Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эх сурвалжаа мэдээлнэ
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Р.Бурмаа
2012.12.13

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эх сурвалжаа мэдээлнэ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмааг “Ярилцах танхим”-даа урьж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулж буй шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Монгол Улсын Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу өмнө нь сонгогчийн саналыг гар аргаар тоолдог байсан. Энэ удаа УИХ болон Орон нутгийн хурлын сонгууль шиг автомат машинаар тооллого явуулах уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хуульд иргэдийн саналыг гар аргаар тоолж, сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хорооны гишүүд гэрээр очин тулган гараар бичдэг байсан. Нэрийн жагсаалтыг гараар үйлдэх явцдаа жагсаалтад орох ёсгүй хүмүүсийг оруулж, орох ёстой хүмүүсийг хассан гэх будилаан гардаг байлаа.

Үүнээс үүдэн нэрийн жагсаалтад хяналт тавих, хэн гаргах вэ гэдэг нь тодорхойгүй, хариуцах эзэнгүй болчихдог байсан учраас Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуульд сонгогчийн нэрийн жагсаалт тусдаа байна, сонгогчийн нэрийн жагсаалт дээр иргэн хүн 18 нас хүрмэгц ордог. Мөн жаг­саалтыг хянах, шалгах, үйлдэх үйл ажиллагааг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцахаар тусгасан. Тэгэхээр энэ байгууллагын хүмүүс цахим үнэмлэхээр санал авдаг бол­но. Тиймээс тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид санал авах бай­ранд ажиллан цахим үнэмлэхээр иргэний мэдээллийг шалгаж, том дэлгэцээр тухайн сонгогчийн зургийг харан хянах боломжтой ажиллаж байгаа. Өнгөрсөн сонгууль ийм өндөр хяналт дор явагдсан. Орон нутгийн хурлын сонгуулиар ашигласан иргэдийн нэрийн жагсаалтыг үйлдэх, хянах, хүргүүлэх, ажиллагааг Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулах шаардлагатай байгаа юм. Өргөн барьсан хуулийн төсөлд энэ шинэчлэлийг тусгасан.

-Нэр бүхий гишүүдийн өр­гөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөр ямар шинэчлэлтийг оруулж байна вэ?

-Санал тоолох машинаар сон­гогчийн саналыг тоолохоор тус­гасан нь маш чухал. Ер нь гар аргаар тоолоход өмнө нь будилаан их ордог байсан шүү дээ. Санал тоолох төхөөрөмжийг санал хураалт дууссаны дараа сугалаа хийн тухайн тойрогт хоёр, хоёр санал авах машиныг сонгон гар аргаар тоолон тулгахаар байгаа юм. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиар бол тойрог бүрт хоёр, хоёр, хэсэгт сонгогчийн саналыг гараар тоолоход ямар нэгэн зөрүү гараагүй. Ингэхдээ урьдчилаад хоёр машиныг сонгоод гараар тоолоогүй. Харин санаандгүй байдлаар сугалан саналыг тоолоход яг таарч байгаа юм. Тиймээс энэ заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгах нь зүйтэй гэж үзсэн. Мөн дараагийн шинэчилж буй зүйл бол бүх нийтийн зарчмыг хэрэгжүүлж байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө бүх нийтийг хамрах учиртай. Иймээс гадаадад амьдарч буй иргэдийг сонгуульд оролцуулах эрхийг нь хангаж байна. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналаа өгөхөд хүндрэлтэй байдаг. Энэ утгаараа тэргэнцэртэй иргэд санал авах байранд ирж саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэх талаар тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх тусгай бүхээг хэсгийн хороонд нэгээс доошгүй байна. Харааны бэрхшээлтэй иргэд саналын хуудсаа уншиж чадахгүй тохиолдолд саналын хуудасны гадуур барелль үсгэн хавтасыг өгөх юм.

Тухайн хавтасыг саналын хуудасны гадуур хийн мэдэрч байгаад саналаа өгөх боломжоор нь хангана. Барелль үсэг бүхий хавтасыг санал авах бүх байранд байрлуулахаар байгаа. Тэгэхээр харааны бэрхшээлтэй иргэд хэн нэгнээс хамааралгүйгээр саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэхээр хуу­лийн төсөлд тусгалаа. Бичиг үсэг мэдэхгүй болон хүнээс асуухаасаа ичээд санал өгч чадахгүй байдалд байгаа хүмүүст зориулан саналын хуудас дээр нэр дэвшигчийн фото зургийг тавихаар байгаа. Зургийг нь хараад хэнийг сонгохоо шийдэх юм. Энэ бол бусад хуульд байхгүй нэмэлт өөрчлөлтүүд юм.

