Гаалийн тарифын хуулийг анхны хэлэлцүүлгээр дэмжлээ
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2012 оны эхний 6 сард 5575.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.2 хувиар буюу 857.2 сая ам.доллараар нэмэгдсэн
2012.12.26

Гаалийн тарифын хуулийг анхны хэлэлцүүлгээр дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо болон эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Тус хуралдаанаар “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Гишүүдэд гаалийн тарифтай холбоотойгоор асуулт байгаагүй. Харин С.Дэмбэрэл гишүүн зарчмын зөрүүтэй санал гарч, төсөл санаачлагдаас асуулт асуув. Тэрээр ярихдаа: “Гаалийн хуулийн шинэчлэлийн үзэл санааг ерөнхийдөө дэмжиж байгаа. Энэ чиглэлээр хамтарч ажиллана. Энд зарим нэгэн үл ойлголцол, дутуу боловсруулсан зүйл заалт байна. Тухайлбал гадаад худалдаанд шаардлагатай зарим баримт бичгүүдийн тоог багасгаж байгаа ч гэсэн зарим баримт бичгүүд шинээр хүнд суртал үүсгэх магадлалтай. Тарифын бус хязгаарлалттай холбоотой заалт, мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдолтой хоёр заалт эргэлзээ төрүүлж байна. Энэ хоёр яг гадаад худалдааны бодлогын баримт бичиг болох уу үгүй юу гэдгийг бодолцох хэрэгтэй.

Хоёрдугаарт гарал үүслийн гэрчилгээний талаар эдийн засгийн байнгын хороо болон төсвийн байнгын хорооны дарга нарт  тодорхой санал өгсөн. Гарал үүслийн гэрчилгээг бүх бараа бүтээгдэхүүн дээр шаардах нь зөв. Үүнийг бодлогын үндсэн баримт бичигт тусгахгүй бол болохгүй. Хэрвээ хоёрдогч баримт бичигт оруулчихвал ач холбогдол нь буурна. Хятад улсад үйлдвэрлээд бэлэн болгочихсон бараа бүтээгдэхүүнийг манай улсад савлаад Made in Mongolia гэж байгаа нь буруу. Энэ нь цаашдаа манай дотоодын үндэсний үйлдвэр, компаниудын өрсөлдөх чадварыг бууруулах аюултай. Бодит амьдрал дээр ийм зүйл өч төчнөөн байна” гэсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч Ч.Сайханбилэг хариулахдаа: “Энэ хуулийн төслийг боловсруулахад их өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан. Сангийн яам, гааль, хувийн хэвшил, мэргэжлийн хяналтын байгууллага гээд бүгдийнх нь саналыг сонссоны эцэст дөрвөн баримт бичиг орж ирж байна.

Үнэхээр зарим бараанд гарал үүслийн гэрчилгээг шаардахаас өөр аргагүй. Жишээ нь тэсэрч дэлбэрэх бодис, салют гээд. Эдгээрийг дурын хүн, компани оруулж ирж болохгүй. Яг энэ бараанууд дээр зөвшөөрөл шаардаж байгаа. Зарим бараанд мэргэжлийн хяналтаар шалгуулсан дүгнэлтийг шаардана.

Өмнө нь гарал үүслийн гэрчилгээг заавал бүрдүүлэх баримт бичгүүдэд оруулж тооцдог байсан. Харин одоо импортолж авч байгаа тал нь шаардсан тохиолдолд эсвэл тухайн импортолж байгаа улс нь татварын болон бусад хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх үед гарал үүслийн гэрчилгээг тухайн компани авч болно гэсэн байдлаар зохицуулагдана” гэсэн. Ийнхүү нэмэлт тайлбар, хамгаалалт хийсний эцэст С.Дэмбэрэл гишүүн саналаа татаж авахаар болж, Д.Эрдэнэбат хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргалаа. Түүний саналыг гишүүдийн олонхи дэмжиж анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн юм.