2012.12.21

Лабораторийн спиртийг хилээр нэвтрүүлж байхаар боллоо

 “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы үдээс өмнөх  хуралдаанаар баталлаа.

Одоо мөрдөж буй Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтад “Бүх төрлийн спирт”-ийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон учир спиртийн бүх уламжлалын бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй байгаа аж.

Түүнээс болоод Эм, биобэлдмэлийн лабораториуд төдийгүй Хүнс, хор судлалын, Таримал ургамлын үр хорио цээрийн, Нян судлалын лаборатори, Гаалийн хяналтын төв лаборатори, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, эмнэлгийн нян судлалын болон эд эсийн шинжилгээ хийдэг клиникийн лабораториудад өндөр буюу 99 хувиас дээш цэвэршилттэй метанол, этанол, пропанол, бутанол, пентанол зэрэг спиртийн уламжлалын бодисуудыг өдөр тутмын физик-хими, химийн болон эд, эсийн шинжилгээнд ашигладаг.

Гэтэл этанолоос бусад спиртийг манай улсад үйлдвэрлэдэггүй бөгөөд үндэсний спиртийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэж байгаа этилийн спирт нь 96 хувийн цэвэршилттэй байдаг нь лабораторийн өндөр мэдрэг тоног төхөөрөмжид тохирохгүй байгаа юм байна. Тиймээс дээрх жагсаалтад өөрчлөлт оруулах талаар тогтоолын төсөлд тусгасан юм байна. Ингэхдээ жагсаалтад “Бүх төрлийн спирт” гэснийг “Лабораторийн зориулалттайгаас бусад бүх төрлийн спирт” гэж өөрчлөхөөр байгаа ажээ.

Төсвийн байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд тус байнгын хороо анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Байнгын хорооны санал нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэг авч батлагдлаа.