"Санал тоолох төхөөрөмжийг санал хураалт дууссаны дараа сугалаа хийн тухайн тойрогт хоёр, хоёр санал авах машиныг сонгон гар аргаар тоолон тулгахаар байгаа юм"

-Сонгуулийн сурталчилгааны хугацааг хэрхэн тусгаж өгсөн бэ?

-Сонгуулийн зар сурталчилгаан дээр нэлээд зохицуулалтыг нэмж өгсөн. Хэвлэл мэдээллийн байгууллагууд нэр дэвшигчийн штабаас ирсэн мэдээллийг гаргахдаа заавал эх сурвалжийг нь бичнэ. Одоо бол сурталчилгааны материалыг “төлбөртэй нийтлэв” гээд л биччихдэг. Чухам хэн мөнгө төлснийг нь мэддэггүй байсан бол хуульд өөрчлөлт оруулснаар тухайлбал Ардын намын нэр дэвшигчийн штаб гээд бичих юм. Ингэхээр тухайн сурталчилгааныхаа агуулгыг нэр дэвшигчийн штаб хариуцахаар байгаа.

Хэрэв хаяггүй байгаад нэр дэвшигчийг гүтгэсэн, доромжилсон, нэр төрд халдсан мэдээллийг нийтэлбэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө хариуцна. Мөн телевизийн цаг, адил тэгш боломжийг хангахуйц байх гэсэн хуулийн шаардлагыг тавихыг хуулийн төсөлд тодорхой заачихсан. Хэвлэл мэдээллийн байгууллага өмнөх сонгуулиар хэн нэг нэр дэвшигчийн нэр төрд халдчих­даг, тэр нь эргээд сонгогчийн сонголтод нөлөөлөх хэмжээний сөрөг сурталчилгаа болдог тохиолдол байсан шүү дээ. Энэ байдлыг зогсоохын тулд бид хариуцлагыг өндөржүүлж байгаа. Мөн сонгуулийн сурталчилгааны хугацааг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасантай адил.

-Хариуцлагын тухайд?

-Хэрэв мөнгө төлөөд нэр, хаяг тавихгүйгээр сөрөг сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гар­гавал өндөр хариуцлага ног­дуулна. Харин хяналтыг шударга өрсөлдөөнийг зохицуулдаг болон тусгай зөвшөөрөл олгодог байгууллагууд тавих юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд ажиглагчийн статусыг тодорхой болгосон. Ажиглагчид сонгуулийн үеэр бичлэг хийн баримтжуулах, үр дүнгийн талаар мэдээллэх гээд нарийн эрхүүдийг тусгасан юм. Мөн хөндлөнгийн хяналтыг оруулж өгч байгаа. Ажиглагчид намын нэрийн өмнөөс сонгуулийн үйл ажиллагааг ажигладаг.

Харин одоо сонгогчийн нэрийн өмнөөс хяналт тавих эрхийг төрийн бус байгууллагуудад өгнө.

Ийнхүү сонгогчийн нэрийн өмнөөс хяналт тавьж байгааг нь хуулийн төсөлд тусгасан бас нэг чухал заалт. Сонгуулийн хэсгийн болон сум, дүүрэг, аймаг, нийслэлийн хорооны ажил үүргийн хуваарь маш тодорхой байгаа. Өмнөх сонгуулиар сонгогчийн өгсөн санал өөрчлөгдөх тохиолдол гардаг байлаа. Харин үүнийг өөрчлөхийн тулд эрх, үүргийг тодорхой болгож, хэрэв ажлаа хийхгүй бол сонгуулийн хорооноос тухайн хүнийг ажлаас нь чөлөөлөн дараагийн хүнийг томилох байдлаар ажиллана.

