Д.Дэмбэрэл гишүүн хууль зөрчсөн учир үндсэн хуулийн цэцэд хандана
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Р.Бурмаа
2012.07.26

Д.Дэмбэрэл гишүүн хууль зөрчсөн учир үндсэн хуулийн цэцэд хандана

УИХ-ын гишүүн Р.Бурмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын даргаар З.Энхболд гишүүнийг сонгосон чуулганы хуралдааныг хууль бус болсон гэж Ардын намынхан тайлбарлах боллоо. Та энэ тайлбарыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 11.2-т “Шинээр сонгогдсон гишүүдийн тангараг өргөх ёслол үйлдэж дуустал Ерөнхийлөгч, УИХ-ын даргыг сонгож дуустал УИХ-ын хамгийн ахмад гишүүн чуулганы хуралдааныг зохион байгуулж даргална” гэж заасан. Харин Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д чуулганы хуралдаан олонхи нь хүрэлцэж ирснээр хүчинтэй гэж заасан байдаг. УИХ-д 57-оос дээш гишүүн тангараг өр-гөсөн байх юм бол тухайн УИХ бүрэн эрх нь хэрэгжих чадамжтай гэсэн үг. Харин одоогоор 69 гишүүн тангараг өргөөд байгаа. Энэ утгаар УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх хууль эрх зүйн чадамжтай. Тэгэхээр энэ бол 69 гишүүний 50 хувь нь буюу 35-аас дээш гишүүн ирсэн бол тухайн чуулган Үндсэн хуулийнхаа дагуу хэвийн үйл ажиллагаагаа явуулна.

Тэгэхээр Их хурлын даргыг сонгож дуустал насаар хамгийн ахмад гишүүн чуулганы хуралдааныг зохион байгуулж даргална гэж байгаа юм. Үүнд ямар нэг байдлаар УИХ-ын гишүүдийн нийт бүрэлдэхүүний хамгийн ахмад нь ч юм уу эсвэл тангараг өргөсөн гишүүдийн хамгийн ахмад нь гэж тухайлан заагаагүй. Дэгийн тухай хуульд тухайн хуралдаанд оролцож байгаа гишүүдээс хамгийн ахмад нь хуралдааныг удирдаад явуулна гэсэн. Энэ бол ямар нэг субьектийн хүчин зүйлээс үл хамааран төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой гэдэг зарчим дээр үндэслэж байгаа юм. Хэрэв нийт бүрэлдэхүүний эсвэл тангараг өргөсөн гишүүний зөвхөн нэг нь даргална гэх юм бол тухайн хүнд ямар нэг эрсдэл гарч, өвдлөө гэхэд төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдал алдагдах болчихно.

Тиймээс ч төрийн үйл ажиллагаанд асуудал гарлаа гэхэд орлодог хүн байдаг. Жишээ нь, УИХ-ын даргыг дэд дарга нь орлоно, Ерөнхийлөгч эзгүй үед Их хурлын дарга орлоно гэх мэтээр нөөц хувилбарууд бий. Тухайн хуралдааны үед хамгийн ахмад нь хурал удирдахаас биш тангараг өргөсөн гишүүдээс хамгийн ахмад нь заавал даргална гэсэн заалт байхгүй. Хоёрдугаарт, УИХ-ын чуулганыг завсарлуулах учиргүй байсан. УИХ-ын чуулганыг бусад гишүүд эзгүй гэдэг нэрээр завсарла гэж Д.Дэмбэрэл гуай хэлсэн. Нэгэнт Үндсэн хуулийн 27.6-д байгаагаар 35 ба түүнээс дээш гишүүд нь ирчихсэн байхад хуралдаан хэвийн үргэлжлэх байсан. Гэтэл зарим гишүүн ирээгүй гэдэг шалтгаанаар хойшлуулсан нь хууль бус. Тэгээд дараагийн хурлын зарыг хуралдаан даргалагч зарласан нь ч хууль зөрчсөн.

-Яагаад?

-Үндсэн хуульд анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч товлон зарлана, бусад чуулганыг Их хурлын дарга товлон зарлана гэж заасан байдаг. З.Энхболд даргыг анхдугаар чуулганаар баталсан. Тэгэхээр Д.Дэмбэрэл гишүүнд анхдугаар чуулганыг завсарлуулаад, дахин товлох эрх мэдэл байхгүй. Тиймээс Д.Дэмбэрэл гуай хууль зөрчсөн. Өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан учраас энэ талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж өгөхөөр бэлтгэж байна

-МАН бас цэцэд гомдол гаргана гэсэн?

- Их хурлын даргыг сонгосон чуулган хууль зөрчөөгүй. Төрийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах ёстой, гэтэл манай намын бүлэгтэй зөвшилцсөнгүй, ирж асуултад хариулсангүй гэж хэлээд байгаа. Гэтэл тухайн бүлэг нь байгуулагдаагүй. Их хурал дахь намын бүлэг байгуулагдсан тухайгаа Их хурлын даргад мэдүүлснээр бүлгийн эрх хэрэгжиж эхэлдэг. Тэгэхээр нэгдүгээрт, МАН-ын бүлэг гэж албан ёсоор байгуулагдаагүй байгаа. МАН-аас албан ёсоор УИХ-д сонгогдсон ги¬шүүд байгаа ч тэд бүлэгтэй бо¬лоогүй гэсэн үг. Тэгэхээр МАН алхам тутамдаа хууль зөрчиж байна.

