Хятад улс шинэ хот барихын тулд 700 уулыг газартай тэгшилнэ
Сэтгэлийн хүчээр уулыг хөдөлгөнө гэж ярьдаг бол Хятадад мөнгөөр уулыг хөдөлгөдөг ажээ. Цагаан хэрэм, Гурван хоолой усан цахилгаан станц зэрэг түүхэн байгууламж босгож заншсан Хятадын эрх баригчид бас нэг аварга төсөл рүү ханцуй шамлан ороод байна. Цөлөрхөг бүс нутаг зонхилсон Ганьсу мужийн Ланжоу орчимд шинэ хот барихын тулд 700 орчим уулыг газартай тэгшлэхээр шийджээ. 130 мянган га талбай эзлэх энэхүү хотыг China Pacific Construction Group босгох бөгөөд Ланжоугаас 76 км-ийн зайтай өндөр уулсын нуруугдэлбэлэн газартай тэгшлэхийн тулд 2.7 тэрбум евро зарцуулахаар болсон байна.
Бээжингийн эрх баригчид олон жил бэлдсэний эцэст энэхүү аварга төслийг енгөрсөн наймдугаар сард баталж, аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлжээ. Нийтдээ 8.7 тэрбум еврогийн өртгөөр босох шинэ хот нь Хятадын хөгжлийн тав дахь төрийн бүс нутаг болох юм. Үүний өмнө Шанхай дахь Хуанпу хотын нөгөө эрэг дээр Пудонг, Танжинд Бинхай хотыг барьж байгуулах төсөл хэрэгжиж байна. Бинхай нь Манхеттэний нэг хуулбар болох юм. Ганьсуд босох шинэ хот нь мужийн эдийн засгийг шинэ түвшинд гаргана хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Агаарын бохирдол болон ган гачигт ихээхэн нэрвэгдсэн Ганьсу мужид дээрх төслийг эсэргүүцэх хүн цөөнгүй
Шар мөрний эрэгт орших 3.6 сая оршин суугчтай Ланжоу хот нь нар арайхийн харагддаг бүрсгэр саарал тэнгэртэй Хятадын олон хотын нэг аж. Төмөрлөг, бордоо, оёдлын үйлдвэрүүдээс нь гарч буй утааны улмаас энэ хот Хятадын хамгийн бохирдсон хотоор шалгарсныт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн жил онцолж байв. Агаарын бохирдол болон ган гачигт ихээхэн нэрвэгдсэн Ганьсу мужид дээрх төслийг эсэргүүцэх хүн цөөнгүй байна.
Ус муутай, цөлөрхөг газар хот байгуулж буйг зарим мэргэжилтэн шүүмжилж байгаа юм. Гэвч төслийг хэрэгжүүлж буй компани “Ланжоугийн ойр хавийн нутаг бол ус бараг байхгүй, цөлөрхөг нь үнэн. Гэвч бид голын усыг салаалуулж, нутгийг усжуулан ой бий болгоно. Ингэснээр шинэ хотын бүх юм нь сайн, сайхан байх болно" хэмээн China Pacific Construction Group-ийн төлөөлөгч Анжи Вон ярилаа.
Нанжинд төвтэй энэхүү корпорацын эзэн нь "Хятадын Дональд Трамп" хэмээн алдаршсан 52 настай бизнесмэн Ян Жэхе юм. Тэрээр хэдэн тэрбумын хөрөнгө цуглуулж чадсан тэргүүн баячуудын нэг ажээ. "Их үсрэлт"-ийн өлсгөлөнгийн үед мэндэлсэн Ян Жэхе арван хүүхэдтэй айлын бага нь юм. Тэрээр 1995 онд хувийн компаниа байгуулахаас өмнө сургуульд багшилж, мөн цементийн үйлдвэрт ажиллаж байжээ. Ян Жэхе дампуурсан улсын үйлдвэрүүдийг сэргээн босгохдоо гаршсан нэгэн аж. 2006 онд мань эр Хятадын баячуудын жагсаалтад хоёрт бичигдэж байв. Ян Жэхе тэнгэр баганадсан орчин үеийн байшин барилга, сэтгэл татам цэцэрлэгт хүрээлэн, хамгийн шиддэг нисэх буудал, томоохон цэнгэлдэх, баигаль экологид ээлтэй томоохон үйлдвэртэй хотыг бий болгоно хэмээн амлаж байна. 700 уулын буурин дээр баригдах шинэ хот нь Хятадын хөгжил, сүр хүчийг илтгэх жишиг хот байх ажээ.