Аргаа барахдаа л хаалга таглаж сууна
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай 2013 оны төсвийн төслийн талаар болон улстөрд үүссэн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн шаардлагын хариуг ирэх баасан гарагт авна гэсэн. Энэ хугацаанд МАН ямар арга хэмжээ авах гэж байгаа бол. Эсвэл хүлээхээр төлөвлөсөн үү?
-Хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрлээ гэдгийг зөвхөн МАН-ын гишүүд ч бус ард түмэн бүгд хэлж байна. Тиймээс энэ тэмцэл үргэлжлээд л явах болов уу. МАН-ынхан төрийн ажлыг саатууллаа гэж яриад байгаа. Гэтэл бид сонгуулийн асуудлаас бусад ажилд оролцоход чөлөөтэй, нээлттэй, дэмжлэг үзүүлж оролцоно гэдгээ илэрхийлсэн.
Харамсалтай нь УИХ-ын дарга энэ маргаантай асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцэнэ гээд оруулаад ирж байгаа юм. Бидний зүгээс үүнийгээ түр хойш нь татчих гэхээр “Үгүй. Танайх төрийн ажил гацаалаа” гэсэн байр суурь илэрхийлээд байна. Манай намын зүгээс Монголд шударга ёсыг тогтоохын төлөө л чуулганы хаалга дарж суусан.
Олонхыг бүрдүүлж байгаа хүмүүсийн дунд ч “иргэдийн сонголт л хамгийн чухал нь” гэж ярьж байгаа нь бий. Парламентын гишүүд дунд өмнө нь ярьж байснаа, маргааш нь өөрчилж эсрэгээр ажиллах нь хэвийн үзэгдэл болсон. Үүнийг би огт ойлгохгүй байгаа.
-Тухайлбал, хэн ямар асуудлыг тэгж буурь суурьгүй ярьж байна?
-Жишээлбэл, “Та нар АН-ынхныг мэднэ биз дээ. Асуудалд ингэж л ханддаг” гэж ярьснаа, маргааш нь “МАН-ынхан болиоч ээ, ажил хийлгэхгүй юм” гээд ярьж байна. Яг нэр заах шаардлагагүй. Тэд ч өөрсдийгөө мэдэж байгаа биз. Гэхдээ УИХ-ын гишүүн хүнийг төр түшилц гэж ард түмэн итгэл үзүүлсэн байхад хэлж, ярьж буйгаа бодох хэрэгтэй шүү дээ.
-Танай намыхан шударга ёсыг тогтоох гэж байгаа юм бол чуулганы танхимын хаалгыг дарж суугааг чинь юу гэж ойлгох вэ. Хууль зөрчиж байгаа юм биш үү?
-МАН-ын бүлгийг Үндсэн хуулийн дагуу байгуулсан бол бид АН-ын жишгээр завсарлага аваад, үйл ажиллагаанд нь оролцоод явах байсан.
Урьд нь АН-ынхан байнга завсарлага авч, төрийн ажлыг гацаалаа гэдэг байсан. Үүнийг нь таслан зогсоож, гацааг арилгахын тулд МАН-ынхан тодорхой хэмжээнд, тэдний тавьсан шаардлагад буулт хийн, бодлогодоо тусгасан тохиолдол зөндөө бий. Гэтэл энэ парламентад ийм асуудал огт алга. Бид аргаа барахдаа л хаалга хааж, сандал тавин сууж байна. Өөр ямар ч гарц байхгүй. Хууль зөрчсөн эсэх асуудал ярих юм бол энэ Засгийн газраас эхлээд л маш их зүйл бий. Төсвийн тодотгол батлуулахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хууль зэргийг зөрчсөн.
-Тухайн үед нь хэлж байсан бол эхнээсээ л хуулиа зөрчихгүй байж дээ?
-Манай намыг “Байнга хууль зөрчлөө гэж гонгинолоо” гээд байсан болохоор нь дуугүй болсон. Мэдээж тэднийг нэгэнт хариуцлага үүрээд явж байгаа юм чинь хүлээцтэй хандахаар шийдсэн. Гэтэл дараа нь 2013 оны төсвийн төсөл гэж хачин юм оруулсан. Зураг төсөл, төлөвлөгөөгүй. Хөрөнгө оруулалтын мастерын ажлууд байсан. Төлөвлөсөн ажил нь тодорхойгүй, хэдэн арван тэрбум төгрөг хуваарилахаар байна. Монгол Улсын ганц, хоёрхон сумыг хөгжүүлэх юм гэнэ.
Түүндээ нэгэнд нь л 15 тэрбумыг төсөвлөчихсөн. Өнөөг хүртэл аль ч аймгийн ИТХ-аар 15 тэрбум төгрөг хэлэлцэж үзээгүй л байхгүй юу.
Энэ нь одоо шинэчлэл үү. Их хэмжээний мөнгө тусгуулахаар болсон сумын Засаг дарга нар бөөн баяр болчихсон л байгаа биз. Бусад нь гомдолтой л суугаа.
Энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг тухайн сум дааж авах боломж байна уу, үгүй юу. Мөн иргэдийн халааснаас бүрдүүлсэн татварын мөнгийг ганцхан суманд байршуулна гэдэг утгагүй асуудал гэдгийг бодож, тунгаах хэрэгтэй.