-Ардын намынхан зарим нь “Их хурлын даргыг сонгосон чуулган хууль бус гэж үзэж байгаа учраас бид бүлэг байгуулах тухайгаа өргөн мэдүүлэхгүй” гэж гишүүд нь тайлбарлаж байна. Хуульд Их хурлын дарга сонгогдсоноос хойш 24 цагийн дотор намын бүлгүүд албан ёсоор бүлэг байгуулагдсаныг өргөн мэдүүлэх ёстой гэж заасан. Гэтэл З.Энхболд дарга тамгаа хүлээж авснаас хойш 24 цаг өнгөрчихсөн?
УИХ-ын даргыг сонгосноос 24 цагийн дотор бүлгээ байгуулах ёстой.

Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл бүлгээ байгуулсан гэдгээ өргөн мэдүүлсэн гэсэн. Хэрэв энэ 24 цаг дотор амжиж бүлгээ байгуулахгүй бол МАН-ын гишүүд сул гишүүд болно доо.

-Тэдний Үндсэн хуулийн цэцэд хандсан нь хамаарахгүй гэсэн үг үү?

-Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. Хэн нэг хурал даргалагч эрх мэдлээ хэтрүүлж “Манай нам хурлаа хийж байгаа учраас өнөөдөр чуулган хуралдуулахгүй” гэж болохгүй. Тэгээд ч анхдугаар чуулганы товыг Ерөнхийлөгч хуулийн дагуу зарласан байсан.

-Ардын намынхан анхдугаар чуулган зарласантай давхцуулан бага хурлаа хийсэн нь намын ажлаа төрийн ажлын өмнө тавьж байгаагийн илрэл гэж шүүмжлэх, дургүйцэх хүн олон байна

-Төрийн ажлыг намын ажлынхаа өмнө тавих нь аль ч намын үүрэг. Төр, улс орны эрх ашгийн ард намын юм уу бүлгийн эрх ашиг байх ёстой. Гэтэл бүлгийн эрх ашгийг нийт ард түмний эрх ашгийн өмнө тавьж байгаа буруу. Ардчилсан нам амралтын өдрүүдэд хурлаа явуулж байгаа. Цаашид улс төрийн намууд ч гэсэн үүнд анхаарах хэрэгтэй. Аливаа зүйлд эрэмбэ байх ёстой. Нийт улс орны эрх ашиг гэж бий. УИХ-ын гишүүд бид тангараг өргөдөг. Тэр тангараг бол ард түмэн, улс орны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ баталгаажуулж байгаа хэрэг. Тиймээс нийт улс орны эрх ашгийг хамгаалахын тулд л энд ажиллаж байгаа. Тэгэхээр манай нам дээр ирж асуултад хариулсангүй, бидний сонирхолд нийцүүлсэнгүй гэх мэт МАН-ын үйлдлийг дагаад байх юм бол бид өөрсдөө хууль зөрчсөн болчихно. Үндсэн хуулийн дагуу төрийн ажил тасралтгүй явагдах ёстойг МАН ойлгохгүй байна.

-Цаашдаа Ардын намынхан бүх зүйлийг иймэрхүү байдлаар гацаагаад байх юм биш биз?

-Аливаа зүйлд эрэмбэ байх тухай би түрүүнд хэлсэн. Тэгэхээр эрх биш улс орны эрх ашгийг дээдлэх ёстойгоо МАН-ын гишүүд ойлгож байгаа болов уу.
Төрийн ажил бол хувийн компани биш. Ард түмний нэрийн өмнөөс ажиллах гэж сонгогд¬чи¬хоод бид хэн нэг хүмүүсийн хувийн шалтгаан, намын шаардлагаар хууль зөрчиж болохгүй.

-Цэцэд хандах тухайгаа жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-Дээр ярьсанаар Д.Дэмбэрэл гуай хууль зөрчсөн гэсэн үндэс¬лэлүүдээр би Үндсэн хуулийн цэцэд өнөөдөр /өчигдөр/өргөдөл өгч байна.

-Цэц асуудлыг хэзээ шийдвэрлэх бол?

-Цэцийн маргаан шийдвэрлэх дүрэм журам гэж байгаа. Түүгээрээ шийдэх байх.

-Та өмнө нь Их хурлыг гаднаас нь харж, дүгнэдэг, хатуухан үгсийг ч хэлдэг байсан. Харин чуулганы танхимд ороод ажиллахад ямар байх юм бэ?


-Ажил хийе гэхээр гацаасан, хуралдааныг хойшлуулсан байдалтай л ажил эхэлж байна. Бидний урд хийх ажил, ард түмэнд ч хүлээлт их бий. Тийм учраас хууль номын дагуу шуурхай ажиллахыг хүсч байна. Аль нэг намынхаа ч юм уу хэсэг бүлгийнхээ явцуу шаардлагаас болж улс орны ажлыг уях эрх бидэнд байхгүй.