН-ын парламентад суугаа гишүүд болон сайд, агентлагийн дарга нарт хүндрэлтэй байдал үүслээ. Магадгүй намын даргаа аврах тэдний сүүлийн арга өөрсдөө өлсгөлөн зарлах байж болох юм.