-Сонгуулийн үеэр гарсан мар­гааныг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Маргаан гарсан тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо гурван хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Энэ хугацаанд шийдэж чадахгүй бол шүүхээр асуудлыг шийднэ. Сонгуулийн тойргийн хороо болон шүүх асуудлыг шийдвэрлэхгүй гацаадаг байдлыг өөрчлөх шаардлага байгаа учир хуулийн төсөлд тусгаж өгсөн юм. Мөн дахин санал хураалт, дахин сонгуулийг ямар үед явуулах нь өмнөх хуулийн төсөлд дутмаг байсан. Өргөн барьсан хуулийн төсөлд тодорхой зааж өгсөн байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах төдий бус бүрэн шинэчлэгдэж байна.

-Орон нутгийн сонгуулиар тойрог, хэсгийн хороодод ажиллаж буй хүмүүс саналаа өгөхөд хүндрэлтэй байдал үүссэн. Үүнийг хуулийн төсөлд хэрхэн зохицуулсан бэ?

-Сонгуулийн хороонд ажиллаж байгаа хүмүүс шилжүүлгээ хийнэ. Тэднийг 10-аас доошгүй хоногийн өмнө шилжүүлгээ хийж болно гэж буй. Тухайн хүн 40 хоногийн өмнө тойрог, хэсгийн хороонд ажиллахаар томилогдсон бол ажиллах газраа түр шилжүүлэг хийлгэх юм. Мөн оюутан, цэргийнхэн гээд хөдөлгөөн ихтэй байдаг хүмүүсийг санал өгөх нөхцөлөөр нь хангана.

-Сонгуулийг хэзээ явуулахаар тусгасан бэ?

-Сонгуулийг зургаадугаар сарын сүүлийн хагаст аль нэг ажлын өдөр явуулна гэж байгаа. Аль нэг ажлын өдрийг амралтын өдөр болгоно. Тэр өдөр сонгууль өгөх гэдэг ажлаа хийх учраас үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээг явуулах зэрэг иргэдийн ирцэд нөлөөлж болзошгүй зүйлийг хориглож байгаа юм.

-УИХ, Орон нутгийн сонгуулийг шинэ хуулийн төслөөр явуулсан. Гэтэл орон нутгийн сонгуулийн үеэр ирц хүрээгүй шалтгаанаар дахин санал хураалаа. Ирцийг бүрдүүлэх байдлыг хэрхэн хангах вэ?

-Өмнө нь 2008 онд ирц хүрээгүй гээд нийслэл даяараа дахин сонгууль явуулж байсан шүү дээ. Харин одоо ирц хүрээгүй хэсэг дээр л дахин сонгууль явуулна гэж байгаа. Гэхдээ Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд 180 хоногоос дээш тухайн орон нутагтаа амьдарч буй сонгогч саналаа өгнө гэж тусгасан. Тэднийг нэрийн жагсаалтаас хасах учиртай. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаадад амьдарч байгаа иргэдийнхээ саналыг урьдчилж авна. Мөн хорих газар амьдарч буй хүмүүсийн саналыг авахаар байгаа юм. Гэхдээ тэдгээр хүмүүсийг “түр хасав” тэмдэглэгээг хийнэ. Сонгуулийн өдөр гадаадад амьдарч байгаа иргэд эх орондоо ирж болно шүү дээ. Ийм тохиолдолд “түр хасав” гэсэн тэмдэглэгээг арилгаж, саналаа өгөх нөхцөлөөр хангах юм. Түүнээс гадна шилжилт хөдөлгөөнийг 10 хоногоор хаана.

-Иргэд саналаа өгөхдөө буруу тэмдэглэгээ хийсэн бол дахин нэг саналын хуудас авах эрх хуулийн төсөлд хэвээрээ байгаа юу?

-Энэ заалт өнгөрсөн сонгуулиудтай адил буюу дахин нэг саналын хуудас авч болно.

-Дахин санал хураалт, сон­гуу­лийг ямар тохиолдолд явуулах вэ?

-Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхүйц зөрчил гарсан тохиолдолд тухайн хэсэг дээр дахин санал хураалт явуулна. Аль, аль нь олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулдаг. Дахин сонгууль бол өөр. Дахин санал хураалтаар хоёр нь үлдээд, тэдний аль нь ч олонхийн санал авч чадаагүй байвал дахин сонгуульд явуулдаг.

-Ярилцсанд баярлалаа.