-Таныг өмнө нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга байх хугацаанд 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан уу?
-Манай аймгийн хэмжээнд жилд 7-9 тэрбумын хөрөнгө оруулалт хийдэг. Улс, орон нутаг нийлээд шүү дээ. Орон нутаг бол арайхийж хоёр тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг.
-МАН-ын гишүүд төсвийн төслийг задаргаа хийгээгүйд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэхдээ Ерөнхий сайд “хугацаа алдана” гэх утгатай зүйл ярьсан. Хугацаа хэмнэх, задаргаа хийх хоёрын аль нь чухал вэ?
-Би Ерөнхий сайдыг ойлгохгүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын төсвийн ерөнхийлөн захирагч байдаг. Гэтэл УИХ-ын чуулганы үеэр “Энэ төсөв надад хамаагүй. Би хамгаалахгүй” гээд сууж байх юм. Засгийн газар санаачилж, оруулж ирж байхад тэргүүн нь тийм болчимгүй үг хэлж болохгүй. Төсвийн задаргаа гэдэг чинь үндсэндээ нэр төрлөөр нь, зардлын зүйл ангиар нь батлахыг хэлдэг. Гэтэл Ерөнхий сайд дээр тавигдаад байгаа 100 гаруй тэрбум төгрөгийг задлахад ямар л хугацаа оров гэж дээ. Тэр байтугай хэдэн их наядаар нь задаргаа хийж болоод л байна. Тэгж байхад хугацаа шаардагдана гэж байгаа бол ард түмнийг доромжилсон хэрэг.
-Төсвийн зарлагын хяналтын хорооны дэд даргын хувьд олон эсэргүүцэлтэй тулгарч байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ хороонд л гэхэд манай намаас нэг ч хүн байхгүй. Төсвийн зарлагын хяналтын дэд хороо олонхоор шийдвэрээ гаргана гэсэн тохиолдолд байнга л дэмжсэн шийдвэр гарна шүү дээ. Гэхдээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороо гэдгээ маш сайн ойлгох ёстой.
Тухайлбал, Аудитын газар нь “Энэ төсөв маш сайн болсон байна” гэсэн дүгнэлт хийж өгч байгаа юм. Гэтэл түүнд нь нэг ажлыг жагсаалтдаа хоёр тавьчихсан байх жишээтэй. Эсвэл өөр сайд дээр тавиад давхардуулчихсан. Аудитын газар чухам юугаа хянаж сайн гэж байгаа юм бэ.
-Чухам юуг тэгж давхардуулсан байв?
-Хүүхдийн “Шонхор” зусланд тавьсан мөнгийг сайдынх нь багц дээр хоёр биччихсэн байна лээ. Батлан хамгаалахын сайд дээр барилга байгууламжтай холбоотой нэр нь давхардаж орсон зургаан тэрбум төгрөг бий. Энэ мэтчилэн нийтдээ 54 тэрбум төгрөгийн ажлыг давхардуулчихсан байсан. Ямар ч хариуцлагагүй төсөв оруулж ирчихээд, буцаая гэхээр үгүй, боломжгүй, хугацаа алга гэх зэргээр тайлбарлаж байна. Боломж, хугацаа гэдэг асуудлаар Монгол Улсын хуулийг зөрчөөд байвал хэцүү биз дээ.
Багш нарын тэтгэвэр, тэтгэмж, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зэргийг хугацаанаас өмнө хүчингүй болгож оруулж ирсэн. Бид энэ талаар иргэдэд тодорхой хэмжээний мэдээлэл өгсөн. Тэгсэн Засгийн газар хуулийн төслөө буцаагаад татчихаж байгаа юм. Дахиад өөр хуулийн төсөл оруулж ирэхдээ дээрх хуулийн төслүүдтэй холбоотой 19-20 тэрбум төгрөг төсвийн орлого талдаа “сох” дутаж байгаа. Үүнийгээ хэрхэн, ямар нөхцлөөр бүрдүүлэх, орлого, зардал нь мэдэгдэхгүй байх жишээтэй.
-Төсвийн давхардсан зүйлүүдийг хасах зэргээр задаргаа хийвэл боловсролын салбарынханд олгох тэтгэмж гараад ирэх юм биш биз дээ?
-Хангалттай гарч ирнэ. Боловсролын салбарын бүх багш тэтгэвэртээ гарах гэж байгаа юм биш шүү дээ. Ерөнхий сайд 150 тэрбум, Сангийн сайд нь 50 орчим тэрбум, БШУ-ы сайд нь 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж яриад байгаа. Монголын бүх багш тэтгэвэртээ гарахгүй учраас 30 тэрбум хангалттай хүрнэ. Хамаг л залуу насаа бусдын хүүхдийн боловсролын төлөө зориулсан хүн тэтгэвэртээ гарахдаа ядаж 36 сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэмж аваад хувьдаа зориулаг л дээ. Энэ хуулийг хэрэгжүүлвэл багш нар ч үйл ажиллагаагаа урам зоригтойгоор явуулна.